Хайх

Лос-Анжелес хотод ноцтой ойн түймэр дэгдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ

Лос-Анжелес хотод ноцтой ойн түймэр дэгдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ

Text: Э.Цовоо


Өнгөрсөн шөнө буюу орон нутгийн цагаар мягмар гаргийн 10:30 цагийн орчимд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын баруун дүүргүүдэд буюу Санта Моника, Малибу хоёрын хооронд орших Номхон далайн Палисейдст ноцтой ойн түймэр дэгдэж, яг одоогоор 150,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Ойн түймэр хэдхэн цагийн дотор хурдацтай тархаж Калифорни мужийн зургаан бүсийг хамарсан ба Палисейдс, Итон болон Сан-Фернандогийн хөндийд орших Херст дэх түймэр одоог хүртэл намжихгүй, хяналтаас гарсан төдийгүй хүчтэй салхи, маш хуурай уур амьсгал, өндөр температураас болоод түймрийг тогтоон барьж чадахгүй байгаа аж. Уг түймрийн улмаас таван хүн харамсалтайгаар амь үрэгдсэн бөгөөд энэ тоо цаашид улам өсөх магадлалтай хэмээн Гал түймэртэй тэмцэх албаны дарга Энтони Марроне мэдээлжээ. Мөн тэрээр "Лос-Анжелес хотын бүх оршин суугчид аюултай нөхцөл байдалд байна. Та бүхнийг аюулт бүсээс аль болох хол байна уу хэмээн хичээнгүйлэн гуйж байна" гэжээ. 

Түүнчлэн гамшгийн улмаас Палисейдст 2,000 гаруй, Итонд 1,000 гаруй барилга, байгууламж сүйдсэнээр Лос-Анжелесийн түүхэнд хамгийн их хохирол амссан тохиолдол болоод байна. Одоогоор гал түймэр юунаас болж үүссэнийг тогтоож чадаагүй байгаа хэдий ч тэд ирэх 24 цагийн дотор түймрийн 50%-ийг унтраахаар ажиллаж байгаа юм. Мөн Орегон, Вашингтон, Нью-Мексико, Аризона тэргүүтэй бусад мужуудаас нэмэлт тусламж илгээсээр байна.

Түүнчлэн түймэр ноцтой тархаж буй бүсэд Холливүүдийн алдартнууд нэлээдгүй оршин суудаг ба тэднээс Парис Хилтон, Мэнди Мур, Адам Броди, Лейтон Мистер, Анна Фэрис, Диана Уоррен зэрэг алдартнууд орон сууц, үл хөдлөх хөрөнгөө галд алджээ. 


ABC10

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх