Хүслийн зүйл: Дижитал нэхмэлийн машин
“Kniterate”
"Kniterate" гэх энэхүү дижитал нэхмэлийн машин хүмүүст маш хурдан хугацаанд өөрийн хүссэн дизайнтай хувцас, аксесуар бүтээхэд тусална. Үүний тулд хэрэглэгчид тусгай аппын тусламжтай хувцасны дизайн, хэмжээ, өнгө, нэхмэлийн утас гээд бүх зүйлийг тохируулж, товчлуур дээр дарахад л хангалттай. Та өөрийн хүссэн загварыг зохион бүтээж эсвэл апп дээрх бэлэн загваруудаас сонгож болох тул дизайны ямар нэг туршлагагүй хүмүүс ч ашиглах боломжтой юм. Эцэст нь "Kniterate" хэрэглэгчдэд тусгай олон нийтийн сүлжээнд өөрийн бэлэн болсон бүтээлийг бусад дизайнеруудтай онлайнаар хуваалцах боломжийг бүрдүүлж өгсөн байна.
"Kniterate"-ийн зохион бүтээгчид анх загварын сургуулийн оюутнууд хуучин нэхмэлийн машин ашиглахдаа маш их хүчин чармайлт гаргаж буйг харсан тул энэхүү авсаархан, хэрэглэхэд хялбар төхөөрөмжийг бүтээх санаа тэдэнд төржээ. Тус нэхмэлийн машиныг жижиг студи ба хувь хүн ашиглахад тохирно. Мөн "Kniterate" дижитал нэхмэлийн машин нь ямар нэг илүүдэл хаягдал гаргадаггүй гэдгээрээ онцлогтой.
Энэхүү төсөл нь Kickstarter тавцан дээр хөрөнгө босгож эхэлсэн бөгөөд одоогоор 240,000 долларын санхүүжилт авч чаджээ. "Kniterate" дижитал нэхмэлийн машин 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн 4,700 долларын үнэтэйгээр захиалагчиддаа хүрнэ.