"Frozen 2" дээрх гайхалтай хувцас дизайн анимэйшнийг шинэ түвшинд гаргаж байна

Үүнийг дагаад мөн анимэйшнд зориулан хувцас дизайн гаргадаг артистууд улам бүр эрэлттэй болж байна

Анимэйшн бүтээлүүд дэх хувцас дизайн урьд өмнө үзэгдэж байгаагүй урлагийн шинэ түвшинд хүрээд байна. Энэ нь C.G.I буюу компьютер графикт дэвшилт гарсантай холбоотой бөгөөд график дизайнерууд одоо урьд өмнө нь хийх боломжгүй байсан нарийн ажиллагаатай загварын зураглалуудыг гаргах боломжтой болоод байна.

Бидний хүүхэд насандаа үзэж өссөн гараар зурагдсан анимэйшн хүүхэлдэйнүүдэд хувцас бүрийг, бүр хувцсан дээрх товч бүрийг гараар зурж, хөдөлгөөн бүрт зориулан ахин дахин зурдаг байсан тул "Үнсгэлжин", "Цасан Гуа" зэрэг гүнж нарын даашинзууд нарийн чимэглэлгүй, маш ерөнхий дизайнтай байсан билээ. Харин өнөөдөр компьютерууд тухайн үеийн бүтээлчдийн олон сарын турш хийдэг байсан зүйлсийг хормын зуур гүйцэтгэн анимэйшн дахь хувцас дизайныг нарийн детальтай, нямбай болгоход тусалж байгаа юм. Энэ хөгжил дэвшлийг дагаад мөн анимэйшн дахь костюм дизайн гэсэн харьцангуй шинэ чиглэл хүчээ авч, олон мэргэжилтнүүд энэ чиглэлээр карьерээ хөгжүүлэх хүсэлтэй болжээ.



Тухайлбал энэ жилээс эхлэн Калифорни дахь Урлагийн Институт "Анимэйшн дахь Хувцас Дизайн" гэх шинэ хичээлийн хөтөлбөр эхлүүлж энэхүү шинээр дэлгэрч буй урсгалыг загвар болон анимэйшний мэргэжлүүдэд нэвтрүүлэх зорилготой байгаа аж. "Хүмүүс хувцас дизайныг гарт баригдах боломжтой эцсийн бүтээгдэхүүнээр төсөөлдөг. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ юуны өмнө тухайн дүрийг бий болгож буй чухал хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд дүрийн үс засалт, нүүр будалт, хөдөлгөөн, тэр ч бүү хэл зан чанартай нь хүртэл хэрхэн уусан нэгдэж байгааг илэрхийлэх учиртай зүйл. Үүнд тэрхүү бүтээлийн гарт баригдах боломжтой эсэх чанар нь огтхон ч хамаагүй" хэмээн Калифорнийн Урлагийн Институтийн багш Камиль Бенда онцолжээ.

Саяхан нээлтээ хийсэн "Frozen 2" дээр л гэхэд Эльза болон Анна нарын шинэ төрхийг бүрдүүлэхийн тулд киноны бүтээлч баг Норвеги, Финлянд, Исланд зэрэг орнууд руу аялан Норвегийн үндэсний цүнхний дизайнаас эхлээд эдгээр орнуудын кутюр загвар, бүх цаг үеийн шилдэг загварын шоунууд гээд загвартай холбоотой байж болох бүхий л зүйлийг судалжээ. "Бид хувцаснууд дээрх хатгамал, оёдол бүрийг зөв чиглэлээр, уламжлалт утга агуулгын дагуу маш нямбай хийхийг хичээсэн" хэмээн Walt Disney Animation студийн гоо зүйн хөгжлийг хариуцсан артист Бритни Ли The New York Times хэвлэлд ярьсан байна.


Эльзагийн ид шидийн эх үүсвэрийг олохоор адал явдлаар дүүрэн холын аялалд гардаг эгч, дүүст энэ удаад илүү биед эвтэйхэн, хөдөлгөөн хорьдоггүй хувцас шаардлагатай болсон тул киноны бүтээлчид эхний анги дээрх урт даашинзуудын оронд илүү богино эсгүүртэй, хүчирхэг мөртэй, маш гоёмсог нарийн детальтай загварууд бүтээсэн байгаа.

"Frozen дээрх гайхалтай хувцас дизайныг хар л даа. Даашинзын эмжээр, хээ угалз, гялтганасан чимэглэл гээд энэ бүхэн чинь хувцас дизайн юм" хэмээн кино салбар дахь шилдэг хувцас дизайныг шалгаруулдаг хүндэт Costume Designers Guild Awards шагнал гардуулах ёслолын ерөнхийлөгч Сальвадор Перез энэ талаар бодлоо хуваалцжээ. Тус шагнал гардуулах ёслолд анимэйшн бүтээлүүдэд зориулагдсан тусгай төрөл байдаггүй ч одоо "Frozen 2" зэрэг гайхалтай бүтээлүүдийн ачаар уг журамд шинэчлэлт хийгдэх өндөр магадлалтай болоод байгаа юм.

 

Ө.Тодгэрэл

2019-11-28, 17:00