Хайх

Instagram дахь шинжлэх ухаан: Микробиологи ба сансрын тухай сонирхолтой 7 хуудас

Instagram дахь шинжлэх ухаан: Микробиологи ба сансрын тухай сонирхолтой 7 хуудас

Нэг эстний үхэл, София роботын өдөр тутмын амьдрал болон таны мэдэхгүй бусад сонирхолтой зүйлс

Text: Buro.Mongolia


Зураг:

Ихэнх олон улсын эрдэмтэд шинэ нээлт, төсөл эсвэл зүгээр л өдөр тутмын лабораторын (эсвэл сансрын) амьдралын зургуудыг Instagram-д тогтмол нийтэлж, олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг. Бид тэдгээр хуудаснуудаас хамгийн сонирхолтойг нь түүн хүргэж байна. Тиймээс та нэн даруй эдгээр хуудаснуудыг дагаж, мэдлэгийн хүрээгээ тэлээрэй.

Микробиологич Хантер ба түүний нянгууд


Шинжлэх ухааны тухай хамгийн алдартай Instagram хуудаснуудын нэг. Их Британийн Борнмутын их сургуулийн микробиологийн шинжлэх ухааны доктор Хантер Хайнс микроскопоор авсан видеонуудыг хоёр жилийн турш тасралтгүй Instagram-д нийтэлж байгаа юм. Хантерын үндсэн чиглэл нь инфузори учраас түүний постууд ихэвчлэн үүнд төвлөрдөг. Гэхдээ мэдээж түүний хуудаснаас нялцгай биетэн, хавч, нян болон бусад олон амьд организмын талаарх сонирхолтой мэдээллүүдийг олж болно.

Хантер Хайнс судалгаануудаа ихэвчлэн халуун орны усны экосистемд хийдэг. Тиймдээ ч тэрээр АНУ-ын өмнөд хэсэг болон Африк тивд хэд, хэдэн шинэ төрлийн нянг олж нээсэн юм.

Curiosity ровер ба түүний дарсан Ангараг гарагийн зургууд


NASA-гийн Curiosity нэртэй төхөөрөмж 2012 оноос эхлэн Улаан нүдэн гарагийн гадаргууг судалж байгаа билээ. Энэхүү өөрөө явагч төхөөрөмж нь Эолид нэртэй уулын хамгийн өндөр хэсэгт байрлах Гейл гэх хонхорт ажиллаж байгаа бөгөөд геологийн болон химийн дүн шинжилгээ хийж байгаа аж. Энд газардсанаас хойш Curiosity Ангараг гарагийн талаар асар олон үнэ цэнэтэй мэдээлэл, зургуудыг илгээсээр байгаа юм. Одоогийн байдлаар энэхүү ровер нь Ангараг гараг дээр байгаа бүрэн ажиллагаатай цорын ганц өөрөө явагч төхөөрөмж болоод байна. NASA өнгөрсөн жил Ангараг гарагийн газар хөдлөлтийг судлахаар InSight гэх аппарат илгээсэн ч энэхүү төхөөрөмж нь гадаргуу дээр бараг хөдөлдөггүй аж. Мөн Opportunity нэртэй бас нэгэн төхөөрөмжийг Ангараг гараг руу илгээсэн ч ээлжит тоосон шуурганы дараа эрдэмтэд энэхүү аппараттай зургаан сарын турш холбоо тогтоох гээд чадахгүй байгаа гэжээ.

Жеймс Греймс ба бичил биетний үхэл


Reddit-ийн хэрэглэгчдийн дунд тархсан нэгэн видеоны дараа Жеймс Греймс гэх бас нэгэн микробиологичийн хуудас гэнэт маш алдартай болсон байдаг. Эрдэмтэн энэхүү видеондоо давстай болон цэвэр усанд амьдардаг Blepharisma нэртэй нэг эст инфузорийн үхлийг харуулсан юм. Гэхдээ Греймс үүнийг үхэл байсан гэж одоо хүртэл баттай хэлж чадахгүй байгаа билээ.

Тэрээр өөрийн үндсэн блогоо Youtube тавцан дээр хөтөлдөг ч сүүлийн үед видеонуудаа Instagram-д нийтлэн үзэгчдийн тоогоо тэлж байгаа аж. Одоогийн байдлаар түүний хуудас 45,000 дагагчтай болжээ. Жеймс видеондоо болж буй үйл явцыг маш дэлгэрэнгүй тайлбарладаг. Жишээ нь нянгууд юуны учир, хэрхэн хөдөлж байгаа тухай, тэднийг яаж анх нээсэн талаар мөн амьдрах үйл явц гээд олон сонирхолтой мэдээллийг өгөх болно.

Оросын сансрын нисгэгч Олег Артемьев ба Олон улсын сансрын станц дээрх өдрүүд


Өнөөдрийн байдлаар Оросын сансрын салбарын бараг цорын ганц олон дагагчтай хүн нь сансрын нисгэгч Олег Артемьев болоод байна. Түүнийг Instagtam-д 250,000 гаруй хүн дагадаг. Үүнээс гадна Оросын төдийгүй олон улсын шинжлэх ухааны хэвлэл мэдээллийнхэн түүний талаар "Оросын сансрын нисгэгч Дэлхийн агаар мандал дахь хачирхалтай гэрлийг харууллаа" гэх зэрэг гарчигтай нийтлэлүүдийг тогтмол гаргадаг. Үнэхээр ч Артемьев Олон улсын сансрын станцаас дарсан Дэлхийн гэрэл зургуудыг тогтмол нийтэлж, сансар дахь өдөр тутмын амьдралаасаа дагагчидтайгаа хуваалцдаг билээ.

Артемьев нийт Олон улсын сансрын станцын хоёр экспедицэд оролцсон (2014 ба 2018 онуудад) байгаа. Тэрээр станц дээр нийт 356 хоногийг, задгай сансарт 20 цагийг тус, тус өнгөрүүлсэн юм. Харин 2018 оны сүүлээр тэрбээр Олон улсын сансрын станцаас хөлгөө салгаж, тусгай буултын аппаратаар Казахстан улсын бүсэд газарджээ. Одоогийн байдлаар Артемьев нислэгийн дараах хэвийн амьдралдаа дасан зохицож байгаа юм.

Симона Гирц ба түүний болхи роботууд


Шведийн зохион бүтээгч, сэтгүүлч, блогер Симона Гирц нь "марзан робот зохион бүтээгч" гэдгээрээ алдартай. Зохион бүтээгч бүсгүй Youtube тавцан дээр үндсэн блогоо хөтлөн явуулдаг бол Instagram-д ихэвчлэн "хөшигний арын" бичлэгүүдийг үзүүлдэг. Мөн мэдээж хэрэг робот бүтээхэд тулгардаг хөгжилтэй үйл явц, зураг авалтын бэлтгэл ажил, Калифорнийн амьдрал болон түүний өхөөрдөм нохдын бичлэгийг Instagram-аас үзэх боломжтой.

Сансрын нисгэгч Николь Стотт ба түүний уран бүтээл


Николь Стотт бол сансар судлалын түүхэнд төрсөн цөөн эмэгтэй сансрын нисгэгчдийн нэг юм. Өөрийгөө уран бүтээлч сансрын нисгэгч хэмээн нэрлэдэг тэрээр олон улсын сансрын станц дээр 104 өдөр болсон бөгөөд энэ хугацаандаа задгай сансарт харагдаж буй дүр зургийг уран бүтээлдээ тусгасан байдаг. Үүний дараа Стотт НАСА-д удаан хугацааны турш ажиллаж байсан ч 24 жилийн дараа өөрийгөө уран зурагт бүрэн зориулахаар шийджээ. Одоо тэрээр сансар огторгуйн сэдэвтэй зураг зурахын зэрэгцээ, Олон улсын сансрын станц ба шинжлэх ухааны салбарын эмэгтэйчүүдийн тухай илтгэл танилцуулдаг болсон юм.

София робот ба түүний өдөр тутмын амьдрал


Өнөөдрийн байдлаар София хамгийн алдартай хүн дүрст робот болоод байна. Эмэгтэй хүний хэлбэртэй энэхүү робот нь ирээдүйд ийм төрлийн төхөөрөмжүүд ямар байх ёстойг харуулж байгаагаас гадна инженерүүд түүнийг энэ салбарыг сурталчлах гол түлхүүр нь болж байгаа хэмээн үздэг.

Софияг 2015 онд Hanson Robotics компани жүжигчин Одри Хепберний гаднах төрхөөс сэдэвлэн бүтээжээ. София робот нь төрөл бүрийн сэтгэл хөдлөл гаргаж, ярьж, тэр ч бүү хэл гэрлийн тусгалаас хамаарч нүдний өнгөө өөрчилж чаддаг байна. Тэрээр дөрвөн жилийн хугацаанд асар олон тооны эрдэмтэд, эдийн засагчид, улс төрчид, инженерүүдтэй уулзсан байдаг. Учир нь энэхүү робот нь бусадтай ярилцах үедээ суралцаж, улам боловсронгуй болдог тул түүнд олон тооны хүмүүстэй харилцах зайлшгүй шаардлага гардаг. Сонирхуулахад 2017 онд Саудын Араб Софияд иргэншил олгосноор түүхэнд бичигдсэн юм.

цааш үзэх