2022 оны хамгийн чинээлэг хүмүүс тодорлоо
Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг тэрбумтнуудын жагсаалтыг Илон Маск тэргүүллээ
Энэ жил дайн болон цар тахал дэлхийн тэрбумтнуудад хүнд цохилт болж байна. Forbes сэтгүүлд 2021 онд дэлхий даяар нийт $13.1 их наядын хөрөнгөтэй 2,755 тэрбумтан бүртгэгдэж байсан бол 2022 онд энэ тоо буурч нийт $12.7 их наядын хөрөнгөтэй 2,668 тэрбумтан бүртгэгдсэн нь 2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн том уналт гэж тэмдэглэжээ. Мэдээж энэ уналт Орост тавьсан хориг арга хэмжээ болоод рублийн ханшийн уналт зэрэгтэй салшгүй холбоотой.
Гэсэн ч Forbes сэтгүүл өмнө жилээс илүү хөрөнгөтэй болсон 1000 гаруй хүн болон шинээр 236 тэрбумтныг бүртгэн авсан байна. Тэр дунд Барбадос, Эстони, Уругвай, Болгар улсуудаас анхны тэрбумтнууд бүртгэгджээ.
Энэ жилийн тэрбумтнуудын жагсаалтыг $219 тэрбумын хөрөнгөөр Илон Маск тэргүүлсэн бол удаах байранд $171 тэрбумын хөрөнгөөр Жефф Безос орсон байна. Харин 735 тэрбумтан амьдардаг АНУ хамгийн их тэрбумтантай улсаар нэрлэгдсэн бол Хятад 607 тэрбумтантайгаар хоёрдугаар байранд жагсжээ.