Тэмдэглээд аваарай: Аяллын тухай хамгийн сонирхолтой таван блог
Аялалд гарахдаа ямар эд зүйлс авч явах, хэрхэн зардлаа хэмнэх болон бусад хэрэгтэй мэдээллүүд
Сүүлийн үед хуучны уламжлалт аяллын хөтчүүдийн оронд олон нийтийн сүлжээн дэх аялагчдын хувийн туршлага дээр суурилсан төрөл бүрийн блогууд дэлгэрэх болжээ. Зарим аялагчид бүрэн хэмжээний тэмдэглэл хөтөлдөг бол өөр нэг хэсэг нь Instagram-аар дамжуулж өөрийн туршлагаасаа хуваалцахыг илүүд үзэж байна. Аялагчид эдгээр блогуудаар дамжуулан хувийн сэтгэгдлээсээ хуваалцаж, уншигчдад жуулчдын төдийлөн сайн мэддэггүй газруудыг танилцуулж, мөн мэдээж аяллыг нь маш дэлгэрэнгүй харуулах зургуудаар баяжуулж өгдөг давуу талтай.
Ингээд бид таны аялалд хэрэг болох, хамгийн сонирхолтой таван блогийг сонгон танилцуулж байна.
The Points Guy
Энэхүү дижитал тавцанг Брайан Келли анх үүсгэн байгуулсан юм. Тэрээр өөрийн блогоор дамжуулж хэрхэн маш бага зардлаар илүү олон газруудаар аялах тухай зөвлөгөөг уншигчиддаа өгдөг. Түүний энэхүү блог дэлхий даяар маш алдартай болсноор Forbes сэтгүүл түүнийг 2017 оны хамгийн нөлөө бүхий аяллын блогер хэмээн нэрлэсэн байгаа.
Брайан Келлигийн үзэж буйгаар бол нислэгийн миль цуглуулж, урамшууллын хөтөлбөрт хамрагдсанаар аяллын зардлаа хэд дахин хэмнэж болдог гэнэ. Үүний тулд нислэгийн компаниас гаргаж байгаа урамшууллын карт нээлгэж, оноо цуглуулах хэрэгтэй аж. Үүнээс гадна Брайан нислэгийн компаниудаас хэрхэн давуу эрхтэй статус авах тухай зөвлөгөөг өгдөг байна.
Young Adventuress
Лиз Карлсон хэмээх бүсгүй бүр 2010 оноос эхлэн аялсан газрынхаа тухай тэмдэглэл хөтөлдөг байсан юм. Үүнээс хойш Лиз 50 гаруй орноор аялжээ. Гэхдээ тэрээр өөрийн төрөлх Шинэ Зеланд улсын тухай бичих хамгийн дуртай байдаг.
Лиз Карлсоны блогоос жуулчдын очдог түгээмэл газруудаас эхлээд хүмүүсийн төдийлөн мэддэггүй маршрутуудыг ч олж болно. Тухайлбал блогер бүсгүй Шинэ Зеландын "South Island" арал руу яагаад өвөл очих хэрэгтэй вэ гэдгийг, мөн Вайпара Хиллс руу ямар учраас намрын улиралд очих нь тохиромжтой болохыг хэлж өгнө. Түүнчлэн Лиз Карлсон Иордан улсад хэрхэн Индиана Жонс шиг аялж, Каппадокияд зохиогддог агаарын бөмбөлгийн наадамд ямар үед очиход тохиромжтой байдаг, мөн хаанаас эртний хөшөөнүүдийг харж болох талаар дэлгэх болно.
The Blonde Abroad
Өнөөдөр Кирстен Ричийн аяллын блогийг өдөрт 350 мянган хүн уншиж байна. Саяхан Кирстен Өмнөд Калифорнид өөрийн гэсэн баг бүрдүүлж, оффисоо нээсэн байгаа. Тэрээр олон нийтийн сүлжээн дэх хуудсуудаа ч маш идэвхтэй хөтөлж, мэдээллүүдээ тогтмол шинэчилж байдаг. Гэхдээ тэрээр өөрийн вебсайтаараа дамжуулж аялсан газруудынхаа тухай дэлгэрэнгүй бичиж, туршлагаасаа хуваалцдаг. Хэдийгээр Кирстен ихэнх тохиолдолд Европын орнуудаар аялдаг боловч түүний блогоос Ази, Африк, Өмнөд Америкийн улсуудын тухай маш хэрэгтэй мэдээллийг авах боломжтой. Жишээлбэл өмнө нь хэзээ ч сафари аялалд гарч, ан хийж үзээгүй хүмүүст тэр эхлээд сафари клубуудээр орж үзэхийг зөвлөдөг. Ингэснээр ямар нэг гэнэтийн явдал тохиолдоход хэрхэн биеэ авч явах тухай олж мэдэх боломжтой байдаг аж.
Сонирхуулахад идэвхтэй амралтыг илүүд үздэг хүмүүсээс гадна ганцаараа аялахыг хүсч байгаа аялагчдад ч бас түүний блог таалагдана гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэж үү? Яагаад гэвэл Кирстен Рич блогоо нээсэн цагаас эхлэн эмэгтэй хүн ганцаараа аялах нь хэцүү бөгөөд аюултай гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж ирсэн юм. The Blonde Abroad блогоос ганцаараа аялах үедээ хэрхэн эрүүл мэнддээ анхаарал тавих талаар мэдэх боломжтой. Тухайлбал эхний ээлжинд гэр бүл болон найз нөхдөдөө аяллын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулах ёстой гэнэ. Түүнчлэн зөвхөн өдрийн цагаар хийгдэх нислэгийг сонгох хэрэгтэй аж. Ингэснээр харийн оронд шөнийн цагаар ганцаараа явах шаардлагагүй болж байгаа юм. Кирстен дэлгэрэнгүй зааварчилгааг вебсайт дээрээ байршуулдаг ч Instagram хуудсаараа аяллынхаа талаар тоймлон хүргэдэг байгаа.
Nomadic Matt
Мэттью Кепнес бол хэрхэн бага зардлаар аялах тухай дэлгэрэнгүй зааварчилгаатай "How to Travel the World on $50 a Day" гэх New York Times сонины бестселлер номын зохиолч юм. Түүний энэ ном асар их амжилтанд хүрсний дараа тэрээр аяллын блогоо үүсгэн байгуулжээ. Мэттью зөвхөн өөрт төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаад зогсохгүй анх удаа аялж байгаа хүмүүст бодит амьдрал дээр тулгуурласан, маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгдөг. Жишээлбэл аялалд авч явахад хамгийн тохиромжтой камер, дэлхий аль ч өнцгөөс хамгийн хямд үнэтэй, цэвэрхэн зочид буудал хэрхэн олох зэрэг маш хэрэгтэй мэдээллүүдийг Nomadic Matt блогоос уншиж болно.
Үүнээс гадна Мэттью Кепнес зардлаа хэрхэн хэмнэж, хэрэггүй зүйлсэд мөнгөө үрэхгүй байх талаар ч зөвлөгөө өгдөг. Юуны өмнө аяллынхаа төлөвлөгөөг маш тодорхой гаргаж, төсөвөө тооцоолох хэрэгтэй гэж блогер залуу үзэж байна. Аяллынхаа төлөвлөгөөг гаргах зуураа байрлах зочид буудлуудын үнийг харьцуулж , нөхцөлүүдийг нь судлах хэрэгтэй. Ингэснээр интернетийн төлбөр гэх мэт илүү зардал гаргахгүй байх боломжтой. Мөн тэрээр тухайн улсад юу үзэж, сонирхож болох талаар ч хуваалцдаг байна. Жишээ нь Квебек хотод очсон хүмүүст тэр "Terrace Dufferin" барилга болон Монморанси хүрхрээг сонирхож, Chez Ashton ресторанд уламжлалт зоогийг амталж үзэхийг санал болгожээ. Харин шинэлэг зүйл харахыг хүссэн хүмүүст тэрээр Аргентин улсын Игуасу хүрхрээ болон Индонези улсын Ява арал дээр байрладаг Боробудур хийдийг очиж үзэхийг зөвлөсөн байна.
Passion Passport
Passion Passport бол мэргэжлийн гэрэл зурагчид, аялагчид, блогерүүдыг нэг дор цуглуулсан маш онцгой төсөл юм. Энд дэлхийн аль ч орны тухай маш сонирхолтой түүхүүдийг нэгтгэсэн асар том архив бий. Тиймээс уншигч хүссэн газраа сонгоход л тухайн сэдэв доорх бүх материалууд гарч ирнэ. Жишээ нь хэрэв та Перу улсыг зорихоор шийдсэн бол Passion Passport тавцан танд ямар түүхэн дурсгалт газруудыг үзэх, Мачу-Пикчу руу хэрхэн хүрэх зэрэг чухал мэдээллүүдийг өгөх болно.
Мөн уншигчид аялалд гарахаасаа өмнө заавал мэдэж байх хэрэгтэй маш олон зөвлөгөөнүүдийг эндээс унших боломжтой. Тухайлбал анхны тусламж үзүүлэхэд хэрэг болох эмийн жагсаалтыг (өвчин намдагч, ханиадны эсрэг цагаан гааны эм, харшлын эсрэг эм, булчингийн өвдөлтийг намдаадаг гавар гэх мэт) дэлгэрэнгүй танилцуулсан байгаа.