Эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлж эхлэхдээ хүмүүсийн гаргадаг таван алдаа
Буруу замаас ухарцгаая
Өнөө үед булчин нь ярайж, наранд борлосон цээж, цагаан шүд, өөдрөг үзэлтэй байх нь амжилтанд хүрсний шинж болжээ. Хэдэн арван кг жин хасах нь маш том шагнал хожсонтой адил болсон байна. Карл Лагерфельд "Дэглэм бол ялсан мөртлөө алддаг цорын ганц тоглоом юм" гэж хэлж байсан юм. Тэгэхдээ тэр яг юуг алдаж байгаа талаар хэлээгүй ч, заримдаа бидний авсан зүйлс овоо их мөнгөн дүнтэй тэнцсэн байдаг. Ихэнх хүмүүст "турсан" гэх илүү сонирхолтой шинэ мэргэжил нь, өмнөх "стрессдүүлж" өөхөн давхарга үүсгэдэг байсан муухай ажлаас нь хамаагүй сонирхолтой санагддаг болсон. Тэгвэл одоо тэд дэлхий даяар "хөнгөхөн" аялж, хаа сайгүй зөвлөгөө өгч, бүр зохиолч болж, харин чөлөөт цагаараа пүүз, фитнесс хоол сурталчлах болжээ.
Ямар ч хяналтгүй болсон, хувийн туршлага дээр тулгуурласан эрүүл амьдралын хэв маягийн ухуулгын үйл явцад "мутант" үзэл бодлууд бий болов. Тэд дундаж ганц, хоёр кг илүүдэл жинтэй хүний тархийг жинхэнэ "угааж" байгаа. Уг асуудлын учирыг олоход маш удаан хугацааг зарцуулна. Жишээ нь элсэн чихэр-муу, элсэн чихэр орлуулагч-сайн, нүүрс ус- дайсан, уураг-найз гэх мэт олон суртал бий. Дашрамд дурдахад нүүрс ус дайсны тоонд саяхнаас л орсон юм шүү. Хэрэв өмнө нь бүхий л муу муухай зүйлд өөх тосыг буруутгадаг моод байсан бол одоо түүнийг өршөөж, бүр жин хасахад тусалдаг гэж өргөмжлөөд байна.
Мэдээж гаднаас нь харахад гэмгүй нэг бүтээгдэхүүн дотроо транс өөх тос, цардуул, буурцгаар дүүрэн байж, жинхэнэ Тройчуудын морь болон хувирах аюултай. Хамгийн сонирхолтой нь хүний бие организм үүнийг шингээж чадна. Тэгэхдээ харин сэтгэл зүйд л жинхэнэ дарамт учрах болно. Бүр 1970-аад онд АНУ-ын эрдэмтэн Стивен Брэтман "Orthorexia nervosa" хэмээх нэр томьёо бодож олсон байдаг. Энэ нь эрүүл, зөв хооллох туйлширсан хүслээс үүдсэн сэтгэл мэдрэлийн өвчин юм. Одоо ихэнх хүмүүст энэ "оношийг" албан ёсоор тавих хараахан болоогүй ч шинж тэмдэгүүд нь бага багаар илэрсээр л байна. Үүнийг зогсоох цорын ганц арга бол мэдлэг юм.
Бие организмд ямар үйл явц явагддаг вэ гэдгийг ухаарснаар бид анхнаасаа л зөв шийдвэр гаргах болно. Ингээд бид эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлж эхэлж байгаа хүмүүсийн хамгийн түгээмэл алдаануудыг дэлгэж байна.
Хэт улайрч калорио тоолох
Instagram хуудас хоолны зургуудын илчлэгийг тэр дор нь автоматаар тооцоолон гаргадаг үйлдэл шинээр танилцуулахыг тэсэн ядан хүлээж байна. Бид үүнийг өөрсдөө тооцоолж байх үедээ ухаалаг утсанд зориулсан үргэлж нарийн заадаггүй зарим нэг аппуудын жинхэнэ "барьцааны" хүн болж хувирдаг. Бид өөрийн мэдэлгүй үүнд донтож эхэлж байна. Бид рестораны гал тогоонд тахианы цээж махыг хэрхэн бэлтгэснийг , зах дээр зарагддаг хатаасан жимсийг сиропонд дүрдэг эсэхийг, тослоггүй тарганд яг үнэндээ хэр их хэмжээний тослог агуулагддаг болохыг мөн яагаад хоёр долоо хоногийн өмнө худалдаж авсан бүхэл үрийн талх одоо хүртэл муудаагүй байгаа талаар ямар ч ойлголтгүй.
Ийм нөхцөл байдалд зөвхөн ухаалаг утасны програмаар тооцоолж гаргасан тоонд сохроор итгэх нь тэнэг хэрэг. Мэдээж хэрэг өөрийн хоол хүнснээс авч буй илчлэгийн талаар ойлголттой байх хэрэгтэй. Тэгвэл үүний тулд энгийн, байгалийн гаралтай хүнс сонгож, дээрээс нь нэмээд гэртээ хоол хийж идэж, тухайн хүнсний бүтээгдэхүүний төрлөөр нь илчлэгийг нь мэдэж байх нь зүйтэй. Бүх хүнсний калорийг цээжээр мэдэж эсвэл тусгай програмд ямар нэг тодорхой бүтээгдэхүүнийг оруулж илчлэгийг нь тооцоолох нь утгагүй. Хүнсний ногоо, жимс, үр тариа, өөх тостой мах, хар мах, талх, нарийн боов зэрэг хүнснүүд төрөл дотроо ойролцоо орц найрлагатай байдаг. Энэ мэдлэг нь илүү зүйл идэж, параной өвчтэй болохгүй байхад хангалттай. Амттан гэх мэт арай нарийн зүйлүүдийг ч энэхүү ангилалд хамааруулж болно. Жишээлбэл, 100 гр бялуунд ("Наполеон", "Медовик", "Прага", аль нь ч байж болно) дунджаар 450 калори оршиж байдаг. Үүний ихэнх хувийг өөх тос эзэлнэ. Уураг энд зүгээр л бэлгэдлийн чанартай орсон байгаа.
Ямар ч шалтгаангүй тодорхой нэг бүтээгдэхүүнээс татгалзах
Ихэвчлэн хоол хүнсний "хар жагсаалтанд" элсэн чихэр ба цавуулаг агуулдаг хүнс орсон байдаг. Ашиг орлого олох гэсэн үйлдвэрлэгчид энэ трендийг улам бүр дэмжиж, өөрсдийн бүтээгдэхүүний савлагаан дээр тод томруунаар "элсэн чихэргүй", "цавуулаггүй" гэж бичиж сануулдаг. Нөгөө талаараа цагаан хоолтнуудын дунд "сейтан" хэмээх зоог дэлгэрч байгаа. Үүнийг улаан буудайн уургаар хийдэг ба мах оролдог гэж үздэг тул цагаан хоолтнууд хоол хүнснээсээ хасахыг хүсдэггүй.
"Цавуулаг шингээж чаддаггүй байдал ер нь хүмүүст ихэвчлэн удамшиж ирдэг. Тэгэхдээ жирийн хүмүүс ч цавуулагтай хүнснээс хэсэг хугацаанд завсарлага авах нь тэдний бие махбод цэвэрших үйл явцыг сайжруулна. Гол нь өөрийнхөө бие организмыг сайн сонсох хэрэгтэй. Хэрэв таны биед цавуулаг нөлөөлөхгүй байвал, заавал хязгаарлах шаардлага байна уу?" гэж хоолны мэргэжилтэн, эмч Ирина Дуговская ярьж байна. Дашрамд хэлэхэд гурил өөрөө их эргэлзээ төрүүлдэг хүнс юм. Эрүүл хооллолтын хуурамч хөдөлгөөнийг дэмжигчдийн дунд бүр инээд хүрэм нөхцөл байдал үүсдэг. Тухайлбал, улаан буудайн гурилыг төмсний, эрдэнэ шишийн эсвэл цагаан будааны цардуулаар сольдог байна. Үнэн хэрэгтээ хүн дээд гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь илүүдэл жингийн гол шалтгаан биш юм. Харин хэмжээг нь тааруулж хэрэглэх нь хамгийн чухал билээ.
Элсэн чихрийг хиймэл орлуулагчаар солих
"Элсэн чихэр, глюкоз нь эрүүл хүний эсийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны бие организмд шаардлагатай гэсэн үг юм. Глюкоз авахгүй бол биеийн хүчний ба оюун ухааны ачаалал авч чадахгүй" гэж Ирина хэллээ. Хүмүүс бага илчлэг авахын тулд байгалийн гаралтай глюкозыг, хиймэл амт оруулагчаар сольж хэрэглэдэг.
Хэрэв үнэхээр амттан идэхийг хүсвэл, бие махбодио хуурснаас оронд нь дасгал хийснийхээ дараа өөрийгөө баярлуулж болно. Гэхдээ хэрэв та хиймэл элсэн чихэр орлуулагч сонгох гэж байгаа бол тэдний зарим нэгийг ямар ч тохиолдолд халааж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Уурагны нунтагаар (Protein powder) хийсэн нарийн боовонд дуртай хүмүүс ч үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь ихэнх уурагны нунтагт аспартам (элсэн чихэр орлуулагч) орсон байдаг. Ер нь глюкозыг фруктозоор сольсон ч нэмэргүй. Яагаад гэвэл энэхүү элементийг бие организм огт өөр аргаар шингээдэг бөгөөд энэ төрлийн чихэр нь глюкозоос илүү өөх болон хувирах магадлалтай. Энэхүү асуудал бол мэдээж чихрийн шижин өвчингүй хүмүүст хамаатай.
Өөх шатаадаг ба уурагтай "bar"-уудыг байнга идэх
"Protein bar" буюу уургын агууламж ихтэй амттангууд жирийн нэг шоколаднаас ямар ялгаатай вэ? Үнэндээ уургийн хэмжээгээрээ л ялгаатай. Магадгүй ийм төрлийн амттанд өөх тос, нүүрс ус арай бага хэмжээгээр орсон байж болох л юм. Тэгэхдээ энэ бол нөгөө л амттан бөгөөд хүссэн хэмжээгээрээ идэн өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолыг орлож болдог гэмгүй, эрүүл мэндэд тустай зүйл биш юм. Овьёосны гурил, дал модны тос, хатаасан жимс, L-карнитинээр хийсэн амттан өөх шатааж чадах уу? Мэдээж үгүй. Хоол хүнс ер нь өөх шатаана гэж байхгүй. Харин энерги, эрч хүч өгөх үүрэгтэй. Хэрэв хоол хүнсээр авсан энерги, хөдөлгөөнөөр зарцуулагдсан энергитэй тэнцэж байвал жин өөрчлөгдөхгүй. Мөн авсан энерги нь зарцуулснаасаа бага байвал жин хасагдана. Хэрэв авсан энерги нь зарцуулснаасаа их бол жин нэмэгдэнэ. L-карнитин бол ямар нэг ид шидтэй хүнсний нэмэлт биш, харин зүгээр л тосны хүчлийн солилцоог л түргэсгэдэг бодис юм. Мөн үүний тулд дээрээс нь спортоор хичээллэх хэрэгтэй.
Юу ч болж байсан бэлтгэлдээ явах
Урам зориг өгөх зорилготой Instagram-ын зургууд сул дорой байдлыг тэвчдэггүй. Тухайлбал, "Сүүлийн хүчээ шавхагдтал дасгал хий", "Спорт заал явмааргүй байна уу? Босоод яв, залхуу минь" гэх мэт "урам" хайрласан зургууд олон бий. Тэсвэр хатуужилтай байна гэдэг мэдээж сайн хэрэг. Гэхдээ өөрийн бие махбодын өгч буй дохиог сонсож сурах нь хамгийн чухал юм. Заримдаа бэлтгэл хийх хүсэл цаанаасаа л төрдөггүй. Ихэнх хүмүүс энэ тохиолдолд сэтгэлийн тэнхээ гаргаж спорт заал руу явдаг. Гэхдээ хэт их дасгал хийх нь үнэхээр муу. Дасгал хийснээр бие организмд өгч байгаа ачаалалд хүний бие махбод дасан зохицож амжихгүй байх үйл явцыг "дасгалаа хэтрүүлэх" гэж нэрлэдэг. Нойргүйдэл, дасгал хийх сонирхол буурах зэрэг шинж тэмдгүүдийг анхаарахгүй өнгөрөөж болохгүй.
Өөрийгөө хэт их дасгал хийгээд байгааг нэгэн энгийн аргаар мэдэж болно. Босоо, хэвтээ ба суугаа гэсэн гурван байрлалд орж өөрийн судасны цохилтыг хэмжих хэрэгтэй. Биеийн байрлалыг өөрчлөх нь бие махбодод тодорхой хэмжээний ачаалал өгч байгаа бөгөөд байрлалаа солиход хэр их хүч шаардагдаж байгаа, хэр хурдан дасан зохицож байгаа нь таныг хэр их стресстэй байгааг харуулна. Хэрэв танд энэ гурван байрлалд ороход хүндрэлтэй бөгөөд илүү удаан хугацаа зарцуулж байвал та бэлтгэл хийхэд бэлэн биш байгаагийн шинж юм. Хэрэв бүр үнэхээр дасгал хийхийг хүсвэл, удаан хэмнэлтэй, 30-60 минут үргэлжлэх аеробик дасгалуудыг хийж болно.
Тэгэхээр эцэст нь дүгнэж, сайн тунгаах юм бол эрүүл амьдралын хэв маяг гэдэг ойлголтонд л хамаг учир нь оршиж байгаа. Энэ бол ямар нэгэн үр дүн биш харин бүх л амьдралын турш үргэлжлэх, таатай, тав тухтай, танд өдөр бүр аз жаргал авчрах үйл явц билээ. Хэрэв та хөнгөн, тааламжтай байдлыг мэдрэхээ больж, уур уцаартай болоод ирвэл таны амьдралын хэв маяг эрүүл байхаа больсон гэсэн үг юм.