Гурван хэмжээст селфи хийдэг төхөөрөмжийг бүтээлээ
Бүр хэвлэж болно
Bellus3D компанийн бүтээсэн ухаалаг гар утас, таблетад бэхэлж хэрэглэдэг энэхүү шинэ зөөврийн төхөөрөмжийг Face Camera гэдэг. Уг төхөөрөмжийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Лас Вегас хотноо зохион байгуулагдсан CES 2017 технологийн үзэсгэлэн дээр танилцуулсан юм. Face Camera төхөөрөмжөөр 3D селфи хийхийн тулд камерын өмнө зогсоод толгойгоо аажмаар эргүүлж зургаа авахуулна. Ингээд таны нүүрний бүхий л хэсгийг яг бодитоор дүрсэлсэн том хэмжээний зураг 15-20 секундэд бэлэн болно. Зургаа та гар утсандаа суулгаж эсвэл 3D принтерээр хэвлэн авч болох аж. Face Camera нь одоо хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд худалдаанд гарвал ойролцоогоор 1,000 долларын үнэтэй байх юм.
Эргэн сануулахад хүмүүсийн зургийг авч, жижигрүүлсэн 3D хувилбарыг гаргадаг Солонгос компаний тухай Бюро 24/7 өмнө нь нийтлэж, Сөүл хот дахь студитай нь танилцсан сурвалжлагыг та бүхэнд хүргэж байсан билээ. Тиймээс та хэрэв Face Camera-г худалдаанд гарахаас өмнө нь өөрийн 3D барималтай болохыг хүсвэл тэрхүү нийтлэлийг сонирхоорой.