Хайх

Тэжээвэр нохойтой болохоос өмнө анхаарах 10 зүйл

Тэжээвэр нохойтой болохоос өмнө анхаарах 10 зүйл

Text: Buro.Mongolia


Нохой бол яг л хүүхэд өсгөхтэй адил их хариуцлагатай ажил. Тэд маш их асаргаа болон анхаарал шаарддаг. Хэрэв та нохойтой болох талаар бодож байгаа бол эхлээд бидний хүргэх энэхүү мэдээлэлтэй танилцана уу.

1. Тэд тантай маш олон жилийн турш хамт байна

Нохойн дундаж наслалт ойролцоогоор 13 жил байдаг тул та үсэрхэг найзын хамт олон он жилүүдийг өнгөрөөхөд бэлэн гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Мөн тэднийг бага хугацааны дотор өхөөрдөм гөлөгнөөс дэггүй бөгөөд маш эрч хүчтэй амьтад болно гэдгийг санаж яваарай.

Тэжээвэр нохойтой болохоос өмнө анхаарах 10 зүйл (фото 1)

2. Үүлдрийг нь маш сайн судлах хэрэгтэй

Сэтгэл хөдлөлдөө автан бодлогогүйгээр анх таарсан нохойгоо сонгох нь буруу шийдвэр юм. Та өөрийн амьдралын хэв маяг болон орчин тойрондоо тохирох үүлдрийн найз сонгох нь чухал билээ. Тодруулбал, гэр тань хэр орон зайтай, хотод аль эсвэл хотоос гадна амьдардаг, мөн жаахан хүүхэдтэй эсэх зэргийг харгалзан үзээрэй. 

3. Тэд цаг заваас тань хомслоно

Нялх хүүхэдтэй болсонтой адил нохойны хэрэгцээ таны хэрэгцээнээс ч их байх магадлалтай. Иймээс та анх төсөөлж байснаасаа илүү их цаг хугацаа болон эрч хүчийг зориулах шаардлагатай болно. Жишээ нь та гэнэтийн шийдвэр гарган найзуудтайгаа аялалд явж чадахгүй. Мөн таныг эзгүйд нохойг тань хэн хооллох, гадаа гаргах зэрэг чухал зүйлсийг эртнээс төлөвлөх хэрэгтэй.

Тэжээвэр нохойтой болохоос өмнө анхаарах 10 зүйл (фото 2)

4. Тэд зардал ихтэй

Нохой худалдаж авахад үнэтэй тусахаас гадна цаашдын асаргаа нь ч бас их зардалтай байдаг. Тэд тогтмол малын эмчид үзүүлж, хяналтад байх хэрэгтэй бөгөөд тусгай хоол, ор, тоглоомууд зэрэг олон хэрэгсэл шаардана. Нийт зардал нь нохойны үүлдэр, хэмжээ, эрүүл мэндээс хамаарч их эсвэл бага байдаг.

5. Эрүүл мэндийг нь анхаарах хэрэгтэй

Нохойтой болсноор түүний эрүүл мэнд, аз жаргалаас илүү чухал зүйл байхгүй болох тул мэргэжлийн малын эмчийг эртнээс судлаарай. Гэнэтийн таагүй зүйл тохиолдох эрсдэл нохойнуудад их байдаг. Тэд бидэнтэй адил өвдөж, хавддаг тул хэд хэдэн үндсэн вакцин хийлгэх шаардлагатай гэдгийг санаарай.

6. Дасгал хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй

Нохой маш их эрч хүчтэй байдаг тул түүнийг өдөр болгон гадуур салхилуулж, хамтдаа тоглоом тоглох хэрэгтэй байдаг. Зарим үүлдрийн нохойнуудад бусадтай харьцуулахад илүү их дасгал хөдөлгөөн шаардагддаг байна. Тиймээс та мэргэжлийн сургуулилт хийдэг багш нараас зөвлөгөө авахад илүүдэхгүй.

Тэжээвэр нохойтой болохоос өмнө анхаарах 10 зүйл (фото 3)

7. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй

Таны хүүхэд хөөрхөн гөлөгтэй болохыг мөрөөдөж байна уу? Бага насны хүүхдүүдтэй таарамжгүй харьцдаг ноход их байдаг тул хүүхдийг эхлээд олон төрлийн үүлдрийн нохойнуудтай танилцуулсны дараа сонголтоо хийх нь зайлшгүй чухал юм. Бяцхан үрсийн аюулгүй байдал үргэлж нэгт байх хэрэгтэй.

8. Гэрээ нохойдоо тааруулан тохижуулах хэрэг гарна

Нохойтой болсноор таны гэр хэзээ ч өмнөх шигээ хэвийн байхгүй. Үнэтэй цайтай зүйлсээ хамгаалж үлдэхийн тулд аль болох нохой тань хүрэхгүй газар нуусан нь дээр. Мөн хортой бодис болон шингэн зүйлсийг түүний олж чадахгүй газар хийсэн гэдгээ байнга шалгах хэрэгтэй юм шүү.

9. Нохойгоо сургах хэрэгтэй

Муу зуршлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд нохойгоо сургахад хүч хөдөлмөр их зарцуулагдана. Балчир гөлөг байхаас нь сургаж эхлэхийг мэргэжилтнүүд зөвлөсөн билээ. Тусгай сургалтад хамрагдаж болохоос гадна орчин үед цахим ертөнцөд нохойг зөв сургах талаар мэдээллүүд хангалттай байдаг.

10. Гэр бүлийн гишүүн тань болно

Нохойтой болохоор шийдсэн бол тэр таны гэр бүлийн шинэ гишүүн болно гэдгийг санаарай. Яг л гэр бүл шигээ харьцаж, хандаж, хайрлаж, энхрийлэх хэрэгтэй бөгөөд үүний хариуд тэр таныг буцаагаад арав дахин илүү хайрлана.

Тэжээвэр нохойтой болохоос өмнө анхаарах 10 зүйл (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх