Pokemon Go-гийн хөгжүүлэгчид хагас бодит орчинд суурилсан “Харри Поттер”-ын тоглоом танилцууллаа
“Харри Поттер: Шидтэнүүд нэгдэж байна”
Алдарт Pokemon Go тоглоомыг бүтээсэн Niantic Labs компани хагас бодит орчинд (AR) суурилсан цоо шинэ тоглоом танилцууллаа. Тодруулбал тэд Warner Bros. кино компани ба Жоан Роулинг нартай хамтран "Harry Potter: Wizards Unite" гэх шинэ тоглоом зохион бүтээжээ. Энэхүү тоглоом нь яг л Pokemon Go-тэй адил концепциор бүтээгдсэн ч энэ удаад хүмүүс ид шидийн ертөнцийг илүү дэлгэрэнгүй судлан тоглох болно.
"Тоглогчид жинхэнэ хотуудаар аялж, шившлэг сурч, үүнийгээ хэрэгжүүлэн, ер бусын эд зүйлс олж нээн, ид шидийн амьтад, ба домогт баатруудтай тулгарч, жинхэнэ адал явдалтай учрах болно" гэж Niantic Labs компанийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна.
Одоогоор "Harry Potter: Wizards Unite" тоглоом яг хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа ч 2018 он гэхэд олон улс даяар хагас бодит орчинд суурилсан Харри Поттерын ертөнц олон нийтэд нээлттэй болно гэж TechCrunch вебсайт мэдээллэсэн юм. Мөн Niantic Labs ба Warner Bros. компани дараа онд энэхүү тоглоомын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл цацахаа амласан байна.