Анжелина Жоли шинэ дүрд тоглохын тулд гаднах төрхөө эрс өөрчилжээ
Шаргал үс ба XIX зууны хувцаслалт
Анжелина Жоли шинэ кинонд тоглох бүртээ тухайн дүрд өөрийгөө бүрэн зориулж, огт өөр хүн болж хувирдаг чадварлаг жүжигчин. Саяхан түүний тоглосон "Maleficent" киноны хоёрдугаар ангийн зураг авалт өндөрлөсөн бол, хэдхэн долоо хоногийн өмнө жүжигчин бүсгүй "Come Away" нэртэй цоо шинэ төслийн зураг авалтад оролцож эхэлжээ. Өчигдөр цахим ертөнцөд тус киноны зураг авалтын талбай дээрх гэрэл зургууд цацагдсан бөгөөд эдгээр зургуудад Анжелина Жоли XIX зууны үеийн хувцас өмсөж, шаргал өнгийн хиймэл үс зүүж, дүр төрхөө эрс шинэчилсэн нь харагдлаа.
Оскарын шагналт найруулагч Бренда Чепмений бүтээж байгаа "Come Away" нэртэй уран зөгнөлт, утга уянгын кинонд "Алиса гайхамшгийн оронд" ба "Питер Пен" үлгэрүүдээс өмнө болсон үйл явдал гарах юм. Алиса гайхамшгийн оронд очихоос өмнө, мөн Питер хүү Пен болж хувирахаас өмнө тэд ах дүү байсан хэмээн энэхүү кинонд өгүүлэх юм. Харин Анжелина Жоли тэдний ээжийн дүрийг бүтээж байгаа аж.
Мөн Анжелина Жолигоос гадна тус киноны жүжигчдийн багт Дэвид Ойелоуо, Майкл Кейн зэрэг алдартай уран бүтээлчид багтжээ. "Come Away" киноны нээлтийн тов тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд энэхүү бүтээлийг 2019 оны эцэс эсвэл 2020 оны эхээр дэлгэцнээ гарна гэж таамаглаж байна.