Томоохон хотуудад явж эхлэх нисдэг таксины талаар бид юу мэдэх вэ?
Киноноос л хардаг байсан нисдэг таксинууд бодит амьдрал дээр биеллээ олоход тун ойртжээ. Энэхүү тээврийн хэрэгсэл нь Дубай, Нью-Йорк гэхчлэн томоохон хотуудад 2026 оноос явж эхлэх төлөвтэй байна. Мөн Их Британийн Тээврийн яамнаас боловсруулсан Нислэгийн ирээдүй алсын харааны төлөвлөгөөнд Лондон хотод eVTOL нисдэг таксины үйлчилгээг хоёр жилийн дараа гэхэд нэвтрүүлэх зорилт тусгагджээ.
Нисдэг таксины тухай
Одоогоор нисдэг таксины үйлдвэрлэл дээр 150 гаруй технологийн компаниуд ажиллаж байгаа ба загвар, хийцийн хувьд дронтой тун төстэй гэнэ. Дрон нь сүүлийн 15 жилийн турш салхинд савладаг, осолд өртөмтгий тоглоом төдийхнөөс алслагдсан газруудад илгээмж хүргэх чадвартай технологийн дэвшилтэд төхөөрөмж болон хөгжиж буйг дурдах нь зүйтэй.
Энэхүү шинэлэг технологийг хэрэгжүүлэгч компаниудын нэг бол Калифорнид төвтэй Joby Aviation билээ. Тэдний үйлдвэрлэж буй нисдэг такси нийт зургаан цахилгаан хөдөлгүүртэй ба давчуу орчинд маневр хийх чадалтай, мөн 322 км/ц хүртэл хурдалдаг байна. Түүнчлэн энэ нь уламжлалт тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад нүүрстөрөгчийн ялгарал багатай, утаагүй гэдгээрээ онцлог юм. Үүнээс гадна Aviation Week-ын сэтгүүлч Гай Норрис нисдэг таксины туршилтын загвартай танилцахад маш бага дуу чимээ гаргадаг болохыг нь онцолсон билээ.
Хэзээнээс хэрэглээнд нэвтрэх вэ?
Салбарынхаа анхдагч гэгдэж буй Их Британийн Бристол хотод төвтэй Vertical Aerospace компани таван хүний суудалтай нисдэг таксиныхаа хөгжүүлэлтэд Засгийн газраас нийт 37 сая фунт стерлингийн буцалтгүй тусламж авчээ. Тэд өөрсдийн зураг төслөө Их Британийн Иргэний нисэхийн газраар батлуулаад байгаа ба ирэх 2026 он гэхэд Лондон хотод туршилтын нислэгээ хийхээр төлөвлөж байна.
Америкийн нисэхийн компани Joby Aviation-ы хувьд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Нью-Йорк хотын Мэнхэттэн дүүргээс Жон Ф. Кеннедигийн нисэх онгоцны буудал хүртэлх зайд туршилтын нислэг үйлдсэн билээ. Энэхүү замыг автомашинаар туулахад нэг цаг зарцуулдаг бол нисдэг таксигаар ердөө долоон минутад хүрч очих боломжтойг компанийн зүгээс хэлсэн юм. Joby Aviation дараа жилээс агаарын зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба 2026 онд Арабын Нэгдсэн Эмират улсад нисдэг такси үйлчилгээг эрхлэн явуулах тухай зургаан жилийн гэрээг Дубайн Зам, тээврийн газартай байгуулжээ.
Нисдэг такси Хятад улсад ч мөн хэрэгжих төлөвтэй байна. Өнгөрсөн жил л гэхэд дрон үйлдвэрлэгч EHang компани өөрсдийн зохион бүтээсэн нисдэг таксиг БНХАУ-ын Иргэний нисэхийн газраар зөвшөөрүүлээд байсан юм. Тэд одоо Хэфэй хотын дээгүүр нисэхэд ашиглах 100 онгоцны захиалгыг гүйцэлдүүлж байгаа төдийгүй онгоцныхоо нисгэгчгүй хувилбарыг зохион бүтээхээр ажиллаж байна.
Хэр аюулгүй вэ?
Нисдэг такси эрхлэгч компаниуд ирээдүйд Иргэний нисэхийн ерөнхий газар, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа гэхчлэн агаарын тээврийн аюулгүй байдал хариуцсан төрийн байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болно. Нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нисдэг таксинд ашиглагдаж буй lithium-ion төрлийн батарейнууд гэмтэлд өртсөн бол гал авалцах өндөр магадлалтай аж. Мөн хот суурийн газрын дээгүүр, нам өндөрт нислэг үйлдэх нь шувуу дайрах магадлалыг нэмэгдүүлж байгаа ба энэ нь онгоцонд эвдрэл дагуулах эрсдэлтэй юм.
Ямар үнэтэй вэ?
Нэг онгоцны үйлдвэрлэлийн зардал ойролцоогоор нэг сая фунт стерлинг байдаг учраас тээвэрлэлтийн үнэ тийм ч хямд тогтохгүй гэдгийг мэргэжилтнүүд таамаглаж байна. Ингэхдээ нисдэг таксины маршрут эхний ээлжид нэгдүгээр зэрэглэлийн агаарын тээврийн зорчигсдыг нисэх буудлаас хотын төв хүртэл зөөвөрлөх байдлаар явагдах өндөр магадлалтай гэнэ.