Хэрхэн жинхэнэ утгаараа үр бүтээлтэй ажиллах вэ?
Google-ийн мэргэжилтэн зөвлөж байна
Google компанийн удирдах албан тушаалтнуудыг сургадаг Лора Мэй Мартин "Ухамсартай бүтээмж" гэх нэртэй өөрийн гэсэн цаг төлөвлөлтийн дүрмийг боловсруулжээ. Тэрээр энэхүү үнэ цэнэтэй арга барилаасаа Quartz-д хуваалцлаа.
Үр бүтээлтэй гэх тодорхойлолтыг дахин нягталж үзэх
Ихэнх хүмүүс хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гүйцэлдүүлж чадвал цагийг үр бүтээлтэй өнгөрөөсөн хэмээн тооцдог. Гэхдээ хэрэв та өөрийн дуртай цувралаа үзэж, бүхэл өдрийн турш дэлгэц ширтэн өнгөрүүлсэн бол мөн л цаг хугацааг бүтээмжтэй өнгөрүүлсэнд тооцох хэрэгтэй гэж Лора үзэж байна. Учир нь та өөрөө үүнийг хийхийг хүссэн шүү дээ. "Ухамсартай бүтээмж" нь хийх гэж буй зүйлээ ухаарах, хийх эрмэлзэл төрөх ба зорилгоо бодитой болгох гэсэн гурван зүйлээс бүрддэг аж.
Шинэ боломжуудыг нээх
Та машинд эсвэл урт дараалалд хүлээж байх үедээ цахим шуудангаа шалгаж эсвэл олон нийтийн сүлжээнд цагийг өнгөрөөдөг байж болох юм. Гэхдээ ингэснээр та маш олон шинэ санаануудыг алддаг болохыг мэргэжилтэн онцолсон юм. Учир нь хүний тархи түр амсхийх үедээ шийдвэрлэж чадахгүй байсан асуудлуудынхаа шийдлийг (дотоод ухамсрын түвшинд) олдог гэдгийг сэтгэл судлаачид баталсан байдаг.
Өөрийн хуваарьт тохируулан уулзалтуудаа товлох. Эсрэгээрээ биш
Хүн бүрт өөрийн гэсэн өдрийн хуваарь ба бүтээмж нь дээд цэгтээ тулсан үе гэж байдаг гэдгийг Лора сануулж байна. Тэрээр энэхүү оргил үеийг тохиолдуулан өөр зүйлд сатааралгүй хамгийн чухал ажлуудаа амжуулахыг зөвлөжээ. Харин уулзалт болон дараа нь хийж болох бусад ажлуудаа өөр цагт товлохыг санал болголоо.
Ажлын бүтээмж ба хувийн амьдралын хооронд тэнцвэрийг олох
Хурдан хугацаанд хамаг тэнхээгээ барж дуусгахгүйн тулд ажил болон хувийн амьдралын хооронд тэнцвэрийг олох хэрэгтэй. Жишээ нь хэрэв тухайн хүн худалдааны салбарт ажиллаж, бүхэл өдрийн турш хүч тэнхээгээ хүмүүстэй харьцахад зориулдаг бол гэртээ ирэхэд нь түүнээс ярилцах гэж шаардах хэрэггүй. Үүний оронд түүнд хүч тэнхээгээ сэлбэх боломж олгоорой. Бас тэр сайн сонсогч байж болно шүү дээ.
Аппуудынхаа тохиргоог шалгах
Энэхүү үйлдлийг хийхэд хэдхэн минут шаардагдах ч цаг төлөвлөлтөд эрс мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Гэсэн хэдий ч хүмүүс үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь маш том алдаа болдог гэдгийг мэргэжилтэн дурдсан юм. Ямар нэгэн апп ашиглаж эхлэхээсээ өмнө тохиргоог нь шинэчлэх хэрэгтэй. Жишээ нь өөрийн хамгийн их ашигладаг аппаа өөртөө амар байдлаар, тохиромжгүй үед саад болохгүй байхаар тохиргоо хийгээрэй. Ингэснээр та маш их цаг хугацааг хэмнэж, ажилдаа төвлөрч чадах болно.