Нүүр будалтын хүч: Энэ хавар хийж болох шилдэг будалтууд

Үзэсгэлэнтэй

Энэ хавар та дур булаам эмэгтэй, сайхан бүсгүй, эсвэл нууцлаг харийн эмэгтэйн аль төрхийг илүүд үзэх вэ? Дэлхийн гоо сайхны супер брэндүүдийн энэ хаврын шинэ цуглуулгаар ямар төрх бүтээж болохыг үзэцгээе

Өнгөрсөн долоо хоногт Tom Ford-ын нүүр будалтын хаврын шинэ цуглуулга гарснаар хаврын будагны цуглуулга шинэчлэгдэж дууссан гэж хэлж болно. Одоо бүх л брэндийн хамгийн сүүлийн үеийн будагнууд бүгд дэлгүүрт оччихсон байгаа. Тэгэхээр шинэ улиралын бүтээгдэхүүнээр ямар шинэ дүр бүтээж болох вэ? Бид хоорондоо тэс ондоо таван төрх сонгон авч, танд санал болгож байна.

Байгалийг шүтэн бишрэгч

Энэ жил Chanel далайн эргээр зугаалж, цээж дүүрэн амьсгал авч, усны тусгалд шөнийн сарыг харж, мандах нарны туяаг таашааж, байгалийн эрч хүчээр тэтгэгдэхийг бидэнд санал болгож байна.

Үүний тулд бид Moonlight Pink болон Ocean Light өнгийн нүдний тень болон Sunrise Trip хумсны будгийг туршаад үзээрэй. Мөн Mighty, Energy, Shipshape зэрэг уруулын будагнуудын нэгийг сонгоод л та байгалийг шүтэн бишрэгч эмэгтэйн дүрд хувирна.

Цэцэглэж буй бүсгүй

Dior, Clarins, Dolce&Gabbana гээд хэд, хэдэн загварын ордон цэцэглэж буй бүсгүйн дүрд хувирахыг залуу бүсгүйчүүдэд санал болгож байна. Үүний тулд яах вэ? Зовхи болон хацартаа цэцгийн тоосонцор түрхэж, хумсаа цэцгийн дэлбээгээр чимж, уруулаа цэцгийн шүүсээр будна. Dolce&Gabbana энэ дүрд зориулж бүр тусгай сарнайн үнэртэн гаргасан гээд бод доо.

Эрх чөлөө, аялал болон нууцлаг зүйлсд дурлагч

YSL биднийг алс хол одож, эрх чөлөөг мэдэрч, харийн бүсгүйн дүр төрхийг өөр дээрээ туршиж үзэхийг санал болгожээ. Тод өнгө, хурц үнэр, гялалзаж буй нүд өөр рүү чинь хүмүүсийг илбийн юм шиг татах болно. Ийм төрхийг бүтээхэд Gypsy Opale өнгө засагч, Bohemian Pink болон Hippie Green гэх гайхалтай өнгөтэй сормуусны будгууд, Tangerine Boho болон Rose Folk уруулын будаг, Love Pink, Peace Green гэх нэртэй хоёр өнгийн хумсны будгууд танд тусална.

Парис бүсгүй

Энэ хаврыг Парист угтахыг Lancome танд санал болгож байна. Энэхүү үзэсгэлэнт хотын хамгийн гайхамшигтай газруудыг судалж, жинхэнэ франц эмэгтэй шиг мэдэрч болох юм. Үүний тулд л тус брэнд, Paris en Rêve болон Paris Merveilleux нүдний тенийн цуглуулга, Jaune Grands Boulevards болон Bleu Ciel Parisien гэх гэгээлэг өнгөтэй хумсны будгууд, зөөлөн хул ягаан өнгийн Aube de Printemps уруулын будаг худалдаанд гаргажээ.

Хөнгөмсөг эмэгтэй

Smashbox компани хаварт зориулж Be Legendary Lipstick гэх бүүдгэр өнгөтэй уруулын будгийн цуглуулгаа шинэчилжээ. Тэд уруулын будгаа илүү их чийгшүүлэгчтэй болгосноор өдөр бүр олон дүр төрх бүрдүүлэх боломжтой боллоо.

Г.Тэмүүлэн

2016-04-06, 09:00