Хайх

Халуун сэдэв: Хэт ягаан туяа ба SPF хамгаалалт

Халуун сэдэв: Хэт ягаан туяа ба SPF хамгаалалт

Амралтаа авах цаг ойртсоор

Text: Buro.Mongolia


Зураг:

Уншигч та магадгүй тун удахгүй амралтаа авч, халуун орон руу аялахаар төлөвлөж байгаа байх. Таныг аялалдаа бэлтгэж байх зуур бид гоо сайхны мэргэжилтнээс нарны хэт ягаан туяаны талаар хэдэн зүйл асууж, танд хэрэгтэй мэдээлэл бэлтгэлээ

Итгэж байна - итгэхгүй байна

SPF гэх ойлголттой бид хамгийн анх 1990-ээд онд танилцаж байсныг та бүгд санаж байгаа байх. Нарнаас хамгаалах учиртайг нь ойлгож байсан хэдий ч SPF 80, 100, хааяа бүр 150 гэх тоонууд юуг илтгэж байгааг тэр бүр мэддэггүй байлаа. Тэр үед бүсгүйчүүд SPF индексийн (Sun Protection Factor) гурван үсгийн учрыг олон янзаар тайлах гэж оролддог байсан. Зарим нь индексийн тоог хоёрт хувааж, зарим нь эсрэгээрээ дөрөвт үржиж, үр дүнг нь наранд ил байж болох хугацаанд тооцдог байлаа. Харамсалтай нь тэдний аль, алины буруу байсан юм. Юутай ч гоо сайхны брэндүүд бидний нарны туяанаас айх айдсыг ашиглан, олон жилийн турш сая, саяар нь ашиг олдог байв.

Цаг үе өнгөрч, интернет сүлжээ хөгжих үед бид бүгд SPF-ийн учрыг тайлж, гоо сайхны брэндүүд биднийг хуурдаг байсныг олж мэдсэн. Нарнаас хамгаалах хүчин чадлын индекс манай дэлхийн агаар мандлын нөхцөлд хэзээ ч 100%, эсвэл 150% байх боломжгүй юм. Юуны түрүүнд SPF гэх ойлголт нь таны сонгосон тос нарны хэт ягаан туяаны хэр их цацрагийг хаахыг, мөн хэр их цацраг таны арьс руу хүрэхийг харуулдаг индекс юм. Үүнийг хамгийн хялбараар ойлгохыг хүсвэл хамгаалалтгүй арьс руу хүрэх хэт ягаан туяаны цацрагийг 100% гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ танд SPF 30-тай тос байвал, 100%-ийг тэрхүү 30 гэсэн тоогоор хуваана. Тэгэхээр 100:30 ≈ 3.3%.

Эдгээр 3.3% хэт ягаан туяаны цацраг таны арьс руу хүрч, харин үлдсэн 96,7% нь тосны SPF-ээр блоклогдоно гэсэн үг юм. 3.3% гэдэг маш бага тоо мэт санагдаж болох ч, энэ нь таны арьсыг цочроож, улайхад хүргэх хэмжээний тоо юм. Тиймээс SPF 6 ба 15 индекстэй тоснууд арьсыг тань тийм ч сайн хамгаалж чадахгүй л болов уу. Наранд хэр их гэмтэх нь мэдээж хэрэг хувь хүний арьсны онцлогоос шалтгаалах ч, жигд борлохын тулд SPF 15-тай тос байхад хангалттай гэж үздэг хүмүүс маш том эндүүрч байна. Тийм ээ, таны арьс чийгшилтэй болж, магадгүй жигд борлох байх. Гэхдээ SPF 15-тай тос түрхсэнээр та арьсаа түлж, улаан болгох аюулд өртөж байгаа гэдгийг сайтар санаарай.

Халуун сэдэв: Хэт ягаан туяа ба SPF хамгаалалт (фото 1)

Нарны тосны үйлчилгээ

Саяхан миний нэгэн танил бүсгүй Франц үйлдвэрлэгчийн гаргасан нарнаас хамгаалах тос авсан бөгөөд тэрхүү тосыг онцгой найрлагатай хэмээн итгэж, хоёр цаг тутамд арилган, шинээр түрхэх шаардлагагүй гэж надад хэлсэн юм. "Наран шарлагын газар амарч байж, хоёр цаг тутам ариун цэврийн өрөө рүү гүйн, тосоо арилгах нь төвөгтэй биз дээ? Хэнд ч тийм зав байхгүй шүү дээ. SPF-тэй тос үнэхээр л 120 минутын турш арьсыг хамгаалах чадвартай бол яагаад тосны савалгаа дээр үүнийг дурддаггүй юм бэ? Тэгээд ч миний авсан шинэ тосны найрлагад цайрын давхар исэл орсон тул айх зүйлгүй" хэмээн тэр намайг ятгаж байлаа.

Хэрвээ уншигч та түүн шиг бодолтой бол хэт ягаан туяа таныг аль хэдийнэ хордуулж байгаа гэсэн үг шүү. Нарнаас хамгаалах тосыг арьсан дээрээ хоёроос дээш цаг байлгаснаар та хилэгнүүлсэн бухын урдуур улаан алчуур сэгсэрч байна л гэж ойлгоорой. Мэдээж хэрэг та хортой үр нөлөөг тэр даруйд нь мэдрэхгүй байж болно. Гэхдээ SPF тосны үйлчилгээ эхний хоёр цагтаа хамгийн үр дүнтэй байдгийг эрдэмтэд нотлосон байгаа. Тиймээс үйлдвэрлэгчид хүртэл борлуулж буй тосондоо эхний хоёр цагийн баттай хамгаалалт амладаг юм.

Дээр дурдсан танил бүсгүй маань яагаад цайрын давхар ислийн талаар дурдсан бэ? Зарим тохиолдолд эрдэмтэд бүтээгдэхүүндээ цайрын давхар исэл (Zinc Oxide) эсвэл титаны давхар исэл (Titanium Dioxide) нэмдэг. Ингэснээр тэд нарнаас хамгаалах давхар бүрхүүл үүсгэдэг юм. Гэхдээ энэхүү хамгаалалтын бүрхүүл нь зөвхөн арьсны гадаргуу дээр "ажиллаж", арьсны эпидермис руу нэвтрэн ордоггүй. Тэгэхээр энэхүү хамгаалалт нь тодорхой хэмжээний илүү хамгаалалт бүрдүүлэх ч, арьсанд ямар ч тэжээллэг нөлөө үзүүлдэггүй гэсэн үг юм. Эдгээр хамгаалалт нь ч бас хэсэг хугацааны дараа үйлчилгээгээ алдаж эхэлдэг тул, тосоо хоёр цаг тутамд шинэчилж байх нь хамгийн зөв арга гэдэгт итгээрэй.

Хэрвээ таны хэрэглэж буй тосны найрлагад авобензон (avobenzone), амилоксат (amiloxate), октиноксат (octinoxate), гелиоплекс (helioplex) эсвэл өөр ижил төрлийн аймшигт орц орсон байвал таны тос химийн гаралтай шүүлтүүр агуулж байна гэсэн үг. Тэдгээр орц нь арьсны гүн рүү нэвтэрч, хурдан үйлчилгээтэй эерэг нөлөө үзүүлдэг ч гэлээ, тэд хоёр цагийн дараа исэлдэж, чөлөөт радикалууд болон хувирдаг. Энэ үед таны арьс нарны хэт ягаан туяанаас ч илүү хорт нөлөөнд автаж эхэлнэ. Чөлөөт радикалууд арьсан дахь коллагеныг устгаж эхэлдэг. Харин коллаген устах үед, арьсанд аажим аажмаар үрчлээс тогтож эхлэх эрсдэлтэй шүү.

"Гоо сайхны брэндүүд бидний нарны туяанаас айх айдсыг ашиглан, олон жилийн турш сая, саяар нь ашиг олдог байв"Хоёр цаг тутам тосоо арилгаж, шинээр түрхэх нь цаг үрсэн, залхуутай ажил мэт санагдаж болохыг бид сайн ойлгож байна. Хэрвээ үнэхээр тосоо шинэчлэх боломжгүй бол ядахдаа цайрын эсвэл титаны давхар исэлтэй тос хэрэглээрэй. Хамгийн гол асуудал нь орчин үеийн зах зээл дээр борлуулагдаж буй SPF 25 ба түүнээс дээш индекстэй ихэнх нарнаас хамгаалах тоснууд нь арьсанд тааламжтай бүтэц ба сайхан үнэртэй байх зорилгоор ямар нэг хэмжээний химийн гаралтай шүүлтүүр агуулах болсон. Тэгэхээр ямар ч нарнаас хамгаалах тосыг хоёр цаг тутамд мөн уснаас гарч ирэх болгондоо шинэчилж байхыг зөвлөх байна. Мөн тосоо аль болох зузаан түрхэж, санаа амар наранд биеэ шараарай.

Хольж болохгүй орц

Нарнаас хамгаалах тос худалдан авахдаа бас нэгэн анхаарах хэрэгтэй зүйл нь бүтээгдэхүүний найрлагад үрийн гаралтай тос орсон эсэхийг шалгах явдал юм. Үрийн гаралтай тос нь гэрлийн хугарлын индексийг өөрчилдөг тул, та ийм найрлагатай тос хэрэглэснээр арьсандаа толбожилт үүсгэх, хамраа улайлгах эсвэл мөрөө түлэх аюулд орно. Ерөнхийдөө үрийн тосыг нарнаас хамгаалах тостой холихгүй байсан нь дээр.

Халуун сэдэв: Хэт ягаан туяа ба SPF хамгаалалт (фото 2)

Төгсгөлд нь


Бидний арван жилийн биологийн хичээл дээр хэт ягаан туяаны үр нөлөөнд хүний бие организм меланин ялгаруулж эхэлдэг хэмээн зааж байсныг та санаж байна уу? Харамсалтай нь багш нар бидэнд тэдгээр меланоцит эсүүд он жилүүд өнгөрөх тусам багасаж эхэлдгийг хэлдэггүй байлаа. Биднийг хөгшрөх тусам зарим меланоцит эсүүд идэвхгүй болж, харин үлдсэн эсүүд нь толбо үүсгэж эхэлдэг юм.

Тэгэхээр ирээдүйд гаран дээрээ бор толботой болж, улам хөгшин харагдахаас эмээж байвал одооноос эхлэн хэмжээ хязгаартай нарлаж, арьсаа аль болох жигд шарж байх хэрэгтэй. Биеэ наранд шарахдаа аюулгүй байдлын бүрэн арга хэмжээ авч, нар хамгийн хурц тусах 11:00 - 16:00 цагуудын хооронд наран шарлагын газар тухлахгүй байхыг анхааруулъя.

цааш үзэх