Алтан Бөмбөрцөг 2024: Шилдэг нүүр будалт болон үс засалт
Арьс өнгөний ялгаварлалаас эхлэн бэлгийн дарамт хүртэл хүндхэн асуудлуудад холбогдоод байсан Алтан Бөмбөрцөг наадам нь энэ жил шинэ өмчлөгчтэйгөөр зохион байгуулагдаж буйг юун түрүүнд дуулгах нь зүйтэй. Өнгөрсөн жил тус наадмыг дэлхийн хамгийн том продюсинг компани гэгддэг Dick Clark продакшн өмчлөлдөө авсан юм. Ингэхдээ тэд шүүгчдийн шинэ бүрэлдэхүүнийг байгуулж, ёслолын өнгө төрхийг сэргээн ажиллахаа хэлсэн билээ.
Энэ жилийн шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор Лос-Анжелесын Beverly Hilton зочид буудалд зохион байгуулагдсан бөгөөд алдартнуудын бүрдүүлсэн гоо сайхны төрхүүд хараа булааж байлаа. Гоо сайхны салбарт байгалийн төрхийг нь тодруулах минимал мейкап ноёрхож эхэлсэнтэй холбогдон улаан хивсний ёслолд цэмцгэр будалтууд давамгайлжээ. Тухайлбал, тус чиг хандлагад Эль Фэннинг, Марго Робби, Хантер Шафер, Флоренс Пю, Тейлор Свифт болон бусад олон алдартнууд нэгдсэн байна.
Үс засалтын хувьд сүүлийн үед өндөр эрэлттэй байгаа "clean girl aesthetic" буюу цэмцгэр бүсгүйн гоо зүйд нийцсэн хойш шуусан, сулавтар долгионтой засалтууд зонхилжээ. Үүнээс гадна Америка Феррера, Эмма Стоун, Кэри Маллиган, Жулия Гарнер гэхчлэн жүжигчид боб тайралтаар төрхөө тодорхойлсон байв.