Үсний стилистүүдийг сэтгэл зүйн ухаанд мэргэшүүлэх болжээ: Яагаад?
Амьдралынхаа аль нэг эргэлтийн цэг дээр үсний засалтаа өөрчлөхөөр шийдэж байсан л биз дээ? Анхны ажилдаа орохын өмнө, хосын харилцаандаа цэг тавьсны дараа, амьдралынхаа хэв маягийг эрс өөрчлөхөөр шийдсэн үедээ гээд баяртай, гунигтай аль ч үйл явдал тохиосон үсчин рүү зүглэж байсан үе бидэнд бий. Магадгүй хүмүүс шинэ дүр төрхөөр дамжуулан сэтгэлийн шархаа мартагнахыг хүсдэг болов уу. Тэр ч бүү хэл амьдралаа цагаан цааснаас үргэлжлүүлэхийг хичээх зарим хүмүүсийн оролдлого үсэндээ хайч хүргэхээс эхэлдэг. Энэ мэтчилэн сэтгэл зүйн төрөл бүрийн ачааг үүрч яваа хүмүүс бага ч болов хөнгөрөх найдлагаар салоны үүдээр ордог билээ.
Тийм ч учраас үсний стилистүүдэд сэтгэл зүйн ухааны анхан шатны мэдлэг өгөх сургалтууд бий болж эхэлжээ. Сургалтаар дамжуулан үсний стилистүүд үйлчлүүлэгчийнхээ өмнө тулгарсан сэтгэл зүйн аливаа асуудлын шинж тэмдгийг ойлгох чадвартай болох юм. Үс болон сэтгэл зүй хэрхэн холбогддог, мөн үсний стилистүүдэд сэтгэлзүйн мэдлэг олгох нь ямар ач холбогдолтой талаар хамтдаа олж мэдье.
Үс болон сэтгэл зүй хэрхэн холбогддог вэ?
13 сая үсний стилистийг хамруулсан 2021 оны судалгаанд үсчдийн 43% нь өөрсдийгөө үндсэн үүргийнхээ хажуугаар үйлчлүүлэгчийнхээ албан бус сэтгэл зүйч шиг мэдэрдэг болохоо хэлжээ. Хүмүүс яагаад үсчинтэйгээ нээлттэй ярилцах хандлагатай байдгийн шалтгааныг илрүүлсэн шинжлэх ухааны тайлбар одоогоор байхгүй ч салбарын мэргэжилтнүүд хэд хэдэн онолыг дэвшүүлдэг билээ.
Мэргэжлийн сэтгэл зүйч Сет Майерсын Psycholoy Today сэтгүүлд бичсэн нийтлэлд үүний шалтгааныг үсчин болон үйлчлүүлэгчийн биеийн байрлалтай холбон тайлбарлажээ. Стилист үйлчлүүлэгчтэйгээ нүүр нүүрээ харалцахын оронд ард нь зогсон толины тусгалаар дамжуулан харилцдаг учраас тухайн хүн илүү нээлттэй ярилцдаг байх боломжтой гэнэ. Мөн үйлчлүүлэгч хувийн амьдралынх нь талаар огт мэдээлэлгүй байгаа хүнтэй харилцахдаа илүү тухтай байдаг гэх таамгийг дэвшүүлжээ. Үүнээс гадна Майерс үйлчлүүлэгч өөрийн дүр төрхөө үсчний гарт бүрэн даатгаж байгаа явдал нь итгэлцлийн мэдрэмж төрүүлдэг байх магадлалтай гэдгийг хэлсэн юм.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, үсний стилист Афия Мбилишака “Үс бол хүний биеийн хамгийн амархан удирдах боломжтой хэсэг учраас энэ нь бидний сэтгэл хөдлөл болон зан байдалтай хамгийн их холбогддог гэж боддог” хэмээн Allure сэтгүүлд хуваалцсан байна. Түүний хэлснээр хүний үснээс тухайн хүн хэдэн настай, ямар ажил эрхэлдгийг зарим тохиолдолд мэдэж болдгоос гадна энэ нь хүний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндийн тусгал болдог гэнэ. Тухайлбал үйлчлүүлэгчдийн үс хэт их ширэлдсэн, бохир байх нь хэд хэдэн сэтгэл зүйн асуудлын шинж тэмдэг болох нь бий. Сэтгэл зүйн эмгэгийн эсрэг үндэсний холбооны (NAMI) нийтэлсэн блогт усанд орох, шүдээ угаах, хувцсаа угаах, үсээ самнах гэхчлэн ариун цэвэртээ анхаарахад хүндрэлтэй болох нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг (тэр дундаа сэтгэл гутрал) илтгэх нийтлэг шинж тэмдэг болдог байна.
Үсний стилистүүдэд сэтгэл зүйн мэдлэг олгох төслүүд
Үсний стилистүүдэд сэтгэл зүйн ухааны мэдлэг олгох хэд хэдэн төслүүд одоогоор хэрэгжиж байна. Үүний нэг нь PsychoHairapy юм. Тус сургалтын хүрээнд стилистүүд үйлчлүүлэгчийнхээ яриаг сонсох, харилцаа холбооны эерэг орчин үүсгэх чадварыг эзэмшдэг байна. Цаашлаад тэд сэтгэл зүйн асуудлыг илтгэх шинж тэмдгийг анзаарч харах, ойлгох чадвартай болдог ажээ.
Энэ төрлийн бас нэгэн төсөл хэрэгжиж байгаа нь The Confess Project юм. Төслийн санаачлагч Лорензо П.Льюис нь бага насныхаа дийлэнх хэсгийг авга эгчийнхээ гоо сайхны салонд өнгөрүүлж байсан гэдэг. Өнгөт арьстай хүмүүсийн төлөөл болсон түүний хувьд гоо сайхны салоныг “бидний тухтай бүс” хэмээн тодорхойлдог бөгөөд үүгээр дамжуулан өнгөт арьстнуудын өмнө тулгардаг сэтгэл зүйн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах боломжтойг олж харсан байна. Тэр дундаа The Confess Project нь үхлийн гол шалтгаануудынх нь нэгт амиа хорлолт ордог өнгөт арьст залуу эрчүүд рүү чиглэдэг юм. Эрчүүдийн дийлэнх цагаа өнгөрөөдөг салоны ажилчдад сэтгэл зүйн мэдлэг олгосноор нэг хүний ч болов амьдралыг аврах сэдлээр The Confess Project хэрэгжиж байна.
Lions Barber Collective нийгэмлэг нь үүнтэй яг ижил зорилготой. Тус нийгэмлэгт хамрагддаг олон улсын топ эрэгтэй үсний стилистүүд амиа хорлолтоос сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн юм. “Амиа хорлосон хүмүүсийн 72% нь сүүлийн 12 сарын хугацаанд сэтгэл зүйн туслалцаа аваагүй байдаг. Гэвч тэд нэг удаа ч болов үсчин орсон байх магадлалтай” хэмээн Lions Barber Collective-ын санаачлагч Том Чепмен хуваалцжээ.
Эдгээр сургалт нь бүгд сэтгэл зүйн мэргэжлийн үйлчилгээг орлох зорилгогүй. Үсний стилистүүд ердөө туслалцаа хэрэгтэй байгаа хүмүүс болон мэргэжлийн сэтгэл зүйч хоёрыг холбох гүүр нь болох зорилготой юм. Өөрөөр хэлбэл үсчин сэтгэл зүйн шаналал мэдэрч буй үйлчлүүлэгчээ зохих мэргэжилтэн рүү чиглүүлж өгөх, эмчид хандах сэдэл төрүүлэх дан ганц урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм.