
Донателла Версаче сүүлийн цуглуулгаа танилцуулсан байх магадлалтай
Загварын ертөнцийн домог болсон хатагтай Донателла Версаче өөрийн төрсөн ах болох Жанни Версачегийн үүсгэн байгуулсан хувцас загварын ордонд 1997 оноос хойш гүйцэтгэх болон бүтээлч захирлын албыг хавсран хашиж байсан ч 2018 онд өөрийн гэр бүлийн брэндийг одоогийн Capri Holdings компанид худалджээ. Үүний дараачаар хатагтай Донателла гэрээт нөхцөлөөр Versace брэндэд бүтээлч захирлын албан тушаалыг хашиж байгаа билээ.
Харамсалтай нь Италийн MF Fashion компанийн мэдээлж буйгаар энэ сард Донателлатай байгуулсан гэрээг Capri Holdings дахин сунгахгүй гэж мэдээлжээ. Hollywood Reporter сэтгүүлийн Итали улс дахь салбар агентлаг энэ талаар тайлбар хүсэхэд Versace брэндийг эзэмшдэг Capri Holdings дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй ч цуурхлыг няцаагаагүй байна. Үүнтэй зэрэгцэн Италийн алдарт Prada загварын ордон Versace брэндийг худалдаж авах талаар хүсэлтээ илэрхийлсэн ба энэ нь бизнесийн салбарынхны дунд халуун яриа болж байгаа юм. Түүнчлэн Capri Holdings компаниас гаргасан Versace брэндийн үнэлгээ өмнө үеэс буурсан байх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Юутай ч хэрэв Донателла тус брэндээс бүр мөсөн гарах аваас хоёрдугаар сарын 25-нд толилуулсан 2025 оны намар-өвлийн коллекци нь түүний сүүлийн бүтээлч ажил болох юм.
Тус шоунд танилцуулагдсан богино юбка, нумарсан өсгийтэй сандаал, брэндийн алтлаг хээ гэх мэт загварууд поп-арт урсгалыг илтгэсэн бөгөөд өнгө болон хээ угалзны хоорондын нийлэмжүүдийг зоригтой илэрхийлдэг тус брэнд энэ удаад мөн л гүйцэтгэлээ сайн хийжээ. Өвлийн улиралд өмсдөг куртканы сөдөн оруулгатай материалыг даашинз болгож, үе үеийн Versace брэндийн цуглуулгуудыг илүү баяжуулж, эрэгтэй эмэгтэй загваруудыг ээлжлэн харуулсан нь Донателла Gen-Z үеийнхэн рүү улам илүү анхаарлаа хандуулж байх шиг...
Ахынхаа дуу хоолойг хүргэнгээ, ганц Донателла л сэдэж чаддаг түүний бүтээлүүд нь ахин нэг хувцас загварын түүхийг бичлээ. Цаашид тэрээр өөрийн босголцсон Versace хаант улсдаа үлдэх, эс үлдэх нь асуултын тэмдэг болон үлдлээ.
Үүгээр уншигчдадаа Versace брэндийн 2025 оны намар-өвлийн коллекцийг танилцуулж байна.



































































Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт