Яг одоо бидний дурлаж буй зуны 5 үнэт эдлэлийн тренд
Этгээд хэлбэртэй, анхаарал татам үнэт эдлэлийн эрин үе үргэлжилсээр
Контемпорари стилийн шилэн эдлэлүүд
Хэрэв саяхан гэхэд шилэн материалтай цүнх загварын шоунууд дээр эрэлттэй байж, алдартнууд уг аксесуараар төрхөө чимж байсан бол одоо шилэн гоёл чимэглэлүүд рүү анхаарлаа хандуулах цаг ирлээ. Байгалийн тунгалаг эрдэнэт чулуу мэт харагдах ээмэг, солонгорсон өнгийн шилэн зүүлт, дусал усыг санагдуулам хэлбэртэй бугуйвч гээд минимал, контемпорари стилийн шилэн гоёл чимэглэлүүд энэ зун зонхилно гэдэгт итгэлтэй байж болно.
Далайн эргийн сэдэвтэй эдлэлүүд
Дун, хясаа, байгалийн чулуу гээд далайн сэдэвтэй аксесуарууд сэтгэл санааг дээшлүүлээд зогсохгүй бүрдүүлсэн төрхөд тань өвөрмөц богемын уур амьсгал оруулна. Сонирхолтой хэлбэр дүрстэй гоёл чимэглэлүүдийн ачаар зуныг зугаатай өнгөрүүлээрэй.
Baguette хэлбэрийн бөгж
Энэ зун цулгуй, шигтгээтэй, үнэт эрдэнээр чимэглэсэн Baguette бөгжнүүдээр төрхөө илүү чамин болгохыг зөвлөж байна. Зөвхөн ганц хуруундаа биш, харин хүссэн тоогоор, төрөл бүрийн дизайнтайг зүүсэн ч болно.
Нүсэр том кулонтой зүүлт
Saint Laurent, Hugo Kreit, Sophie Buhai зэрэг брэндүүд энэ зун жижиг хэмжээний, минимал хийцтэй зүүлтүүдээ далд хийж, оронд нь шууд л харц булаах том загваруудыг анхааралдаа авахыг санал болгож байна.
Upcycled эдлэлүүд
Байгальд ээлтэй зарчим төрөл бүрийн салбарыг байлдан дагуулж буй энэ үед залуучууд upcycling буюу хуучин эд зүйлсээ шинэчилж, сайжруулах арга дээр суурилж гоёл чимэглэлээ өөрсдөө бүтээж байна. Түүнчлэн Versace, Marine Serre, Chloé зэрэг брэндүүд сонирхолтой upcycled аксесуарууд танилцуулсан билээ.