Кайли Женнер Snapchat-ыг 1,5 тэрбум ам.долларын алдагдалд орууллаа
Ердөө л ганц “жиргээгээр”
Косметик брэндийн үүсгэн байгуулагч Кайли Женнер Кардашьян-Женнер гэр бүлийн хамгийн отгон гишүүн хэдий ч, нийгэмд асар их нөлөөтэй болохоо дахин нэг удаа батлаад авлаа. Тодруулбал өчигдөр Кайли Женнер өөрийн 24,5 сая дагагчтай Twitter хуудастаа "Snapchat-ыг нээж үзэхээ больсон өөр хүн байна уу? Эсвэл зөвхөн би ганцаараа л юм болов уу... Үнэхээр харамсалтай юм" гэж жиргэжээ. Тэгвэл түүний энэхүү үйлдэл Snapchat аппын хувьцааг бараг найман хувиар буурахад хүргэсэн байна.
Reuters агентлаг Snapchat аппын хувьцаа ийнхүү эрс буурснаар зах зээлийн үнэлгээ нь 1,5 тэрбум долларын алдагдалд орно гэж тооцоолжээ.
Харин Кайли Женнер хэсэг хугацааны дараа өөрийн хийсэн үйлдлээ залруулахаар "Гэхдээ Snap-д одоо хүртэл хайртай шүү... Миний анхны хайр" гэж бичсэн байна. Гэхдээ түүний энэхүү "жиргээ" хожимдсон бололтой.
still love you tho snap ... my first love
— Kylie Jenner (@KylieJenner) February 21, 2018