Хайх

Глэмпинг: Майхантай аялал тансаг зэрэглэлийн амралт болж хувирсан нь

Глэмпинг: Майхантай аялал тансаг зэрэглэлийн амралт болж хувирсан нь

Аяны хөнжлийн оронд торгомсог цагаан хэрэглэлтэй ор, лаазалсан махны оронд грилльдсэн яргай загас

Text: Buro.Mongolia


Зураг:

Майхантай аялал гэх үгсийг сонсоод хүмүүс юуны түрүүнд майхан, аяны хөнжил, ил гал, 10 кг бүхий үүргэвч, лаазалсан мах, шумуул үргээх бодис мөн утааны үнэр шингэсэн хувцас төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ орчин үед буюу энэ 2017 онд майхантай аялал хийхийн тулд тав тухтай байдлаа алдах шаардлагагүй болсон. Ийм ч зорилгоор хүмүүс глэмпинг буюу англиар "glamorous camping" (тансаг зэрэглэлийн байгалийн аялал) гэх ойлголтыг бодож олжээ. Глэмпинг аялал танд аяны хөнжлийн оронд торгомсог цагаан хэрэглэлтэй ор, лаазалсан махны оронд грилльдсэн яргай загас ба оргилуун дарс санал болгоно. Мөн wi-fi, халуун устай шүршүүр, зурагт, тансаг зэрэглэлийн майхан доторх номын сан гэх зэрэг нь глэмпингийн хувьд байдаг л зүйлс юм.

1920-иод онд чинээлэг амьдралтай англи ба америкчуудад зориулан баригдаж байсан Африк тив дахь сафари баазууд глэмпингийн анхны хувилбарт тооцогддог билээ. Тэдгээр хүмүүс зэрлэг онгон байгальд аялах хүсэлтэй болов ч тав тухаа алдахад бэлэн биш байсан учир ийнхүү тансаг зэрэглэлийн байгалийн аялал үүссэн байдаг. Харин 2017 онд глэмпинг аяллын эрэлтийг ихэсгэсэн хүмүүс бол Их Британичууд юм. Их Британи улс Европын холбооноос гарсан "Brexit" гэх үйл явдлын дараа тус улсын эдийн засгийн асуудлууд нэмэгдэж, мөн ард иргэд дунд терроризмын айдас үүссэнтэй холбогдуулан глэмпинг аялал өндөр эрэлттэй болсон. Иргэд гадаад улс руу гэр бүлээрээ аялахын оронд Сомерсет ба Дорсет улсуудын хөдөө нутгаар амрахыг илүүд үздэг болжээ. Энэхүү чиг хандлага нь мөн Европод ч бас дэлгэрч байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Европод 1,200 гаруй тансаг зэрэглэлийн бааз нээгдсэн бөгөөд Google-ээс энэ сэдвийг сонирхсон хайлт 700%-иар ихэсжээ.

Вашингтоны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энгийн майхнууд биш, харин тансаг зэрэглэлийн асарууд давамгайлж эхлэх үед The New York Times сонины сэтгүүлч "глэмпинг бол майхантай аялал гэх ойлголтод тохиолдож байсан хамгийн муу зүйл юм" хэмээн бичиж байсан. Үүнээс харахад глэмпинг нь яагаад уламжлалт майхантай аяллын алдар нэрийг үгүй хийж байна вэ? Энэ асуултын хариуг олоход "хюгге" буюу хаана ч явсан тав тухтай амьдрах скандинавын амьдралын хэв маяг тусалж болох юм. Эсвэл ой мод дунд байх нь лейкоцит ихэсч, вирустэй тэмцдэг эсийн тоо нэмэгдэхэд хүргэдэг гэх сургаалтай Японы "shinrin-yoku" анагаах аргачлал глэмпингийн ноёрхлыг бага ч болов уу тайлбарлаж магад. Гэхдээ үнэн хэрэгтээ бүх зүйл бидний санаснаас ч энгийн юм. Глэмпинг аялал нь ердөө л өөрийн дэгээндээ шинэ хэрэглэгчдийг барьж чадсан. Майхан барьж, гал асааж, ус зөөж, шумуултай тэмцэх хүсэлгүй эсвэл чадваргүй хэрэглэгчид энэ бүх хүндрэлүүдийг үгүй хийхийн тулд мөнгө төлөхөд бэлэн байгаа юм.

Amazon вебсайт дээр "Glamping as a Business" буюу "Глэмпингийг бизнес өнцгөөс харах нь" гэх мэт сэдэвтэй олон арван ном худалдаалагдаж байна. Тэдгээр номууд бүгд нэг хоноход таван одтой зочид буудлаас ч илүү үнэтэй тусах майхантай аяллыг хэрхэн бүтээх талаар өгүүлдэг. Энэхүү бизнес загварын гол онцлог нь хүмүүс их энгийн зүйлсийн төлөө мөнгө төлөхөд бэлэн байдагт оршиж байгаа юм. Магадгүй бид постконсюмеризмийн давлагаатай нүүр тулж байна. Хүмүүс Gucci-гийн даашинзаас залхаж, эсэргүүцлээ илэрхийлэх үүднээс 350 долларын үнэтэй DHL-ийн футболка худалдан авч байгаа харагдана. Зарим нь бүр Манхэттен-аас уйдаж, Нью-Йоркийн хамгийн ядуу хорооллуудаар тойрон аялал (гетто аялал) хийхийн төлөө мөнгө төлж байна. Мөн бусад хүмүүс тансаг зэрэглэлийн зочид буудал биш харин ил галын хажууд нэг хонохын тулд 1,000 доллар төлөхөд бэлэн байна.

Уг чиг хандлагыг томоохон сүлжээ зочид буудлууд тэр даруйд нь анзаарч, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт хамруулж эхэлсэн байгаа. Жишээ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард зохиогдсон Coachella хөгжмийн наадмын үеэр Mariott зочид буудал дотроо ор, шүршүүр, агааржуулагчтай сафари асарууд (Леди Гага буудаллаж байсан) барьсан юм. Түүнчлэн Тайландын Four Seasons зочид буудал нэг хоногийн 4,000 долларын үнэтэй глэмпинг бааз нээсэн сурагтай. Хамгийн сонирхолтой нь уг баазын өндөр үнийг үл харгалзан хүмүүс идэвхтэй захиалгаа өгч, ирэх гурван сарын хугацаанд сул зай байхгүй болтол нь эрэлтэд оруулсан байна.

Jalman Meadows Wilderness, Монгол, Эрдэнэ сум

Эрдэнэ сумын Хан Хэнтийн дархан цаазат газар байрладаг "Жалман" жуулчны баазыг монголчууд төдийлөн сайн мэддэггүй. Туул голын эрэг дагуу оршдог энэхүү жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 120 км зайд байрладаг. "Жалман" жуулчны бааз нь нийт 16 ширхэг таван ханатай гэртэй бөгөөд идэвхтэй амралтыг илүүд үздэг хүмүүст тохиромжтой юм. Зочид явган аялал, рафтинг болон каяак завьтай аялал хийж, морь унаж, уулын дугуй түрээслэх боломжтой. Тэгэхдээ тайван амралтад дуртай хүмүүст ч энд сонголт бий. Тухайлбал зочид энд гэр-саунд орж, бүтэн биеийн массаж хийлгэх сонголттой юм. "Жалман" жуулчны баазын цэсэд мэдээж хэрэг хорхог, боодог зэрэг төрөл бүрийн монгол зоог болон Европ хоолнууд багтана. Түүнчлэн тус бааз нь цагаан хоолтон эсвэл ямар нэг харшилтай хүмүүст зориулан тусгайлан бэлдсэн хоолоор үйлчилдэг онцлогтой билээ. "Жалман" жуулчны баазад хоёр хоноход нэг хүний 290 доллар болно.

Глэмпинг: Майхантай аялал тансаг зэрэглэлийн амралт болж хувирсан нь (фото 1)

Тойлогт, Хөвсгөл

Хатгалаас 40 км зайд, Хөвсгөл нуурын баруун эрэгт байрладаг "Тойлогт" бааз нь жуулчдын хөл хөдөлгөөнөөс зайтай, нам гүм хэсэгт оршдогоороо давуу талтай. Тойлогт бааз нь Монголд глэмпинг аяллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж буй цөөн газруудын нэг юм. Амрагчид монгол гэр, урц, эсвэл байшинд хонохоос гадна каяакинг, морь унах, дугуйн аялал зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдээс сонголтоо хийх боломжтой. Энд хүүхдийн тоглоомын хэсэг, сауна, ресторан, wi-fi, бэлэг дурсгалын дэлгүүр гэх зэрэг хүмүүсийн хэрэгцээнд шаардлагатай бүхий л үйлчилгээ бий. Хэрэв та Хөвсгөл далайгаар аялахыг хүсвэл 40 хүний багтаамжтай усан онгоц, найман хүний суудалтай жижиг завь түрээсэлж болно. Уг жуулчны баазын монгол гэрт нэг хоноход хүний 170,000 төгрөг болно.

Антарктид дахь White Desert

Өмнөд туйлд байрших энэхүү бааз ердөө л зургаан жижиг байшингаас бүрдэнэ. Байшин тус бүр унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөө, номын сан, хооллох хэсэг, модон шал, хөлдсөн нуур луу харсан цонх, мөн Виктория хатны үеийн интерьер заслыг багтаажээ. Энд нэг хоноход хүний 90,000 евро болно. Тус үнэд Кейптаунаар дамжих зардал, туйлын нөхцөлд тохирсон тусгай хувцас, нисдэг тэрэгтэй аялалд хамрагдах юм.

Венецийн ойролцоох Canonici Sanmarco

Итали маягийн глэмпинг хийнэ гэдэг юуны түрүүнд Венец стильтэй интерьер бүхий майханд байршин, дарсны мухлагаар зочилж, мөн дотоодын нарийн боовтой өглөөний цай зооглоход оршино. Уг бааз нь Венец хотоос 30 км, Падуи хотоос 20 км зайд байрладаг байна. Харин үнийн хувьд нэг хоног нь 120 еврогоос (жуулчид багатай улиралд буюу арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл) 220 еврогийн (зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл) хооронд хэлбэлздэг аж.

Кабардино-Балкария дахь LeapRus 3912

Сансрын капсулаас бүрдсэн энэхүү зочид буудал нь далайн түвшнөөс 4,000 метрийн өндөрт оршдог бөгөөд анх уулчид, цаначид, уулын аялалд дурлагсдад зориулан баригдаж, хээрийн буудал болохоор төлөвлөгдөж байсан юм. Тус бааз руу Нальчик (130 км) эсвэл Минеральные Воды (210 км) хотоор дамжин ирэхэд тохиромжтой. Панаром цонхтой өрөөнд нэг хоноход 150 доллар төлөх хэрэгтэй болно.

Шведийн зүүн хойд хэсэгт байрлах Tree Hotel

Tree Hotel зочид буудлын цогцолбор нь модон дээрх долоон байшингаас бүрддэг. Энд куб хэлбэрийн толин гадаргуутай байшин, шувууны үүрийг дүрсэлсэн мөчрөөр хийсэн урц, улаан модоор урласан загасчны байшин гэх зэрэг сонирхолтой сонголтууд бий. Энэхүү баазын хоолны цэсэд яргай загас, түрс, цаа буга ба баавгайн мах санал болгодог. Зочид баазад байрлах хугацаандаа спагаар үйлчлүүлж, уулын дугуй, уурга, каноэ завь түрээсэлж, нарс модонд зугаалж болно. Мөн нэг ба хоёрдугаар сард туйлын туяа харах ховор боломж олдоно. Энд нэг хоноход ойролцоогоор 500 евро төлөх аж.

Aurora Dome, Финланд

Финландын Harriniva Hotels & Safaris сүлжээ зочид буудлын энэхүү майхан нь Торассиепи нуурын эрэгт байрладаг. Майханд нэг хоноход 150 еврогийн үнэтэй. Хэрэв та өвлийн улиралд энд ирэхээр төлөвлөж байгаа бол есдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай байдгийг анхаараарай. Учир нь туйлын туяа үзэх гэсэн хүмүүсийн тоо энэ үед олширдог юм.

Глэмпинг: Майхантай аялал тансаг зэрэглэлийн амралт болж хувирсан нь (фото 2)

Soul Camp, Карель улс

Карель улсын байгаль үнэхээр гайхамшигтай. Энд нарс мод, ногоон саарал өнгийн хөвдтэй бул чулуунууд бас хүйтэн нуур бий. Soul Camp бааз нь Вахваярви нуурын эрэг дээр байрладаг бөгөөд 10 тохилог майхнаас бүрддэг. Майхан дотор хуучны загвартай тавилга байх ба гадна талдаа шорлог хийх хэсэгтэй. Энэхүү баазын эзэд хүрэлцэн ирсэн зочдын тав тухыг дээд зэргээр хангана гэдгээ үргэлж амладаг. Зочид өглөөний цай, борооны цув, шумуулын эсрэг түрхлэг гээд хэрэгтэй бүх зүйлээ авах боломжтой юм. Soul Camp бааз нь хоногийн 90 доллараар үнэлэгдэнэ.

Глэмпинг: Майхантай аялал тансаг зэрэглэлийн амралт болж хувирсан нь (фото 3)

Уэльсийн Epic Retreats

Epic Retreats баазад ирсэн зочид "Луугийн цамхаг", "Уурхайчны байшин", дээвэр нь онгойдог телескоптой өрөө эсвэл малгай хэлбэртэй асарт хонож болно. Тус бааз нь зургаан сард Сноудония мужийн И Бере цайзын ойролцоо байрладаг бол долоо ба наймдугаар сард Ллин Пенинсула хойг руу (Ирландын далайгаас 30 милийн зайд) шилжин үйл ажиллагаа явуулдаг. Epic Retreats баазад дөрөв хоноход 1,400 евро болно.

"Лес и Море", Алтай

Йедыгем голын эрэг дагуу байрладаг энэхүү бааз нь жуулчдын хөл хөдөлгөөнөөс хол байдгаараа онцлогтой. Цаст уулс, гол горхи, хүрхрээ гээд энд байгалийн гайхамшгууд бүгд цогцолсон байгаа. Жуулчдыг Горно-Алтайск онгоцны буудал дээр тосч аван, жуулчны бааз руу нисдэг тэргээр хүргэнэ. "Лес и Море" жуулчны баазад дотроо шүршүүр, ариун цэврийн өрөөтэй майхнууд байдаг ба ахлах тогооч нутгийн хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн зоогоор үйлчилдэг. Зочид мөн жуулчны баазын хөтөчтэй хамт хүрхрээ уулс болон бусад үзэсгэлэнт байгалиар морин ба явган аялал хийх боломжтой.

Глэмпинг: Майхантай аялал тансаг зэрэглэлийн амралт болж хувирсан нь (фото 4)

Sleeping vith Van Gogh, Нидерландын өмнөд хэсэг

Брабант муж нь Ван Гогийн ачаар олон улс даяар алдартай болсон юм. Ван Гог энд төрж өссөн бөгөөд "The Potato Eaters" нэртэй анхны бүтээлээ ч туурвиж байжээ. Тэрбээр хожим нь мөн Брабантын үзэсгэлэнт байгалийг өөрийн бүтээлүүддээ дүрсэлж байсан юм. Sleeping vith Van Gogh жуулчны бааз Бельги улсын хилээс холгүй оршдог ба таван өөр байрлалтай долоон асарт үйл ажиллагаагаа явуулдаг. Жуулчид япон стилийн интерьертэй (Ван Гогийн "Courtesan (After Eisen)" ,"Portrait of Père Tanguy" зэрэг бүтээлүүдээс сэдэвлэсэн) эсвэл хөдөө нутгийн засалтай асаруудаас сонголтоо хийх боломжтой. Харин үнийн хувьд нэг хоноход 150 евро төлөх шаардлага гарна.

 

цааш үзэх