Грета Тунберг Time сэтгүүлийн "Оны онцлох хүн"-ээр тодорлоо
Дэлхийн уур амьсгалын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж чадсаныхаа төлөө
Time сэтгүүл 2019 оны "Оны онцлох хүн"-ээр Шведийн сурагч, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, 16 настай Грета Тунбергийг нэрлэлээ. Түүний зураг Time сэтгүүлийн нүүрэнд "Залуусын хүч" гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн байна.
Грета Тунбергээс гадна Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Нью-Йорк хотын хуучин захирагч Рудольф Жулиани, Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн, хөлбөмбөгчин Меган Рапино, сенатор Нэнси Пелоси, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ба АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп нар энэхүү өргөмжлөлд нэр дэвшсэн байна.
"Энэ жил дэлхийн уур амьсгалын хямрал хөшигний араас тайзан дээр гарч, анхаарлын төвд орж ирэн, зүгээр ч нэг улс төрийн шуугиан бус дэлхийн нийтийн хэлэлцэх асуудал боллоо. Ийм үр дүнд хүрэхэд Грета Тунберг шиг их зүйл хийсэн хүн үгүй" гэж Time бичжээ. Мөн тус сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелсенталь "Нөлөө бүхий хүмүүсийн оролцоогүй чухал өөрчлөлтүүд бараг л гардаггүй. 2019 онд тэр хүн нь Грета Тунберг боллоо. Энэ шалтгаанаар тэр 'Оны онцлох хүн'-ээр нэрлэгдлээ" гэж бичсэн байна.