Д.Пүрэвсүрэн: Амжилттай карьер бүтээхийн тулд бүхнийг зөв хослуулах хэрэгтэй
Арьсаа арчлах, эрүүл мэнддээ анхаарах, хүүхдээ хүмүүжүүлэх нууцаасаа хуваалцлаа
Жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн бол өнөө үеийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг билээ. Түүний өв тэгш царай зүс, эрүүл зөв амьдралын хэв маяг олон нийтийг байлдан дагуулж, маш олон хүнд сайн үлгэр дуурайл болдог. Бюро 24/7-гийн хамт олон түүнтэй загварын ертөнц, кино салбарын тухай болон хэрхэн амжилтанд хүрэх карьераа гэр бүлтэйгээ хослуулан авч явах тухай ярилцлаа. Д.Пүрэвсүрэн саяхнаас Япон улсын гоо сайхны шилдэг брэндүүдийн нэг болох Hada Labo-гийн Монгол дахь нүүр царайгаар ажиллаж байгаа. Тиймээс түүнийг гоо сайхандаа хэрхэн анхаарч, арьсаа хэрхэн арчилдаг тухай бид асууж, Hada Labo брэндийн бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар, хэрхэн хэрэглэх тухай тодрууллаа.
Та Mongolia's Next Top Model-ын оролцогч охидод сая хичээл орохдоо юун тухай ярьсан бэ? Ер нь тэмцээний талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?
Mongolia's Next Top Model нэвтрүүлгийг би дугаар алгасалгүй үзэж байгаа. Энэ бол модель шалгаруулах тэмцээн болохоос мисс тодруулах тэмцээн биш. Би охидод фото зураг, видео зураг юугаараа ялгаатай вэ, загвар өмсөгч хүн сурталчилж байгаа бараа, бүтээгдэхүүнийг өөрийн үг яриа, биеийн хөдөлгөөнөөр хэрхэн сайн илэрхийлэх хэрэгтэй вэ гэх зэрэг зөвлөгөө өгснөөс гадна, ер нь эмэгтэй хүн ямар байх ёстой вэ гэсэн сэдвээр ярилцлаа.
Оролцогчдыг харахад хэр хурдан хөгжиж байна вэ? Өөрчлөлт ажиглагдаж байна уу?
Ер нь анх ирж байснаа бодвол зураг авалтууд дээр тэд маш хурдан сайжирч, туршлагажиж байгаа нь харагддаг. Хамгийн сүүлд үзэхэд тэр айдас төрүүлэм амьтадтай ажилласан нь үнэхээр сайн байсан. Тэд поозоо хурдан сольж, тархи нь хурдан ажиллаж, өөрийгөө тайвшруулж сурчээ. Анх орж ирэхдээ биеэ барьж сандарч байсан нь нүдний харц, биеийн хөдөлгөөн дээр илэрч гардаг байсан бол одоо харьцангуй дадлагажиж чадсан байна.
Таны хувьд загвар өмсөгч болсноос хойш хэр хугацаа өнгөрч байж өөртөө итгэлтэй болж байсан бэ?
Би 1998 онд анх загвар өмсөгчийн дамжаанд сууж байсан. Ер нь бол 2001-2002 оны үеэс зүгширч эхэлсэн юм уу даа. Туршлага сууж, мэргэжлээ өөрөө эзэмшихэд хүнд яалт ч үгүй цаг хугацаа хэрэгтэй.
Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэлх загварын салбарын түүхийг та бүхэлд нь мэдэж байгаа. Энэ хугацаанд их юм өөрчлөгдлөө. Үүнд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл юу вэ?
Намайг анх загвар өмсөж байхад уруулаа хүрнээр хүрээлээд л тайзан дээр гарч, зургаа авахуулдаг байлаа. Нүүр будалтын сүүдэр тавьж, хамар өндөрсгөх аргын талаар тэр үед хэн ч мэддэггүй байж. Зургийг хальсаар авч, фотошоп шиг ямар ч зураг засах программ хэрэглэж байсангүй. Бүх зүйл яг ямар байгаа түүгээрээ зурганд гарч үлдсэн. Одоо бол техник хөгжиж, юм бүхэн илүү төгс төгөлдөрт ойртох гэж эрмэлзэж байна. Үүнд манай улс бүх л талаараа хөгжиж, дэлхий нийттэй нээлттэй харилцаж байгаад л хамгийн их нөлөөлсөн байх. Хүн гадаад орчноос ихийг сурч, өөрийгөө хөгжүүлж чадснаар маш олон зүйл боломжтой болсон. Одоо манай загвар өмсөгч охид эхнээсээ Европт гарч эхэллээ. Энэ бүхэн нийгмийн хөгжилтэй салшгүй холбоотой.
Саяхан таны тоглосон "Хоёр амь" кино нээлтээ хийлээ. Уран бүтээлчид ч, үзэгчид ч тэр таныг огт өөр өнцгөөс харуулсан кино болсон гэж дүгнэж байна. Та киноныхоо дүрд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
"Хоёр амь" кино маань утга уянгын чиглэлийн кино. Эцэг хүн үр хүүхдийнхээ төлөө яаж тэмцдэг юм бэ, өнөөдрийн нийгэм ямар байна вэ гэдгийг өгүүлсэн. Миний хувьд сэтгүүлч-зохиолч эмэгтэйн дүрд ажилласан. Хүмүүс энэ киног үзээд нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай гэж хүсч байна. Хүмүүс өөрсдөө үзээд илүү сайн ойлгож, өөрсдийн үнэлгээг өгөх байх аа.
Та арав орчим кинонд тоглохоос гадна тайзны долоон жүжигт дүр бүтээсэн. Хамгийн сүүлд 2008 онд "Би эр хүнд хайртай" жүжигт тоглосон юм байна. Одоо эргэж тайзан дээр эргэж гарья гэсэн бодол төрдөг үү?
Ер нь бол тийм бодол байлгүй яах вэ. Тайзны урлаг гэдэг бол хамгийн төгс. Тайзан дээр хүн гарахдаа нэг л амьд дүр бүтээдэг. Түүнийг дахин давтах, эвлүүлж найруулна гэсэн зүйл байхгүй шүү дээ. Тиймээс тайзны жүжигчид их мундаг. Хэзээ нэгэн цагт гарах байлгүй дээ.
Зөвхөн танд зориулсан дүр, жүжиг зохиоё гэвэл ямар дүр, сэдэв илүү тохирч, та илүү сонирхох вэ?
Үүн дээр ийм, тийм зүйл тохирно гэх юм байхгүй дээ. Яагаад гэвэл энэ бол найруулагчийн ажил. Гэхдээ жүжигчин хүн өөрөөсөө аль болох хол дүр дээр ажиллаж байж ур чадвар нь илүү гарах ёстой гэж боддог.
Зарим жүжигчид нэг дүрээсээ гарахгүй, кино болгонд өөрийгөө адилхнаар давтаж харуулах тохиолдол байдаг. Үүнийг үзэгчид хүлээж авахдаа орчин үеийн монгол кинонууд дуусдаггүй гэж ярьдаг. Та үүнийг хэрхэн тойрч гардаг вэ?
Зарим жүжигчид дэндүү ойрхон хугацаанд кинонд тоглоод, хүмүүст аль киноны, ямар дүрийг нь санахад хэцүү төөрөлдмөөр санагддаг байх. Хоёрт энэ бол жүжигчид нэг л "монотонны" дүрд тоглоод байгаагийнх болов уу. Гэхдээ би монгол киноны талаарх хүмүүсийн сэтгэгдлүүдийг сонсож байхад "Нэг их жүжиглээгүй" гэсэн шүүмжлэл их дуулддаг. Хүмүүс жүжигчдийн гаднах төрх нь огцом хувирах, тоглолт эрс тэрс өөр байхыг хүлээгээд байх шиг. Хэрэв тэр дүрийг илэрхийлэх гадаад биш доторх шугам нь зөв байх юм бол хүн бүрээс өөр давтагдашгүй дүр гарч чадна.
Та өөрөө өөрийнхөө менежерээр ажилладаг. Тэгэхээр таны баримталдаг зарчим юу вэ?
Би аливаа нэг газар харьяалагдаагүй болохоор чөлөөт уран бүтээлч гэсэн үг. Тиймээс өөрөө захиалгаа авна. Боломжтой юу, үгүй юу гэдгээ хэлж тохиролцоно. Тэгээд бас өөрөө гэрээгээ хийнэ. Зураг авалтандаа очихдоо өөрөө хувцсаа зохицуулж, нүүр хувиргагч, үсчин дээрээ очих зэргээр бүх юм аа ямар нэг туслахгүйгээр зохион байгуулдаг.
Миний хувьд дөнгөж сургуулиа төгсөөд, шинэхэн байгаа үе дээрээ сайн ажиллаж, карьераа хөөх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол хүн аливааг хурдан мартаж, маш амархан зэвэрдэг.
Уран бүтээлчийн чадварыг үнэлэх, сайн гэрээ байгуулах боломж манайд хэр хөгжиж байна вэ? Ер нь хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?
Энэ тал дээр харьцангүй сайн шүү. Намайг анх "Хувьсал" продакшнд ажилладаг байхад "Та нар таван жил зүгээр л ажилла. Тэгж байж өөрсдийн гэсэн туршлага хуримтлуулна. Нэгэнт чи чадвартай болж, өөрийн гэсэн байр сууриа олсон бол захиалга аяндаа ирэх болно. Тиймээс үүнд санаа зовох хэрэггүй" гэж хэлдэг байсан. Тэгэхээр сайн цалин авахад цаг хугацаа, туршлага нөлөөлнө.
Таныг сургуулиа төгсөөд арав гаруй жил болоход олон зүйл өөрчлөгджээ. Таны клипэнд нь тоглож байсан дуучин өнөөдөр УИХ-ын гишүүн болсон байх жишээтэй. Тэгэхээр хүний амьдралын арван жилийн хугацаанд олж авч амждаг хамгийн гол зүйлс юу байна вэ? Зарим хүмүүс "Би залуу байна. Маргааш хийчихнэ" гэсээр байтал нэг мэдэхэд арван жил үр дүнгүй өнгөрсөн байдаг.
Хүмүүс амьдрал зохиох тал дээр хоёр талаар ярьдаг шүү дээ. Нэг бол оюутан байхдаа хүүхэдтэй болчих, эсвэл сургуулиа төгсөөд заавал хэдэн жил ажиллаж байгаад гэр бүлээ зохио гэдэг. Энэ бүхэн яалт ч үгүй амьдарлаас гарч ирсэн бодит туршлага болохоор аль, аль нь үнэн байх. Миний хувьд дөнгөж сургуулиа төгсөөд, шинэхэн байгаа үе дээрээ сайн ажиллаж, карьераа хөөх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол хүн аливааг хурдан мартаж, маш амархан зэвэрдэг. Амьдралд бүхнийг хослуулсан нь зөв байх. Зарим хүмүүс карьер хөөсөөр байгаад гэр бүл зохиох нас нь өнгөрчихдөг. Эсвэл хүүхэд харж, гэртээ суусаар байтал үеийнхнээсээ тасраад үлдчихнэ. Өнгөрсөн арван жилийн амьдралаа эргээд харах юм бол би өөрийгөө хангалттай хөдөлмөрлөсөн гэж дүгнэж чадна. Загвар өмсөгч, жүжигчин мэргэжлийн аль, алинаар нь би сайн хичээсэн. "Хувьсал" продакшнд байхдаа бид өдөр болгон жүжгээ бэлдэж, тоглолт дууссаны дараа бригадаар маш их явдаг байлаа. Тэр үед ар гэртээ нэг ч санаа зовохгүй байх боломжийг аав, ээж маань гаргаж өгсөн. Тэгэхээр хүн өөрт байгаа боломжийг сайн ашиглаж, өглөөнөөс орой хүртэл сайн хөдөлмөрлөх хэрэгтэй болов уу.
Та саяхнаас Hada Labo брэндийн нүүр царайгаар ажиллаж байна. Миний эргэн тойронд байгаа эмэгтэйчүүд гэхэд бүгд л Hada Labo-гийн талаар ярих болсон. Хэрэглэж үзээгүй нь хаанаас авахыг нь асууж, хэрэглэж эхэлсэн нь өөрөө мэдэрсэн үр дүнгийнхээ талаар бусдад ярьж байна. Та энэ саналыг хүлээж авахад юу нөлөөлсөн бэ?
Hada Labo брэндийг Монос компани Монголд оруулж ирж байгаа. Ерөнхийдөө манай томоохон компаниуд санал тавихдаа маш боловсноор, албан ёсны байдлаар тавьдаг л даа. Эхлээд и-мэйл явуулна. Тухайн бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулгыг илгээж, гадаадад ямар нэр, нөлөөтэй юм бэ гэдгийг бичиг хэргийн байдлаар илтгэдэг. Энэ нь надад маш их таалагддаг. Hada Labo арьс арчилгааны бүтээгдэхүүнд гурван төрлийн гиалуроны хүчил агуулсан гэдгээрээ чийгшүүлэх бүтээгдэхүүн дунд шинэчлэл хийсэн бөгөөд Япон улсын №1 чийгшүүлэгч бүтээгдэхүүнээр шалгарсан юм билээ. Үүнийг мэдсний дараа нь би Hada Labo-гийн бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэн туршиж үзсэн. Гоо сайхны бүтээгдэхүүн бол жирийн нэг хувцас шиг биед нөлөөгүй зүйл биш шүү дээ. Ямар үр дүн өгөхийг нь үзэхээр өөрөө хэрэглээд үнэхээр арьсанд гүн чийгшил өгдөг юм байна гэдгийг нь мэдэрсэн. Надад бүтээгдэхүүний дээж болгож нэг жилийн хэрэглээг өгсөн юм. Тийм болохоор ойр тойрныхоо болоод хайртай хүмүүстээ тарааж өгөөд бүгд хэрэглэж байгаа.
Та арьсаа хэрхэн арчилдаг вэ? Жишээ нь Hada Labo брэндийн бүтээгдэхүүнүүд бүх хэрэгцээг тань хангаж чадаж байна уу? Ямар дараалал, давтамжтайгаар та хэрэглэдэг вэ?
Миний арьс арчилгааны гол зарчим бол эмэгтэй хүн хэдий оройтсон ч хамаагүй заавал нүүрээ цэвэрлэж байж унтах, бас өглөө сайн цэвэрлэх юм. Hada Labo брэндийн зургаан бүтээгдэхүүн байдаг л даа. Тэднийг хэрэглэхдээ хооронд нь 5-10 минутын завсарлага авах хэрэгтэй. Эхлээд Hada Labo будаг арилагчаар нүүрээ цэвэрлэж угаагаад дараа нь чийгшүүлэгч нүүр угаагчаар сайтар цэвэрлэнэ. Үүний дараа тоникоо нүүрэндээ бага хэмжээгээр авч түрхэж хэрэглэнэ. Сонирхуулж хэлэхэд энэхүү тоник нь дэлхий дээр 1.7 секунд тутамд нэг ширхэг борлуулагдаж байдаг гэсэн судалгаатай. Япончуудын залуу арьсны нууц бол гиалуронтой тоник буюу лосьёон гэж сонссон. Үүний дараа 5-10 минутын дараа сүүн шингэн эсвэл тосоо түрхээд make up хийж болно. Унтахаасаа өмнө мөн адил энэхүү дарааллаар хэрэглэнэ. Харин Маск хэрэглэх бол нүүрээ цэвэрлэж тоник түрхэсний дараа маскаа тавина. Маскаа тавьсны дараа сүүн шингэн эсвэл тосоо түрхээд унтана.
Та ямар төрлийн арьстай вэ? Hada Labo өөр төрлийн арьстай хүмүүст тохиромжтой юм болов уу?
Би хуурай арьстай. Ер нь бид эрс тэрс, уур амьсгалтай хэцүү нөхцөлд амьдардаг мөртлөө гадны сөрөг нөлөөг даван туулах арьстай гэж боддог шүү. Тиймээс ямар ч төрлийн арьстай хүн байлаа гэсэн арьсаа илүү сайн арчилж, хайрлах хэрэгтэй. Hada Labo яагаад эмэгтэйчүүдэд таалагдаад байна вэ гэхээр үнийн хувьд харьцангуй боломжийн бөгөөд удаан хэрэглэх боломжтой. Бүтээгдэхүүн өөрөө маш сайн чанартай ч гэсэн сав, баглаа боодлыг нь хямд өртгөөр шийдэж өгсөн учраас хүмүүст тэгж боломжийн үнэтэй хүрдэг юм билээ. Миний нэг танил "Монос"-ын салбараас авах гээд очиход агуулахад нь байхгүй, дуусчихсан байна гэж хэлсэн байсан. Ямар ч гэсэн надаар дамжуулсан ажил маань хүмүүст хүрч байгаад баяртай байгаа.
Та йогийн тухай ярихдаа "Хүн өөрийн дотоод галыг асааж, гэрлэн бүрхүүлийг цэвэрлэхэд зориулж хийдэг" гэж ярьсан. Үүний тулд амьдарлын хэв маяг нэлээн цэгцтэй, хоол унд сонголттой байх хэрэгтэй юм билээ. Таны хувьд яадаг вэ?
Йога хийхэд хоосон ходоодтой байхад маш тохиромжтой байдаг. Өглөө бол ядарсан биеийг сэргээж, өдөр эрч хүчийг нэмж, орой алжаал ядаргаа тайлдаг. Йога хийхээсээ өмнө нь болон дараа нь хоёр цаг болоод хоол идсэн байвал зүгээр. "Йога хийсний дараа усанд орж болох уу" гэдгийг хүмүүс их асуудаг бөгөөд энэ талаар бага зэрэг буруу ойлголттой байдаг. Йога хийснээр хүнээс зөвхөн өөрт нь зориулсан тос, эрдэс бодис ялгардаг юм. Энэ хөлсийг сэврээж, хатааж өгвөл таны арьс зөөлөн, анхилам үнэртэй болно. Товчхондоо йога бол хөдөлгөөнт бясалгал юм. Тийм болохоор хүн өдөрт хэсэгхэн цагийг өөртөө зориулснаар эрүүл мэнд, сэтгэл санаагаа өв тэгш байлгаж, ямар нэг стресст өртөхгүй амьдарч чадна.
Та хоол хүнсээ сонгохдоо калори тооцож, аль болох тослог багатай хоол идэх гэж хичээх ч юм уу, эсвэл махан бүтээгдэхүүнээс татгалзъя гэсэн дүрэм баримталдаг уу?
Эрүүл хоол гэхээр л хүмүүс заавал ногоо идэх хэрэгтэй гэж ойлгох нь зөв үү гэдэгт би эргэлздэг. Тэгж бодвол монголчууд хэдэн зуун жилээр буруу хооллодог байсан хэрэг болно шүү дээ. Бид багаасаа л бантан, гурилтай шөл идэж өссөн бөгөөд одоо хүртэл эрүүл саруул байж чадаж байна. Тийм учраас үндэсний хоолоо зайлшгүй идэх хэрэгтэй. Гол нь цаг нараа зөв зохицуулах хэрэгтэй шүү дээ. Миний хувьд махан хоолонд их дуртай ч зөвхөн өдрийн цагт хэрэглэж, оройн цагаар огт иддэггүй. Ерөнхийдөө бол нүүрс усыг өглөөдөө түлхүү авч, өдрийн цагаар махан хоол идэж, оройдоо тараг уух ч юм уу биед хөнгөн хүнс хэрэглэдэг.
Бүсгүйчүүдийн сонирхлыг авакадо, аспарагус, матча цай зэрэг янз бүрийн шинэлэг хүнс их татдаг. Таны дуртай амттан юу вэ?
Би бялуунд маш дуртай. Хоёр долоо хоногт нэг удаа авч иддэг. Хүүхдүүд угаасаа л амттай зүйлд дуртай шүү дээ. Тийм болохоор гэртээ аарцаар зайрмаг хийж өгч, дэлгүүрээс авахдаа арай чихэр, тос багатайгаар нь монгол зайрмаг сонгодог. Өвлийн улиралд голчлон алим хэрэглэдэг. Харин зун бол тарвас их иддэг юм. Авакадо сонирхоод идэж үзсэн ч надад амт нь ерөөсөө таалагдаагүй.
"Алим модноосоо хол унадаггүй" гэж үг байдаг шүү дээ. Таны охин том болж байна. Та хүүхдүүдээ загвар болоод жүжигчний чиглэлээр ажиллана гэж боддог уу?
Миний фэнүүд гэх юм бол хөөрхөн өсвөр насны охидууд, арван жилийн хүүхдүүд их байдаг. Тэр хүүхдүүд надаас үлгэр дуурайл авдаг шиг миний охин ч гэсэн ээжээсээ бүх зүйлийг харж, миний ажилд их дуртай байдаг. Зураг авалтанд дагаж яваад л, жүжигчин болох юмсан, урлагийн хүн болохсон гэдгээ хэлдэг л дээ. Гэхдээ хүн чинь өөрийнхөө хүүхдийг хэцүү зүйл үзэж, туулалгүйгээр оронд нь эрдэм номын мөр хөөсөн нь дээр гэж боддог юм байна. Тийм болохоор гадаадад сургууль сурч, өөр мэргэжил эзэмшээсэй гэж хүсдэг.
Хүн өндөр цалинтай байсан ч дургүй зүйлээ ял болгож хийх, бага цалинтай байсан ч дуртай зүйлээ аз жаргалтай хийх гэдэг өөр хэрэг.
Таны бодлоор хүүхдийн авьяас хэрхэн илэрдэг вэ? Мэргэжил сонгоход нь та хэрхэн зөвлөж, туслах вэ?
Гэр бүлээрээ ярилцахаас гадна хүүхдээ сайн сонсох хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ хүүхэд эцэг, эхийнхээ үгэнд орж, заавар зөвлөгөөгөөр явах хэрэгтэй. Манай хүүхэд одоо наймдугаар анги болохоор сургуулиа төгстөл хэсэг зай бий. Энэ хооронд хүүхдийн хөгжил нэмэгдсээр байгаа учраас сонирхол нь өөрчлөгдөн тэлсээр байгаа. Миний бодлоор хүн болгон авьяастай. Хүүхэд гэртээ байхдаа, ганцаараа өөртэйгээ байхдаа юу хийж байгаагаар нь юунд дуртай байна вэ, ямар чиглэлд авьяастай байгааг нь ажиглаж болно.
Та хүүхдүүддээ зориулах цаг хэр гаргаж чаддаг вэ? Гэр бүлээрээ хийдэг хамгийн гоё зүйл тань юу вэ?
Би харьцангуй сайн цаг гаргаж чаддаг шүү. Манай гэр бүлийнхэн бас их аялах дуртай. Хүүхдүүдийн хичээл урт хугацаагаар амарсан үеэр юм уу зуны цагт тааруулж их аялдаг. Долоо, найман сард бол ерөөсөө монгол орноороо аялаад таардаг. Гэр бүлийн найзууд нийлээд л бөөнөөрөө явж, очсон газраа гэр, майхан бариад л явдаг. Хоёр жилийн өмнө Хөвсгөлд очоод анх удаагаа тийм цэнгэг ус харж байлаа. "Манай Монгол ямар гоё юм бэ" гэж бодож байсан. Манай нөхөр Завханых л даа. Завханы Идэр суманд гэр бүлээрээ очихдоо маш үзэсгэлэнтэй байгаль харж, жинхэнэ эрүү "мултартал" уулга алдсан. Маш өндөр уулын орой дээр мацаад гарахад бидний өмнө тув тунгалаг Цагаан нуур угтаж авсан юм. Доош уруудахад нов ногоон зүлэг эмжсэн голын дэргэд цав цагаан мөс байх жишээтэй. Мөс нь маш зузаан, доогуур нь горхи урсаад л. Бид хажууд нь нимгэн цамцтай байх тэр агшинд байгалийн үнэхээр гоё үзэгдлийг харж биширсэн. Тэндхийн нуурыг уулнаас харахад л загас нь харагдаж байдаг. Хэдийгээр гадаадад гоё зүйлс, дэлгүүр, амттай тансаг зүйлс зөндөө ч гэсэн Монголын үзэсгэлэнт байгаль гэдэг үнэхээр "тасархай". Тийм болохоор хүүхэд насанд үлдэх сайхан дурсамжийг үлдээх гэж зун болгон хөдөө авч явдаг даа.
Таны цаашид хийж бүтээх зүйлсэд ямар чухал зүйлс байгаа вэ? Үүнд юу, юу багтаж байгаагаас цухасхан дурдаж болох уу?
Өмнө нь мундаг жүжигчин болно гэсэн ганц зорилготой байсан бол одоо ирээдүй маань ойрын тав, арван жилээр төлөвлөгдсөн байгаа. Өмнө нь эхлээд ажил, карьер миний зорилгын эхэнд тавигддаг байсан бол одоо гэр бүл, дараа нь карьер гэж эрэмбэлдэг болсон. Энэ бол том өөрчлөлт.