Хайх

Холын зайны харилцааг хэрхэн хадгалж үлдэх вэ? Мэргэжилтнүүдийн өгсөн 10 зөвлөгөө

Холын зайны харилцааг хэрхэн хадгалж үлдэх вэ? Мэргэжилтнүүдийн өгсөн 10 зөвлөгөө

Text: Бюро 24/7


Өндөр үзүүлэлт бүхий дүрс бичлэгтэй дуудлага хийж, хормын зуур зурвас илгээж, тоолшгүй олон аппын ачаар хоорондоо мэдээлэл солилцдог болсон орчин үед холын зайны харилцааг хадгалж үлдэх нь урьд өмнөхөөсөө хэт дахин хялбар болсон мэт санагдаж болзошгүй. Гэтэл яг ийм харилцаанд байгаа хүмүүс дунд судалгаа явуулахад технологийн дэвшил бүх асуудлыг шийдэж чадаагүй нь батлагдаж, хосууд бие махбодын хувьд ойр байх боломжгүйн улмаас үргэлж тодорхой асуудлуудтай нүүр тулгарсаар байх нь илэрдэг билээ.

Сонирхолтой нь энэхүү судалгааны үр дүн нь хосын харилцааны чанартай ямар ч холбоогүй бөгөөд цуг болон хол байдаг хосуудын харилцааны чанар хоорондоо бараг л ялгардаггүй гэнэ. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд хол байгаа хосууд илүү гүнзгий түвшинд ойлголцож чадсанаар бүр ч бат бөх харилцаа тогтоож чадсан байдаг тул холын зайны харилцаандаа бууж өгөхөөс өмнө, эсвэл ийм төрлийн харилцаанд орохоос эмээж байгаа бол мэргэжилтнүүдийн өгсөн доорх 10 зөвлөгөөг дагаад үзээрэй. Бид философийн ухааны доктор, клиникийн сэтгэл судлаач, зохиолч ба Georgetown Их сургуулийн профессор Андреа Бониор болон Smart Dating Academy-гийн үүсгэн байгуулагч Бела Ганди нарын шилдэг зөвлөгөөнүүдийг нэгтгэн бэлтгэлээ.

Цагийн хуваариа ухаалгаар төлөвлө

Ажил, сургуулийн хуваарь өөр, амьдарч байгаа газруудын цагийн бүс өөр, орой орондоо ордог цаг нь ч өөр гээд цагийн хуваарийн зөрүү хамгийн нийцэл сайтай хосуудын харилцаанд ч эмх замбараагүй байдлыг үүсгэж мэднэ. Ихэвчлэн хосууд өөрсдийн мэдэлгүй харилцаагаа тодорхой цагийн хуваарьт оруулсан байдаг бөгөөд тэрхүү хуваар нь үнэн хэрэгтээ аль нэгнийх нь, эсвэл бүр хоёулангийнх нь хувьд тохиромжгүй байдаг. Тиймээс та өдрийн аль үед хамгийн өөдрөг, тайван, сайхан ааштай байдаг вэ? Хэзээ нь цаг хугацаанд баригдалгүй гүнзгий яриа өрнүүлэх боломжтой вэ? Хос тань хүссэн үедээ гэнэтийн зурвас илгээх талаар та юу гэж боддог вэ? Өдөр бүр өөр цагийн хуваариар хоорондоо харьцах уу, эсвэл нэг тогтсон хуваарь гарган удаан хугацаанд баримтлах уу? Эдгээр асуултуудыг дор бүрнээ эргэцүүлж хэн, хэндээ тохиромжтой байх, шилдэг шийдлийг олоорой. Заасан дүрэм, тогтсон загвар гэж байхгүй тул хоёр талууд ижил хэмжээнд сэтгэл ханамжтай байх нь л чухал. Хэн нэгэн нь илүү их хичээл зүтгэл гарган, буулт хийдэг бүтэц тогтох үед тухайн хүний дургүйцэл цугларснаар нэг л өдөр тэсрэх магадлалтай юм.

Нөхцөл байдал үргэлжлэх хугацааг тогтоо

Ерөнхийдөө олон судалгааны үр дүнгээр хосууд холын зайны харилцааг ердөө түр зуурын л саад тотгор гэж харан ойрын ирээдүйд хамт байхаа мэдэж байгаа тохиолдолд илүү сэтгэл ханамж өндөр, стресс багатай байдаг нь тогтоогдсон байдаг. Гэхдээ зарим үед хосын нэг нь аль болох хурдан хамт байхаар яаран арга зам хайж байх зуур нөгөөх нь холын зайнаас харилцаагаа үргэлжлүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг. Өөрөөр хэлбэл хоёр хүний харилцаандаа зориулж буй хичээл зүтгэл өөр түвшинд байх үед энэ нь бага, багаар зөрчилдөөн үүсгэж эхэлдэг. Тиймээс хостойгоо ярилцан энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх тал дээр тодорхой хугацаа тогтоож, ирээдүйд нэг газар хамт байхдаа ямар төлөвлөгөөний дагуу харилцаагаа үргэлжлүүлэхээ шийдээрэй.

Холын зайны харилцааг хэрхэн хадгалж үлдэх вэ? Мэргэжилтнүүдийн өгсөн 10 зөвлөгөө (фото 1)

Зөвхөн техник, технологид найдаж болохгүй

Холын зайны харилцаанд байгаа ихэнх хосууд Facetime-аар ярих, мессеж бичих зэрэг ухаалаг төхөөрөмжийн тусламжтай харилцахаас өөр байдлаар хоорондоо холбоо тогтоохоо больсон байдаг. Гэтэл хайртай хүнийг тань санагдуулах дурсгалын зүйлийг биедээ авч явах, түүний үнэр шингэсэн хувцсыг хадгалах, та хоёрын хайрыг илтгэх бэлгэдлийг гэртээ ил байршуулах зэрэг ойр байгаа мэт мэдрэмжийг өгөх, гарт баригдаж, тэмтрэгдэх эд зүйлс бидний сэтгэл санаанд хичнээн чухал нөлөө үзүүлдгийг бүү мартаарай. Тэгэхээр бие биедээ шуудангаар ил захидал илгээх, дуртай амттаныг нь ажил дээр нь хүргүүлэх, хоорондоо үе үе бэлэг солилцож байхыг зөвлөж байна.

Чанартай харилцан яриа өрнүүлэх дээр төвлөр

Ойр байдаг хосуудтай харьцуулбал холын зайд байгаа хосууд "Хогоо гаргасан уу?", "Бид өнгөрсөн долоо хоногт солонгос хоол идсэн шүү дээ, би одоо хятад хоол идмээр байна" зэрэг өдөр тутмын логистикийн асуудалд илүү үг зарцуулах шаардлагагүй байдаг учир энэ давуу талаа ашиглан илүү гүнзгий, чанартай харилцан яриа үүсгэх боломжтой байдаг. Дээр дурдсан хуваарийн дагуу өдрийн хамгийн ярилцахад тохиромжтой үедээ сэтгэл зүрхэнд байгаа бүхнээ илэн далангүй хуваалцаж, дотно холбоо үүсгээд аваарай.

Холын зайны харилцааг хэрхэн хадгалж үлдэх вэ? Мэргэжилтнүүдийн өгсөн 10 зөвлөгөө (фото 2)

Гэхдээ өдөр тутмын "уйтгартай" деталиудыг орхигдуулж болохгүй

Дээрх зөвлөгөөний дагуу чанартай харилцан яриа өрнүүлэх гэсэн зорилгодоо автан өдөр тутмын жижиг деталиудыг орхигдуулахаас сэрэмжлээрэй. Хэрэв та хосыгоо өдрийн турш хэнтэй үдийн цайгаа ууж, оройн зоогтоо ямар хоол хийж, завтай үедээ ямар подкаст сонсож, ажил дээр нь хэн дургүйг нь хүргэж, яг одоо ямар дуу хамгийн ихээр сонсож байгааг мэдэхгүй бол ингэсээр аажмаар бие, биенээсээ хөндийрөх нь гарцаагүй. Хэн, хэнийх нь өдөр тутмын амьдралд ямар хүмүүс байдаг, ажил нь хэрхэн өрнөдөг, хобби сонирхол нь хэрхэн өөрчлөгдөж байгаа зэрэг нь "уйтгартай" байж болох ч маш чухал деталиуд юм шүү.

Биечлэн уулзахдаа хэт их, завгүй төлөвлөгөө гаргахаас зайлсхий

Холын зайд байдаг хосууд биечлэн уулзах боломж гарах бүрт нэг ч хормыг алдаж болохгүй мэт мэдэрдэг. Гэхдээ энэ нь хоёр талтай зүйл юм. Нэг талаас хосууд хамт өнгөрүүлсэн хором мөч бүрийг үнэлдэг нь сайн хэрэг боловч, нөгөө талаас нэг ч хормыг дэмий зүйлд үрэхгүй гэсэндээ хамт байх хугацаагаа хэт завгүй төлөвлөж, үүнээсээ болж стрессдэх тохиолдол гардаг. Бат бөх, дотно харилцаа бүтээхэд зөвхөн том гэлтгүй жижиг мөчүүд ч чухал байдгийг бүү мартаарай. Тэгэхээр хамтдаа буйдан дээр тухлан кино үзэхээс эхлээд хамгийн амттай хоолны эрэлд гаран хотын гудамжаар зугаалах зэрэг хамт өнгөрүүлсэн мөч бүхэн дурсамж бий болгох тул зарим өдрүүдийг тайван, зарим өдрүүдийг завгүй байдлаар тэнцвэржүүлэн төлөвлөөрэй.

Өөрийн амьдралаа хойш нь тавьж болохгүй

Мэдээж хэрэг холын зайны харилцаанд байна гэдэг маш их золиос шаардана. Гэхдээ шаардлагатайгаас илүү золиос гаргахгүй байх тал дээр анхаарч, болгоомжтой байх нь чухал. Найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх, өөрийн сонирхол, хоббиг хөөх, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх гэсэн амьдралын чухал зүйлс хосын харилцаанаас үл хамааран үргэлжилж байх учиртай юм. Холын ч тэр, ойрын ч тэр харилцаанд бие даасан байдлаа хадгалан үлдэж, өөрийн амьдралыг бүрэн дүүрэн амьдрах гэж хичээх нь зүйтэй шүү.

Холын зайны харилцааг хэрхэн хадгалж үлдэх вэ? Мэргэжилтнүүдийн өгсөн 10 зөвлөгөө (фото 3)

Үйлдэл болон үг, хэллэгийнхээ хандлагыг ажигла

Холын зайны харилцааны нэг том сул тал нь хосууд "бие холдохоор сэтгэл холдоно" гэдэгчлэн хууралт, мэхлэлт гарах вий хэмээн санаа зовнидог. Ойр байгаа хосуудтай харьцуулбал хол байгаа хосууд үүнд илүү их санаа зовних нь хэвийн үзэгдэл ч энэ бодолдоо хэт автан хайртай нэгэндээ ор үндэсгүй хартай зан гаргахаас сэргийлээрэй. Хэрвээ холбогдмоор байгаа бол холбогд. Түүнийхээ хоолойг сонсмоор байгаа бол залга. Мессеж бичмээр байгаа бол бич. Гэхдээ битгий мөрдөн байцаагч мэт авирлаарай. Хос тань таны хандлагыг шууд анзааран уур амьсгал таагүй болно. Хэн, хэнээ бүхэл өдрийн турш юу хийснийг баттай мэдэх ямар ч боломжгүйгээс хойш зүгээр л итгэхээр шийдэн тайван байх нь танд ч, харилцаанд ч эерэгээр нөлөөлнө.

Олон нийтийн сүлжээг ашиглахдаа тодорхой дүрэм, хязгаар тогтоо

Мэдээж олон нийтийн сүлжээнд хийх үйлдэл бүрээ хосоосоо асууж, зөвшөөрөл авах шаардлагагүй ч гэлээ ямар үйлдэл огт хийж болохгүй талаар хоорондоо ярилцаж, тодорхой нэг зөвшилцөлд хүрснээр цаашид бие биетэйгээ ойлголцоход хялбар байх болно.

Эцэст нь бие биедээ мөн харилцаандаа итгэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх