Хүйтний улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?
Өвлийн улирлаас үүдэн таны арьс илүү их хуурайшаад байна уу?
Өвлийн улиралд бидний арьс энгийн үеийнхээс илүү хуурайшиж, чийгшил тэжээлээ ихээр алддаг. Арьс гоо засалчдын хувьд ч энэ үе илүү ачаалалтай болдог. Тэгвэл хүйтэн уур амьсгал бидний арьсанд яагаад муугаар нөлөөлдөг, мөн арьсаа яаж арчилбал эрүүл ба толигор байлгаж чадах вэ?
Шалтгаан: Арьсны гадаргуун төлөв өөрчлөгдөх буюу хөлдөж, гэсэх үйл явц
Орчны температур солигдох бүрт арьсан дээр бяцхан урвал явагдаж, энэ урвал нь арьсанд сөргөөр нөлөөлдөг байна. Төсөөлөх гээд үзье л дээ. Хүйтэн орчинд арьсны гадаргуу дээрх чийг, тос зэрэг нь царцан, бага зэрэг хатуу төлөвт шилжих ба харин дулаан нөхцөлд тэрхүү зайрмагтсан хэсэг хайлдаг. Тэр бүрт арьсны чийгшил алдагдахын зэрэгцээ өнгөн давхаргa гэмтэн, арьс эмзэгшиж байдаг. Цаашлаад арьсны уян хатан чанарыг алдагдуулж, хөгшрөлтийг түргэсгэх зэрэг олон сөрөг нөлөөг дагуулдаг байна. Энэ үед арьсыг энгийн үеийнхээс илүү чийгшүүлж, тэжээлээр хангах хэрэгтэйг Net-A-Porter сэтгүүлийн гоо сайхны захирал Ньюби Хендс зөвлөлөө.
Омега болон пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
Ийм нөхцөлд арьсны нөхөн төлжилтийг дэмжих нь хамгийн оновчтой аргуудын нэг юм. Тухайлбал арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх омега витамин, бодисын солилцоог сайжруулах пробиотик агуулсан хүнс зэргийг хэрэглэснээр арьсны чийгшлийг хадгалах боломжтой. Мөн зөвхөн өвлийн улирал гэлтгүй хуурай арьстай бол ямар ч улиралд омега уух нь давуу талтай болохыг Ньюби Хендс зөвлөж байна.
Арьс цэвэрлэх аргачлалаа илүү боловсронгуй болгох
Гоо засалчид бидэнд арьсаа үргэлж цэвэрлэж байхыг анхааруулдаг билээ. Ингэхдээ ухаалгаар цэвэрлэх нь чухал бөгөөд хэтрүүлсэн цэвэрлэгээ нь арьсыг бүр ч дордуулах магадлалтай. Ньюби Хендсийн зөвлөж буйгаар өвлийн улиралд тосон болон бальзам хэлбэрийн нүүр цэвэрлэгч хамгийн тохиромжтой ба нүүрээ хүйтэн бүлээн усаар угаахыг онцоллоо. Түүнчлэн зарим гоо сайхны брэндүүд төгс цэвэрлэгээ хийхэд тань туслах нүүрний алчуурыг үйлдвэрлэх болжээ. Тухайлбал Их Британийн Aurelia брэнд найрлагадаа хулс модны нарийн ширхгүүд агуулсан, бактерийн эсрэг үйлчилгээтэй алчуур гаргасан ба гоо сайхны экспертүүдийн зөвлөж буйгаар ийм төрлийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь давуу талтай байна.