“Game of Thrones” цувралын жүжигчин шинэ мянганыханд зориулсан олон нийтийн сүлжээ нээнэ
Ижил сонирхолтой хүмүүсийг нэгтгэж, мэргэжилтнүүдээс асуулт асуух боломжтой
"Game of Thrones" цувралд Арья Старкийн дүрээр бидэнд танигдсан жүжигчин Мэйси Уильямс ба продюсер Дом Сантри нар хамтран Daisie гэх нэртэй уран бүтээлч залууст зориулсан шинэ олон нийтийн сүлжээ үүсгэн байгуулсан байна.
Энэхүү олон нийтийн сүлжээний гол зорилго нь шинэ авьяастнуудыг олж нээн, тэднийг хооронд нь холбож, хамтран ажиллах боломж олгон, ажлын байраар хангаж, мөн карьерт нь зөвлөгөө өгөхөд оршиж байгаа аж. Жишээ нь залууст зориулсан шинэ олон нийтийн сүлжээнд өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүсийг "Shared Projects" хэсэгт олж, харин "Question Time" хэсэгт уран бүтээлчид мэргэжилтнүүдээс хүссэн асуултаа асуух боломжтой.
Мэйси Уильямс "Уран бүтээлийн салбаруудад хийгдэж буй өөрчлөлтүүдээс улбаалж эмэгтэйчүүд жинхэнэ утгаараа үнэлэгдэж байгааг харах надад үнэхээр сайхан байна. Миний карьерын эхлэлд надад олдож байсан тэр боломжуудыг Daisie ч мөн бусад бүтээлч залууст олгоосой гэж би хүсч байгаа. Мөн Daisie олон нийтийн сүлжээ нь залуус ба бүтээлч ажлуудын хооронд оршин тогтнодог хуучирсан хаалтыг үгүй хийж, шинэ боломжуудыг санал болгоно" гэж шинэ төслийнхөө талаар ярилаа.
Гэхдээ Daisie олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхийн тулд 2018 оны зун тус аппыг App Store-д нээгдэхэд нь татаж авах хэрэг гарна.