Buro Review: Улаанбаатарт шинэхэн нээгдсэн эрчүүдийн хувцас загварын брэнд ISAIA
High-end menswear
Италийн алдарт ISAIA брэндийн Монгол дахь салбар дөнгөж үүд хаалгаа нээгээд байна. Энэхүү тансаг зэрэглэлийн дэлгүүрийг нээсэн Премьер Тайлор компаний зүгээс уншигчиддаа үргэлж шинэ мэдээ мэдээллийг хүргэхийг зорьдог Бюрогийн хамт олныг онцолж, Ө.Содгэрэлийг тус дэлгүүрээр зочилж, өөрийн сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол залуусын классик хувцаслалтын соёлд үнэтэй хувь нэмэр оруулж буй Т.Зориг эрчүүдэд юу санал болгож байгаагаа дэлгэрэнгүй тайлбарласан бол Ө.Содгэрэл шинэхэн дэлгүүрийн талаарх сэтгэгдлээ уншигчиддаа хуваалцаж байна.
Улаанбаатарын эрчүүдийн хувцас загварт шинэ уур амьсгал оруулж ирэхээр зорин ажиллаж байгаа ISAIA брэндийн дэлгүүр лүү орж явахад, цонхны үзүүлэн өвөрмөц бөгөөд өөрсдийг нь илтгэсэн байсан нь их сайхан санагдлаа. Улаанбаатарт үзмэрийн цонхоо чимэглэж бэлддэг дэлгүүрүүд маш ховор шүү дээ. Цонхны цаадах үзүүлэн дотор зүү утас, том дамар байсан нь энд захиалгаар хүний биед таарсан хослол хийж өгдөгийг нь илтгэнэ. Үүдээр дөнгөж ороход шүрэн улаан өнгийн төгөлдөр хуур байх ба хана дагуу маш өнгөлөг, шинэлэг загварын хослолууд өлгөжээ. "Яагаад заавал уйтгартай байх ёстой юм бэ" гэсэн юм шиг шинэлэг интерьер дизайн бүхий тухтай орчинтой юм.
Шинэ улирлын цуглуулгатай танилцъя
"ISAIA жилд хавар-зун, намар-өвөл гэсэн хоёр улирлын цуглуулга гаргадаг. Энд одоо 2016 оны зургаадугаар сард Миланд танилцуулсан намар-өвлийн цуглуулгын дээжүүд ирсэн. Бид энэ улиралд саарал, далайн хөх, хул болон нил ягаан зэрэг өнгөтэй хослолууд санал болгож байгаа" гэж Т.Зориг хэллээ.
Эрчүүд ихэвчлэн дөрвөн улирал өмсөх материалтай хослолуудыг Улаанбаатараас авдаг байсан бол, одооноос эхлэн эрчүүд хувцаслах соёлыг өөртөө бүрэн хэрэгжүүлж, улирал бүрт өөртөө тохирсон дүр төрх бүрдүүлэх боломжтой болжээ. Хавар-зуны улиралд нимгэн материалтай өнгөлөг хослол өмсөх тохиромжтой бол намар-өвлийн улиралд дулаан материалтай өөрт тохирсон өнгөний хослолыг сонгон авах, эсвэл захиалах боломжийг ISAIA бүрдүүлж өгч байна. Эндээс эрчүүдэд хэрэгтэй чанартай загварлаг хослолууд, байгалийн чулуун аксесуар, гутал, гадуур хүрэм гээд бүхий л зүйлийг нэг дороос олж болох юм байна.
Орчин үеийн, өнгөлөг, цоглог загварууд

ISAIA брэндийн загваруудыг сайн ажиглах юм бол маш орчин үеийн уур амьсгалтай юм. Тэгэхдээ бас загвар хөөцөлддөггүй, өнгөлөг хувцаснаас татгалздаг эрчүүдэд зориулсан классик хар хөх, саарал хослол санал болгодог. Энэ нь ISAIA брэндийн 1920 оноос хойш эрчүүдийг хувцаслаж байгаа түүхтэй нь салшгүй холбоотой байх хэмээн бодогдож байлаа.
Бүх хослол, загвартай танилцаж байхад Pitti Uomo-д оролцогсодын street style зургууд шууд санаанд орж байлаа. Та хэрвээ санаж байгаа бол хамгийн загварлаг эрчүүдийг бид тэндээс хардаг шүү дээ. Биед төгс таарсан, сонирхолтой хээтэй хослолууд өмссөн залуучуудын өнгөний сонголт захаа босгоход нь хүртэл өөр, дэгжин байдаг билээ. ISAIA брэнд яг л тэрхүү хэв маягийн төлөөлөл мэт санагдлаа.
Бүх загварууд Италид хийгддэг үү?
"ISAIA брэндийн загварууд болон үйлчлүүлэгчээс авсан захиалга бүгд Италийн Наполи хотод гар аргаар үйлдвэрлэгддэг. Ерөнхийдөө италичууд дэлхийд хамгийн алдартай хослол хийдэг хүмүүс шүү дээ. Тэгвэл Итали дотроо Наполичууд хамгийн шилдэг нь байдаг юм. Kiton, Attolini, ISAIA гэх дэлхийн топ гурван брэнд бүгд Наполигоос гаралтай бөгөөд ISAIA нөгөө хоёроосоо илүү боложмийн үнэ санал болгодог онцлогтой. ISAIA брэндийн хувьд хэрэглэгчдээ өгөх тав тух хамгийн чухал нь байдаг. Ингэхдээ ямар нэг шинэ технологи ашигладаггүй бөгөөд харин яг л 1900-1920 онд хослол яаж үйлдвэрлэдэг байсан тэр үндсэн аргачлалаар хийгддэг. Бид ирэх жилээс захиалгаар даавуун өмд, жинсэн өмд, спорт өмднүүд хийнэ" гэж дэлгүүрийн хамт олон нэмж хэллээ.
ISAIA-г дэлхийд алдаршуулсан Made to Measure үйлчилгээ
Хүн биеийн хэмжээгээ өгч, өөртөө таарсан хослол, цамц, өмд захиалан өмсөх нь зөв, сайхан хувцаслах соёлын хамгийн том илрэл юм. Хүн бүрийн бие адил төсгүй бөгөөд, олноор үйлдвэрлэгддэг хувцас худалдан авахад ихэнх тохиолдолд мөр нь багадсан, гэдсээрээ барьсан, эсвэл гуяараа өргөдсѳн хослол таарах тохиолдол байдаг. Харин зөвхөн танд зориулан урласан хувцас өмсөхөд хаанаас нь ч харсан өөлөх юмгүй байх ба таныг цэмцгэр, төгс харагдуулдаг.
Та эндээс хүссэн өнгө материалаараа хослолоо захиалж болох бөгөөд, хослолоос гадна мөн сорочка цамц өөртөө зориулан захиалж болох юм. Сорочка цамцны материал, өнгөний сонголт мөн маш баялаг байх ба тансаг даавуугаар хийгддэг нь эмэгтэйчүүд бид ч захиалж хийлгэмээр санагдаж байлаа.
Т.Зориг хэлэхдээ "ISAIA брэндийн хослолууд маш нарийн ажиллагаагаар бүтдэг шиг сорочка цамц нь ч олон онцгой зүйлтэй. Жишээ нь дэлхийн хамгийн үнэтэй, захиалгаар бүтдэг Kiton брэндийн сорочка цамц 13 гар ажиллагаа орсон байдаг бол ISAIA-гийн цамц 11 дамжлагаар бий болдог. Товчны нүх хүртэл гараар оёгддог юм. Тэгсэн хэрнээ Kiton-оос хамаагүй боломжийн үнэтэй. ISAIA брэндийн хамгийн чухал зүйл бол тав тух. Тийм ч учраас хувцас нэг бүрийн бүтэц, материал дээр маш их анхаардаг. Та захиалга өгвөл эндээс хослол болон цамцны бүх материалыг сонгож, биеийн хэмжээгээ өгөх болно. Улмаар таны захиалга Наполид хийгдэх ба 45-60 хоногийн дараа Монголд ирнэ" хэмээн онцоллоо.
Костюм бол цамцан дээрх цамц
Италичууд костюмыг цамцан дээрх цамц гэж нэрлэдэг. ISAIA-гийн намар-өвлийн хослолууд ч яг л энэ үгэнд нийцэхүйц маш хөнгөхөн юм. Хүрэмний мөр нь зөөлөн биед эвтэйхэн байхаар хийгджээ. Тэгэхээр одоо хуучных шиг өөрийнхөө биед таараагүй, аав, өвөөгийнхөө өмсдөг байсан шиг эртний загвартай хослол өмсөлгүй, зоригтой сонголт хийн сайхан хувцаслахыг эмэгтэйчүүд бид уриалж байна. Залуучууд өөрийгөө өнгө, хээ, шинэлэг загвар, өөрт таарсан хувцасаар илэрхийлж, жилийн дөрвөн улиралд тохирсон дэгжин хослолтой болох боломж бүрджээ.
Өөрийгөө урамшуулж чаддаг ISAIA эрчүүд
ISAIA эрчүүд гэж хэн бэ гэвэл амьдралын бүх л мөчүүдээс таашаал авч чаддаг, жижиг гэлтгүй аливаа зүйлсийн гоё сайхныг мэдэрч чаддаг жинхэнэ эр хүн юм. Тэд олон улс орноор аялж, сэтгүүл, вэбсайтаас хэрэгцээт мэдээллээ авдаг бизнесмэнүүд байдаг. Хэцүү зүйл тулгарсан ч тэндээс сайн талыг олж хардаг, өөрийгөө үнэлдэг, өөрийгөө урамшуулж чаддаг, товчхондоо маш мэдрэмжтэй эрчүүд юм.
Аз бэлэглэх ISAIA
ISAIA брэнд анх 1920 онд Наполид үүсгэн байгуулагдсан гэр бүлийн компани бөгөөд сүүлийн арван жилд улаан шүрний дүрстэй лого хэрэглэж байгаа. ISAIA брэндийн ерөнхийлөгч Жианлука Исаяд нэгэн найз нь яг ийм хэлбэртэй шүр бэлэглэж байжээ. Наполид шүр бэлэглэх нь хүмүүс бие биедээ аз өгч байгаа гэсэн утгатай тул Жианлука яг л тэр бэлгэнд ирсэн шүрний хэлбэрээр логогоо шинэчилж, бүх загвартаа улаан шүр оруулах болсон байна.