Хүүхдийн баярыг зугаатай өнгөрүүлэх санаанууд
Хэрхэн зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ
Зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгний өдөр тохиодог Хүүхдийн баярыг та болон таны үр хүүхдүүд хэрхэн өнгөрүүлэх гэж байна вэ? Бид уншигчиддаа зориулж цагийг зугаатай, үр бүтээлтэй, мөн хамгийн гол нь эрүүл байдлаар өнгөрүүлж болох зургаан санааг дэвшүүлж байна. Эдгээр санаанууд нь эцэг, эх болон хүүхдийн хоорондын харилцааг бэхжүүлж, хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлөх болно
Байгальтай ууссан өдөр
Өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийнхээ хамт ойрхон салхинд гаран, цэвэр агаар амьсгалаарай. Ингэснээр таны хүүхдүүд болон та өөрөө бие организмд шаардлагатай дасгал хөдөлгөөнийг хийж, байгальтай уусан толгойгоо цэнэглэх болно. Агаарын бохирдолтой орчноос хэсэг хугацаанд ч болов уу холдон цагийг идэвхтэй өнгөрүүлэх нь хүч чадал сэргээж, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх юм шүү. Жижиг хэмжээний аялалд гарахдаа хүүхдүүдийнхээ идэх дуртай зуушийг бэлдэн, нисдэг таваг ба бөмбөг гэх зэрэг агаарт тоглож болох эд зүйлс авч яваарай.
Хамтдаа хүүхдийн баярт зориулсан тусгай амттан хийх
Хүүхдээсээ ямар амттан идэхийг хүсэж буйг асууж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Эцсийн үр дүн нь биш, харин амттан хийх процесс нь хүүхдүүдэд тань баяр баясгалан авчирна. Гэхдээ ингэхдээ аль болох эрүүл жороор амттай зүйл хийхийг бид зөвлөж байна. Бидний өмнө нийтэлж байсан "Сонгодог амттануудыг орлох таван арга" нийтлэлээс эрүүл смүүти, хатаасан жимстэй бөмбөлөг, гадил жимсний мөхөөлдөс, самартай бялуу гэх зэрэг шилдэг жоруудыг сонирхоорой.
Хамтдаа мод тарих
Мод тарьж, дараагаар нь тэрхүү зулзаган модоо арчлах нь цаг уурын таагүй нөхцөл байдалтай тэмцэх хамгийн хялбар арга юм. Мөн амьд биетийг арчлах нь хүүхдэд бусдад халамжтай, анхааралтай, хүндлэлтэй хандах ухааныг суулгах болно. Байгаль орчныг хайрлахад туслах, хүн ба байгалийн хоорондын холбоог мэдрүүлэх энэхүү үйл ажиллагаа нь хүүхдэд гарцаагүй таалагдана.
Үлгэрийн баатрын дүрд хувиран бүхэл өдрийг өнгөрүүлэх
Хүүхдийн эрхийг хамгаалах энэхүү өдөр хүүхдүүддээ инээд хөөр, баяр баясгалан бэлэглэхийг хүсэж байгаа эцэг, эхчүүд нэг өдрийн турш өөрсдийгөө умартан, өдрийг аль болох хөгжилтэй өнгөрүүлэхийг бид санал болгож байна. Гэр бүлээрээ хүүхдүүдийнхээ хамгийн дуртай үлгэрийн баатрын дүрд хувиран, зугаатай хувцаслалт бүрдүүлж, цагийг гадуур өнгөрүүлээрэй. Мөн мэдээж хэрэг хамтдаа хөгжилтэй зургууд даруулж, хүүхдийнхээ өрөөнд өлгөх нь урт хугацаанд хадгалагдах гайхалтай дурсамж бий болгоно.
Тог тасарсан мэт жүжиглэж, гэртээ майхан барин тоглоорой
Гэрээ лаагаар чимэглэж, гар чийдэн асаан төгс уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй. Харин дараагаар нь хялбархан майхан босгож, хүүхдүүдийнхээ хамтаар үлгэр ярин суугаарай. Илүү бүтээлч сэтгэлгээ гаргахыг хүсвэл гэрээ нууцлаг агуй мэт төсөөлөн, цагийг адал явдалтай өнгөрүүлж бас болох юм.
Хамтдаа ном унших
Ном унших нь хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлж, стресс тайлж, тайвшруулж, ой тогтоолт сайжруулж, үгний баялагтай болгодог олон давуу талтай. Гэхдээ энэ бүх давуу талууд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг утас болон таблетаас ном уншихад алдагддагийг анхаарах хэрэгтэй. Тиймээс бодит ном гартаа барин хүүхдэдээ уншиж өгөх нь бүх цаг үеийн хамгийн шилдэг арга юм. Тэгэхээр өдрийн төгсгөлд заавал хүүхдийнхээ хамтаар ном уншаарай.