Буржгар хими: Асуулт ба хариулт
Үс хэр их гэмтдэг вэ? Ямар төрлийн хими сонгох хэрэгтэй вэ?
Буржгар хими хэрхэн хийгддэг вэ?
Үсээ индүү ба хайчны ачаар ганц, хоёр өдрийн турш буржийлгах бус, харин урт удаан хугацаанд буржгар болгохын тулд эхлээд үсний бүтэц рүү нэвтэрч, эпидермисийг нь нээх шаардлагатай. "Буржгар химийн найрлагад ордог орц бүр өөртөө тиогликолийн хүчил агуулдаг. Энэ хүчил нь үсний байгалийн бүтцийг хариуцдаг дисульфидийн гүүрнүүдийг хүсэмжит хэлбэрийн дагуу өөрчлөн засдаг юм" хэмээн Inhype Beauty Zone салоны үсний стилист тайлбарлалаа. Ийм төрлийн орцнууд үсний бүтэц рүү нэвтрэх үед үс илүү уян хатан, "дуулгавартай" болдог байна.
"Мэргэжилтэн эхлээд үсэнд бигүди эсвэл өөр төрлийн хэлбэржүүлэгч хэрэгсэл орооно. Дараагаар нь тэрээр үсэнд химийн найрлагыг түрхэн хэсэг хугацаанд байлгаж, хожим нь бэхжүүлэгч бүтээгдэхүүн түрхэнэ. Эцэст нь түрхсэн найрлагаа усаар зайлан үсийг угааж, хатаана" гэж L'Oréal Professionnel брэндийн мэргэжилтэн ярилаа.
Буржгар хими нь дотроо ямар төрлүүдтэй вэ?
Хэрвээ өмнө нь буржгар химийн найрлагад нэлээд хатуу, ширүүн нөлөөтэй орцнууд ордог байсан төдийгүй хими хийлгэхэд хэдэн цаг шаардагддаг байсан бол, одоо мэргэжилтнүүд тухайн хүний үсний онцлогоос хамааран өөр, өөр найрлагууд сонгодог болсон. Одоо афро маягийн буржгараас эхлээд beach waves гэгддэг сул долгионтой хими хүртэлх маш олон төрлийн сонголт бий. "Буржгар хими нь маш олон төрөл бий. Түүнчлэн буржгар химийн бүтээгдэхүүн гаргадаг бүр ч олон үйлдвэрлэгчид бий. Тэд бүгд тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой бүтээгдэхүүнүүд гаргадаг. Гэхдээ буржгар химийн гол ялгарах онцлог нь үс ороох аргачлалд оршдог юм. Яг одоо бол "хүйтэн" хими сонгодогт тооцогдож байна. Энэ аргачлалын дагуу үсний бүтцийг өөрчлөхөд шаардлагатай дулааныг тухайн найрлага өөрөө ялгаруулдаг бөгөөд ийм төрлийн хими хийлгэсний дараагаар үс чийгтэй байхдаа хүртэл мэдэгдэхүйц буржгар харагддаг. Гэсэн атлаа үс хуурай үед буржгар эффект нь арай сул байдаг. Харин Азийн орнуудад хүчтэй тархсан "халуун" хими нь үсийг илүү ихээр гэмтээж, илүү өндөр үнэтэй байх болов ч, үр дүнд нь үс хуурай үедээ ч хангалттай буржгар байдаг" хэмээн Olaplex брэндийн сургалтын төлөөлөгч тайлбарлаж байна.
Хэрхэн өөрийн үсний төрөлдөө тохирсон хими сонгох вэ?
Тухайн хими хэр хатуу найрлагатай, мөн үүнээс үүдээд үсийг хэр их буржийлгах чадвартай нь найрлагынх нь pH түвшин болоод орцуудаас нь хамаарна. Одоогоор хүчиллэг ба шүлтлэг төрлийн хими нь хамгийн эрэлттэй байна. Тэр дундаа шүлтлэг хими нь үсийг илүү удаан хугацаанд буржгар байлгах чадвартай. Ерөнхийдөө буржгар хими нь сул үсэнд илүү хүчтэй орж, тогтоц нь илүү удаан байдаг. "Тухайлбал Dulcia от L'Oréal Professionnel удаан хугацааны хими нь ямар нэгэн нөлөөнд ороогүй байгалийн үсэнд - 0, будагтай ба өтгөн эсвэл будагтай ба цайруулалт хийлгэсэн үсэнд - 1, будагтай ба гэмтсэн үсэнд - 2, цайвар блонд өнгөөр будсан үсэнд - 3 гэх дугааруудтай байдаг. Харин Beach Waves төрлийн хими бол үсний эрүүл мэнд ба тухайн хүний онцлогоос хамааран үр дүнгээ 6-8 долоо хоногийн турш үзүүлдэг. Ийм төрлийн хими хийлгэх үед үс зөөлөн, сул долгионтой болох бөгөөд ихэнх салонууд энэ үйлчилгээг нэг цагийн дотор хийдэг байгаа" хэмээн L'Oréal Professionnel брэндийн мэргэжилтэн ярьж байна.
Үсээ гэмтээхгүйн тулд зөв найрлагатай хими сонгох нь их чухал. Тухайлбал үсээ заавал буржийлгахгүйгээр зүгээр л илүү хөвсгөр, өтгөн болгох боломжтой. Гэтэл ихэнх хүмүүс ийм боломж байдгийг мэдэлгүй шууд л хүчтэй буржгар хими хийлгэчихдэг. "Нарийн ширхэгтэй, хэлбэрт ордоггүй хэт шулуун бүтэцтэй, налчгар үсэнд ийм төрлийн зөөлөн хими хамгаас тохиромжтой. Харин үсийг мэдэгдэхүйц буржгар болгодог, илүү хүчтэй хими нь байгалийн эрүүл, эсвэл будагтай, 50% хүртэлх цайруулалттай үсэнд илүү тохиромжтой. Зөөлөн хими хийлгэсэн нөхцөлд тогтоц нь 1-3 сарын хугацаатай байх бөгөөд үсэндээ мусс, гель, шингэн лак гэх зэрэг нэмэлт хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болно" гэж Inhype Beauty Zone салоны үсний стилист онцоллоо.
Ямар үсэнд буржгар хими тохирохгүй вэ?
Буржгар химийг үсэндээ 50-иас дээш хувийн цайруулалт хийлгэсэн хүмүүс огт хийлгэж болохгүй. Ийм төрлийн өнгөө арчуулсан, цайралттай үс нь маш ихээр гэмтсэн байдаг тул химийн дараах үр дүн бүр ч хүнд байх болно шүү.
Буржгар хими үр дүнгээ хэр удаан барьдаг вэ?
Төрөл бүрийн шалтгаануудаас хамаараад хамгийн багадаа 3-4 долоо хоног ба хамгийн ихдээ ойролцоогоор зургаан сар хүртэлх хугацаанд үр дүнгээ барих чадвартай.
Үс хэр их гэмтдэг вэ?
Орчин үед өөрийн үсний төрөл ба онцлогт тохирсон, зориулалтын буржгар хими сонгох боломжтой болсон бөгөөд үүнийг зөвхөн мэргэжилтэн л мэднэ. Гэхдээ бүтээгдэхүүний сонголт ба чанараас гадна мэргэжилтний ур чадвар хамгийн чухал. Хими хийх явцдаа үсийг ороох аргачлал, шат бүрийн гүйцэтгэл ба хяналт гээд мэргэжилтэн туршлагатай, чадвартай, мэдлэгтэй байх учиртай. "Энэ бүгдээс хамаараад зарим нөхцөлд үс үл мэдэгдэх, бага зэргийн гэмтэл авахаас эхлээд маш ихээр гэмтэх тохиолдол ч бий. Хэрвээ мэргэжилтэн үнэхээр ур чадвартай бол, мөн тэрээр хими хийх явцын шат дараалал бүрийг сайтар хянаж, тухайн үсэнд тохирсон зөв найрлагыг сонгож чадвал орчин үеийн технологийн тусламжтайгаар үснийхээ бүтцийг бараг л ямар ч золиосгүйгээр өөрчлөх боломжтой болсон" хэмээн Olaplex брэндийн сургалтын төлөөлөгч хэллээ.