Миланы эрэгтэй загварын долоо хоног дээрх онцлох 4 цуглуулга
Хавар-зун 2023
Энгийн байдлыг эрхэмлэсэн Prada брэнд
Раф Симонс болон Миучча Прада нарын толилуулсан хавар-зун 2023 эрэгтэй цуглуулгад капсул хувцасны шүүгээг бүрдүүлэхэд туслах цэмцгэр загварууд зонхилжээ. Дизайнерууд тэс өөр, цоо шинэ зүйлийг эрэлхийлэхээс илүү хамгийн сонгодог бөгөөд өдөр тутамдаа түгээмэл өмсдөг тейлор хийцтэй хар өнгийн хослол, шулуун силуэттэй тренч цув, шоотой пальто, савхин хүрэм, ноосон свитер, жийнсэн комбинзон зэргийг урласан байна. Прадагийн хэлснээр энэхүү цуглуулга нь энгийн байх үндсэн санаанд суурилан бүтжээ. Мөн бүтээлч захирлууд аливаа хувцас ямар ч энгийн загвартай байсан стайлингийн тусламжтай өөр өөр уур амьсгал бий болгох боломжтойг харуулсан юм. Тухайлбал, загварын шоуны үеэр нүцгэн биен дээр эхлээд савхин топ, харин савхины дээрээс даавуун цамц давхарласан аргачлалыг толилуулсан бөгөөд Раф Симонс үүнийг “нэг төрлийн этгээд, логикоос гадуур хоршил” хэмээн тодорхойлсон билээ.
Барокко, поп хэв маягийг нэг дор цогцлоосон Versace
Versace брэндийн хавар-зун 2023 эрэгтэй цуглуулгын загварын шоу хэд, хэдэн онцлог үйл явдалтайгаар зохион байгуулагдлаа. Донателла Версаче эрэгтэй загваруудын хажуугаар багагүй хүлээлт үүсгээд байсан Versace Home гэрийн декоруудын цуглуулгаа танилцуулсан юм. Тэрээр моделиудын нэг гарт нь цүнх, харин нөгөө гарт нь ваар бариулж, таваг, кофены аягыг тэлээнээс нь зүүж сонирхолтой байдлаар декоруудаа толилуулсан билээ. Харин хувцасны хувьд брэндийн нэрийн хуудас болсон Ромоос сэдэвлэсэн хээ давамгайлсан бөгөөд Версачегийн хэлснээр “өөдрөг, эрч хүчтэй” орчин бүрдсэн байна. Түүнчлэн Версаче эко латекс, байгальд шингэцтэй хиймэл арьс ашиглаж тогтвортой загварын эгнээнд орох оролдлогоо эхлүүлжээ.
Dolce & Gabbana брэндийн “шинэ винтэж” цуглуулга
Бүтээлч захирлууд болох Доменико Дольче, Стефано Габбана нар энэ удаа тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг болсон нийгмийн сэтгэлгээ, залуучуудын дунд дэлгэрч буй чиг хандлагад суурилан бүтээсэн цуглуулгаа танилцууллаа. Дэлгэрүүлбээс, Дольче болон Габбана нар хувцас шинээр хийх биш, харин 1990-2000 оны хооронд урласан, одоо архивд хадгалагдаж буй загваруудаараа цуглуулгаа бүрдүүлжээ. Ингэхдээ тэд сонгон авсан хувцаснууддаа багахан өөрчлөлт оруулан засварласан байна.
Дизайнерууд 1990 онд анхны эрэгтэй загваруудаа дэлгэж байсан бөгөөд тэдний зоригтой туршилтууд хийж, эрх чөлөөтэй сэтгэж, шинэлэг зүйл эрэлхийлдэг зан чанар нь дэлхийн анхаарлыг татаж чадсан байдаг. Ийнхүү бүхний суурь болсон эхлэл цэгээ дурсахын сацуу орчин үед 2000-аад оны хэв маяг эргэн ирж, залуучууд винтэж хувцсанд дурлах болсон гэх хэд, хэдэн шалтгаанаар бүтээлч захирлууд чухам 1990 болон 2000-аад онуудын архиваа сөхөхөөр шийджээ. Хавар-зун 2023 цуглуулгад багтсан бүх хувцаснууд анх танилцуулж байсан огноо бүхий тусгай шошготой байна.
90-ээд оны дунд үеийн гоо зүй шингэсэн Fendi-гийн цуглуулга
Миланы загварын долоо хоногийн хоёр дах өдөр Fendi ордон олон төрлийн материал, хээ, хэлбэр хосолсон цуглуулгаараа бэлэг барилаа. Шоуны тайзнаа алхах моделиудын төрхийг харахад 90-ээд оны скейтерүүдийн загварын соёл руу өнгийх шиг болсон юм. Тухайн жилүүдийн онцлогийг тайзнаа үзэгдсэн поло захтай футболка, жийнсэн комбинзон, oversize силуэттэй өмд болон панама малгай тодорхойлж байв. Үүний сацуу эрэгтэй загварын бүтээлч захирал Сильвиа Вентурини Фенди нь эмэгтэй хувцасны дизайнер Ким Жонсын толилуулсан хавар-зун 2022 цуглуулгаас сэдэвлэн байгаль болон амьтдын хээг түлхүү оруулжээ. Ингэсэн шалтгаанаа тэрээр байгаль, дэлхий хүмүүст эрх чөлөөг мэдрүүлж чаддагтай холбон тайлбарласан юм.