Хайх

#BuroCrush: Сү Жү Паркийн шаргал үс бүхнийг өөрчилсөн нь

#BuroCrush: Сү Жү Паркийн шаргал үс бүхнийг өөрчилсөн нь

@soojmooj

Text: Г.Тэмүүлэн


Анх 26 настайдаа загварын ертөнцөд од болсноор гоц үзэгдэл хэмээн нэрлэгдэх болж, сүүлийн гурван жилийн турш шуугиан тарьж байгаа Өмнөд Солонгосын загвар өмсөгч Сү Жү Паркийг #BuroCrush энэ удаад онцолж байна

Сү Жү Парк анх 26 настайдаа загварын ертөнцөд орж ирсэн нь хэвийн үзэгдэл биш юм. Учир нь энэ насан дээр ихэнх загвар өмсөгчид тайзнаас буух үе дээрээ явж байдаг. Өмнөд Солонгос гаралтай загвар өмсөгч 10 настайдаа Калифорни муж руу нүүж тэндээ суурьшсан бөгөөд түүний дүр төрхөөс Өмнөд Калифорнийн амьдралын хэв маяг маш тод харагддаг. Анх 24 настайд нь Сан-Франциско хотын нэгэн дэлгүүрт явж байхад нь түүнийг загварын скаут олж харсан байна. Тэр үед Сү Жү аль хэдийнэ Сан-Франциско хотын нэгэн коллежийг архитектор мэргэжлээр төгсөөд старт-ап компанид график дизайнераар ажиллаж байсан юм. Тэгэхдээ тэр үсээ цайвар шаргал өнгөөр будуулснаар жинхэнэ нэр алдрын оргилдоо хүрсэн гэж хэлж болно. Одоо бол цайвар шаргал үс түүний нэрийн хуудас болсон ба Сү Жүгийн шаргал үсний тухай маш олон хэлэлцүүлэг өрнөж байдаг.

#BuroCrush: Сү Жү Паркийн шаргал үс бүхнийг өөрчилсөн нь (фото 1)

Нөгөө л домогт Карин Ройтфельд түүний карьерийн эхлэлийг тавьсан юм. Сү Жү Карин Ройтфельдын CR Fashion Book сэтгүүлд зургаа авахуулж байсан бөгөөд Карин түүнийг од болохыг шууд л харсан гэдэг. Энэ зураг авалт Сү Жү Паркийн амьдралыг өөрчилсөн "азын тасалбар" байсан юм. Карин түүнийг Том Форд, Карл Лагерфельд нартай танилцуулж, төд удалгүй тэр Chanel, Tom Ford, Benetton, Gap гэх мэт олон компаниудын сурталчилгаанд тоглож, тоолж баршгүй олон загварын шоунд оролцсон. Тэрээр өөрийн карьертаа Fendi, Jean Paul Gaultier, Max Mara, Oscar de la Renta гэх мэт брэндүүдийн олон тооны загварын шоунд ч алхаад амжсан. Сү Жү Парк L'Oreal Paris брэндийн хамгийн анхны Ази гаралтай төлөөлөгч болсноор ази загвар өмсөгчид хэр их амжилт гаргаж болохыг харуулсан юм.

#BuroCrush: Сү Жү Паркийн шаргал үс бүхнийг өөрчилсөн нь (фото 2)

Хэдийгээр дэлхийгээр аялж, завгүй ажлын хуваарьтай байдаг ч Сү Жү Парк чөлөөт цагаараа орон дотроо бяслагтай бялуу идэж, бясалгал хийж "Empire" цувралыг үзэх дуртай. Тэр бас өөрийн гэсэн "Ore" гэдэг хамтлагтай бөгөөд дуулдаг гэдгийг хүмүүс бараг мэддэггүй.

"New York Magazine"-д өгсөн ярилцлагадаа тэр "Хэр удаан загвар өмсөхөө сайн мэдэхгүй байна. Бүх зүйл энэ чигээрээ үргэлжилбэл, цаашид энэ ажлаа хийсээр л байх болно. Тэгэхдээ чи бүгдийг баттай мэдэхгүй шүү дээ. Учир нь загварын ертөнцөд нэг өдөр чи "hot" байлаа ч, дараагийн өдөр нь үгүй байж мэднэ" гэж ярьж байсан юм. Энэ нь бас түүний үсээ шаргал өнгөөр будуулсан бас нэг шалтгаан болсон юм. Яагаад гэвэл тэр байдаг л нэг ази модель гэдэг нэр зүүхийг хүсээгүй. Ингэсэн нь ч зөв шийдвэр болсон. Ямартаа ч Сү Жү Парк загварын салбарт хэр удаан оршин тогтнохыг бид хэлж мэдэхгүй ч, загварын ертөнцийн түүхэнд тэр жирийн л Ази загвар өмсөгч гэж үлдэхгүй нь тодорхой.

#BuroCrush: Сү Жү Паркийн шаргал үс бүхнийг өөрчилсөн нь (фото 3)#BuroCrush: Сү Жү Паркийн шаргал үс бүхнийг өөрчилсөн нь (фото 4)#BuroCrush: Сү Жү Паркийн шаргал үс бүхнийг өөрчилсөн нь (фото 5)

цааш үзэх