Хайх

Сүйт бүсгүйн үдэшлэг зохиох 5 сонирхолтой санаа

Сүйт бүсгүйн үдэшлэг зохиох 5 сонирхолтой санаа

Найзынхаа гэрлэлтийг тэмдэглэх улиг болоогүй аргууд

Text: Buro.Mongolia


Зун бол хурим найрын албан ёсны улирал. Хэрэв энэ зун дотны найз тань хуримын ёслолоо хийх гэж байгаа бол түүнд насан туршдаа дурсах үдэшлэг зохион байгуулж өгөх нь сайн найзуудын үүрэг билээ. Мэдээж хэрэг "bachelorette party" гэдэг нь ганц бие бүсгүйн амьдралдаа "Баяртай" хэмээн хэлж буй үдэшлэг хэдий ч хэт ичгүүргүй эсвэл хэт эмэгтэйлэг үдэшлэгээс татгалзаж, шинэлэг зүйлс туршиж үзэхийг бид санал болгож байна.

Өөр улс руу аялах

Сүйт бүсгүйн үдэшлэг зохиох 5 сонирхолтой санаа (фото 1)

Хэрэв найзуудын тань төсөв болон цаг зав тохирч байвал өөр оронд очин мартагдашгүй дурсамж бүтээж болно. Гэхдээ аялалд гарахдаа хамгийн гол нь ямар нэгэн тусгай хөтөчтэй аяллын хөтөлбөрт хамрагдахаас татгалзаарай. Харин аль болох төлөвлөгөө гаргалгүй, тухайн үеийн сэтгэл санааны байдал болон нөхцөл байдалдаа тааруулан аялснаар илүү сонирхолтой дурсамж үлдэнэ. Мөн шууд нислэгтэй хотууд сонгохыг зөвлөж байна.

Покер үдэш зохиох

Сүйт бүсгүйн үдэшлэг зохиох 5 сонирхолтой санаа (фото 2)

Амьдралдаа нэг удаа ч болов найз бүсгүйчүүдтэйгээ бооцоотой тоглоом тоглон цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд заавал Лас-Вегас явах шаардлагагүй. Үүний тулд гэрээ яг л казино шиг чимэглэн, тохиромжтой хөгжим тавьж, урьж буй зочиддоо ч мөн үдшийн даашинз өмсөж ирэхийг сануулаарай. Ингэснээр тохиромжтой уур амьсгал бүрдэнэ.

Экстрим спортоор хичээллэх

Сүйт бүсгүйн үдэшлэг зохиох 5 сонирхолтой санаа (фото 3)

Эмэгтэйчүүд заавал "охидын" гэх тодотголтой зүйлс хийх ёстой гэсэн дүрэм байхгүй. Цэвэр агаарт буудлагын спорт, шүхрийн спорт, пэйнтболл гээд төрөл бүрийн экстрим спортоор хичээллэн мартагдашгүй мэдрэмж авч, эрч хүчээр цэнэглэгдэх боломжтой.

Дарсны амталгаанд хамрагдах

Сүйт бүсгүйн үдэшлэг зохиох 5 сонирхолтой санаа (фото 4)

Олон хүн шахцалдсан баар, шөнийн клуб зорихын оронд Улаанбаатар хотын ресторан болон дарсны дэлгүүрүүдийн зохион байгуулдаг сургалтад хамрагдаж эсвэл амталгаа хийж болно шүү дээ. Амтат хоол зооглон, дарсны мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ найзуудтайгаа ярилцан нэг үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Спа өдөрлөг зохиох

Сүйт бүсгүйн үдэшлэг зохиох 5 сонирхолтой санаа (фото 5)

Хүн бүр галзуу үдэшлэгт дуртай биш. Ялангуяа хуримын ёслол эхлэхэд хэдхэн өдөр үлдсэн бол эрч хүчээ гамнах хэрэгтэй. Тиймээс дотны найзуудтайгаа спа өдөрлөг зохиож, бүхэл өдрийн турш гоо сайхны салонд цагийг үр бүтээлтэй өнгөрөөж болно. Өөрсдийгөө эрхлүүлэн, гоо үзэсгэлэндээ хөрөнгө оруулалт хийх нь сайхан биш гэж үү?

цааш үзэх