
#BuroCrush: Хөгжмийн ертөнцөд тод гялалзаж буй од Лиса Манобан
Дебют хийсэн цагаасаа эхлэн Өмнөд Солонгост төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулж чадсан охидын хамтлаг бол BLACKPINK. Гэвч тэд сүүлийн үед тус, тусынхаа карьерт илүү анхаарал хандуулах болсон. Тэр дундаа хамтлагийн гишүүн Лиса саяхан болсон Оскарын наадмын тайзнаа уран бүтээлээ толилуулж, Alter Ego нэртэй шинэхэн цомгоо сонсогчдын хүртээл болгохын зэрэгцээ HBO платформын The White Lotus цувралын шинэ бүлэгт дүр бүтээн, жүжигчний карьераа амжилттай эхлүүлээд байгаа юм.

Тиймээс энэ удаагийн #BuroCrush-аар бид дуу хөгжмийн ертөнцөд төдийгүй кино урлагийн салбарт тод гялалзаж буй BLACKPINK хамтлагийн гишүүн Лисаг онцолж байна. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүлээн авна уу.
Ерөнхий мэдээлэл:
Нэр: Лалиса Манобан
Төрсөн он, сар, өдөр: 1997.03.27 (27 настай)
Орд: Хонь
Өндөр: 166 см
Instagram: @lalalalisa_m


YG-ийн сонгон шалгаруулалтад ганцаараа тэнцэж байв
2010 онд YG Entertainment бэлтгэгдэгч болохуйц чадвартай хүүхдүүдийг олохоор Тайланд улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байв. Харин Лисагийн хувьд багаасаа бүжгээр хичээллэж, мөн 2NE1, BigBang тэргүүтэй K-Pop хамтлагуудыг дууг даган дуулах дуртай байсан учир сонгон шалгаруулалтад оролцохоор шийдсэн гэдэг. Лисагийн бүжгийн ур чадвар шүүгчдийн анхаарлыг шууд л татаж чадсан бөгөөд тэрээр 4,000 гаруй оролцогчдын дундаас ганцаараа бэлтгэгдэгч болохоор сонгогдож, 2011 онд өөрийн мөрөөдлийг биелүүлэхээр 14 настайдаа Өмнөд Солонгос улсыг зорьж байжээ.




Ийнхүү тэрээр таван жил гаруй хугацаанд бэлтгэгдсэний эцэст 2016 онд BLACKPINK хамтлагт дебют хийж, YG Entertainment-ын хамгийн анхны гадаад уран бүтээлчээр нэрлэгдэж байсан юм.
Найман удаа Гиннесийн номд бичигдэж байв
Дэлхий даяарх шинжлэх ухаан, соёл, спорт, урлаг болон бусад олон салбарт гарсан гайхамшигтай амжилтуудыг бүртгэж, дэмжиж байдаг алдарт Гиннесийн номд Лиса нийтдээ найман удаа бичигдэж байжээ. Тодруулбал, Лиса Instagram дээрх хамгийн олон дагагчтай K-pop уран бүтээлч, MTV Video Music Awards наадмаас шагнал хүртсэн анхны K-pop уран бүтээлч тэргүүтэй рекордуудыг эзэмшдэг.

Мөн тэрээр LALISA дуугаараа YouTube платформ дээр эхний 24 цагт хамгийн олон буюу 73.6 сая үзэлт цуглуулсан соло уран бүтээлч болж, Гиннесийн номд бичигдэж байсан ба өмнө нь энэхүү амжилтыг Тейлор Свифт Me! дууны клипээрээ 65.2 сая үзэлтээр тогтоож байсан түүхтэй.
Оскарын тайзнаа уран бүтээлээ толилуулсан анхны K-pop уран бүтээлч
Саяхан Лос Анжелес хотын Dolby театрт 97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол амжилттай болж өнгөрсөн билээ. Тус үдэш Лиса 1973 онд гарсан Жеймс Бонд франчайзын Live and Let Die дууны хэсгээс толилуулсан бөгөөд ингэснээр тэрээр Оскарын тайзнаа үзүүлбэр үзүүлсэн анхны K-pop уран бүтээлч болж, түүх бүтээсэн байна.
Мөн Оскарын наадмын улаан хивсний ёслол дээр Лиса Markgong загварын ордны атлас энгэртэй, таксидо хийцтэй сонирхолтой даашинзаар дүр төрхөө бүрдүүлсэн нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад амжжээ.
Жүжигчний гараагаа тун амжилттай эхлүүлэв
Бүлэг бүр дээрээ тансаг зочид буудалд амарч буй баячуудад тохиолдох сонирхолтой, адал явдалт өөр, өөр түүхийг өгүүлдэг HBO Max-ын хамгийн алдартай цуврал болох The White Lotus цувралын гуравдугаар бүлэг үзэгчдийн хүртээл болоод буй. Цувралын эхний анги нь цацагдсан даруйдаа нийтдээ 2,4 сая үзэлтийг цуглуулж, чамгүй амжилтыг үзүүлээд байгаа билээ.

Харин Лисагийн хувьд тус цувралд зочид буудлын ажилтан Мүүк хэмээх бүсгүйн дүрд тоглож байгаа бөгөөд энэхүү цуврал нь түүний дүр бүтээсэн анхны томоохон хэмжээний кино төсөл гэдгээрээ онцлог юм. Лиса дүрийн сонгон шалгаруулалтад орсон түүхээ TheWrap вэбсайтад өгсөн ярилцлагынхаа үеэр хуваалцсан ба тэрээр "Би The White Lotus цувралд их дуртай л даа. Сонгон шалгаруулалт зарлагдах үед 'Дүрд тэнцэхгүй байсан ч яах вэ дээ. Өөрийгөө нэг сориод үзье' гэж бодоод оролцохоор шийдсэн юм. Тэгээд кино багынхан руу зохиол уншиж буй бичлэгээ илгээсний дараа зохиолч Майк Уайт надтай биечлэн уулзахыг хүссэн. Түүнтэй уулзаад дахин зохиол уншиж, хоёр дахь удаагаа сонгон шалгаруулалтад орсон. Үүнээс хэд хоногийн дараа тэд над руу утасдаж намайг дүрд тэнцсэн гэдэг мэдээг дуулгасан даа" хэмээн ярьжээ.
Түүнчлэн энэхүү цуврал нь яг одоо Монголд албан ёсны эрхтэйгээр цацагдаж байгаа ба та Юнивишнийн НВО багцаас дэлхий нийттэй зэрэгцэн эх хэл дээрээ үзэх боломжтой. Мөн The White Lotus цуврал нь олон улсад долоо хоногт 1 анги гарч байгаа ба Монголд мөн адил ижил хуваарийн дагуу цацагдах юм.
Лисагийн хувийн амьдралын тухайд
Анх 2022 онд Лисаг дэлхийн хамгийн баян тэрбумтны нэг болох Бернар Арногийн хүү Фредерик Арнотой үерхдэг гэх цуурхал гарч байсан билээ. Улмаар тэдний болзож буй зургууд ар араасаа цацагдаж эхэлсэн ч Лисагийн зүгээс тус мэдээлэлд ямар нэгэн албан ёсны хариу өгч байгаагүй юм. Гэвч тэд одоог хүртэл хамтдаа аялж, чухал үйл ажиллагаанд оролцож яваа харагддаг бөгөөд Лисаг Фредерик Арногийн гэр бүлтэй хүртэл маш дотно харилцаатай гэх мэдээлэл цацагдсан билээ.

Мөн Лисагийн шинэ цомогт багтсан Moonlit Floor дууны үг Фредерик Арнод зориулагдсан байх магадлалтай хэмээн олон нийт таамаглаж байсан ч Лиса "Би тэр дууг зохиогоогүй ээ" гэх тайлбар өгч байсан удаатай.
Түүний ирээдүйн төслүүд
Лиса энэ жил соло карьераасаа илүүтэй хамтлагийнхаа үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байна. Тодруулбал, BLACKPINK хамтлаг тун удахгүй шинэ цомог гаргахаар бэлдэж байгаа бөгөөд ирэх долоодугаар сард тэд шинэхэн цомгийнхоо хүрээнд дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр зэхэж байгаа юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт