Токиогийн загварын долоо хоног дээрх street style: Тэс ондоо гоо зүй

Намар-өвөл улирлын загварын долоо хоногууд үргэлжилж байна

Загварын “том дөрвөл” гэгддэг Нью Йорк, Лондон, Милан болон Парис хотуудад намар-өвөл 2022 загварын долоо хоног зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус үйл явдлын араас дэлхийн анхаарлыг “том дөрвөл”-өөс дутахааргүй татдаг Токио хотын загварын долоо хоног эхэлж, брэндүүд шинэ цуглуулгаа танилцуулж байна. Энд АНУ, Европын улсуудтай харьцуулахад тэс өөр уур амьсгал бүрддэг нь цуглуулгууд, тэр дундаа гудамжаар алхах иргэдийнх нь бүрдүүлсэн төрхүүдээс мэдрэгдэнэ. Олон давхарлах стилистик аргачлал, өнгөлөг деталиуд, этгээд загвар, oversize силуэт болон аниме киноны дүрүүдийг амилуулсан хувцаслалт бол тэднийг тодорхойлох шинж чанаруудын нэг юм. Энэ жилийн хувьд ч гэсэн Токиогийн гудамжинд нэгэн хэвийн бус эрч хүчтэй, эрсдэл гаргасан зоримог төрхүүд зонхилсон бөгөөд өмссөн хувцас бүр нь хатгамал, чимэглэл, залгаас зэрэг жижиг деталиудтай байгаа нь анхаарал татлаа. Түүнчлэн дан ганц хувцаслалтдаа анхаараад зогсохгүй нүүр будалт, үс засалт, аксесуарын сонголтдоо маш бүтээлчээр ханджээ. Street style төрхүүдээс онцлог элемент нь гутал байсан бөгөөд сүүлийн үед өндөр хайп үүсгээд буй Maison Margiela брэндийн хуваагдсан хоншоортой өсгийт, платформ ултай өнгөлөг пүүз нийтлэг ажиглагдсан юм.

Buro.Mongolia

2022-03-17, 10:26