Хайх

Хар батганаас салах боломжтой юу? Арьс судлалын эмчээс тодруулъя

Хар батганаас салах боломжтой юу? Арьс судлалын эмчээс тодруулъя

Text: Ц. Усанболор


Яагаад ч юм гэнэт бий болж, хэзээ ч арилахгүй мэт санагддаг хар батга тун тухгүй мэдрэмжийг өгдөг. Тэгвэл хар батгыг аюулгүй, үр дүнтэй аргаар арилгах боломжтой эсэхийг арьс судлалын эмч Наталья Курганскаягаас тодруулъя.

Хар батганаас салах боломжтой юу? Арьс судлалын эмчээс тодруулъя (фото 1)


ХАР БАТГА ГЭЖ ЮУ ВЭ?

Хар батгыг хэрхэн арилгах тухай ярилцахаас өмнө хар батга гэж юу болох талаар ойлголт өгөх нь зүйтэй. Нээлттэй ба хаалттай гэх хоёр төрлийн хар батга байдаг. Хаалттай батга бол арьсны доор оршдог бөгөөд өвдөлтгүй, цагаан толгойтой. Харин нээлттэй батгыг жинхэнэ хар батга гэж нэрийддэг юм. Энэ батга нь бараан өнгөтэй ба арьсны тос ялгарч, үхэжсэн арьстай холилдож нүхийг бөглөснөөр үүсдэг. Харин өнгийн хувьд агаарын нөлөөнөөс үүдэн тосны булчирхай исэлдсэнээр бараан болдог байна.


Хар батганаас салах боломжтой юу? Арьс судлалын эмчээс тодруулъя (фото 2)

ЯАГААД ХАР БАТГА ҮҮСДЭГ ВЭ?

Цэвэрлэгээ дутуу хийснээс болж хар батга үүсдэг гэх өрөөсгөл ойлголт бий. Гэвч бодит байдал дээр хар батга үүсэх олон шалтгаан байдаг. Хамгийн гол хүчин зүйл бол удамшлын болон дааврын түвшнээс шалтгаалж тосны булчирхай илүүдэл тос ялгаруулснаар үүсдэг билээ. Тослог арьстай хүмүүсийн арьснаас их хэмжээний тос ялгарахаас гадна нүх нь ч том хэмжээтэй байдаг тул хар батга гарах нь элбэг. Дараагийн нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол буруу арьс арчилгаа, тэр дундаа бөглөрөл үүсгэдэг бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Ийм төрлийн бүтээгдэхүүний найрлага арьсны гадаргууд битүүмж давхарга үүсгэснээр чийгийг түгжих үйлчилгээ үзүүлдэг учир нүхийг давхар бөглөдөг байна.


ХАР БАТГЫГ ШАХАЖ БОЛОХ УУ?

Ямар ч тохиолдолд хар батыг шахаж болохгүй. Буруу шахсанаас болж нүхжилтийг гүнзгийрүүлэх эсвэл сорив үлдээх эрсдэлтэй. Түүнчлэн халдвар авах, үрэвсүүлэх магадлал өндөр байдаг.


ХАР БАТГЫГ АРИЛГАХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Зарим тохиолдолд хар батга өөрөө арилдаг. Жишээлбэл жижиг хэмжээтэй, арьсны гадаргуутай ойр байрласан, хаалттай төрлийн хар батга нь арьсны өөрийн нөхөн төлжилт, сайн цэвэрлэгээ, гуужуулалтын тусламжтайгаар арилах боломжтой. Харин гүн, том хэмжээтэй батга мэргэжлийн түвшний арчилгаа шаарддаг. Ерөнхийдөө ийм төрлийн батгыг химийн гуужуулагч ашиглан “уусгаж” арилгадаг. Үүнд салицилийн болон гликолийн хүчил, ретинол гэх зэрэг өндөр концетрацтай хүчил багтана. Хаалттай төрлийн батганы эмчилгээнд мөн вакуум усан гуужуулалт хийдэг. Хэдий хар батга өвдөлт өгдөггүй ч арьсны доор үрэвсэл үүсгэдэг бөгөөд энэ нь цаашлаад сорив болох, нүхжилтийг томсгоход хүргэдэг. Иймд хаалттай батгыг арьс, гоо заслын эмчийн зааварчилгааны дагуу эмчлэхийн сацуу үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Батгагүй, цэвэрхэн арьсаа аль болох удаан хугацаанд хадгалахын тулд арьс арчилгаандаа гуужуулах үйлчилгээнүүдийг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Мөн өдөр бүр хийдэг тодорхой арьс арчилгааны шат дараалалтай болохыг зөвлөж байна. Жишээлбэл, 1,5-2% илүүгүй салицилийн хүчил агуулсан угаагч бүтээгдэхүүн ашиглаж болно. Салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүн байгалийн липофиль буюу “уусгах” шинж чанартай байдаг тул тосны булчирхайд нөлөө үзүүлж, бөглөрсөн тосыг “хайлуулдаг” гэж хэлж болох юм. Дээрх хосолсон үйлчилгээ нь хар батганы эмчилгээнд гайхалтай үр нөлөө үзүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэлт болж өгнө. Үүнээс гадна ретиноид мөн хар батгыг эмчлэхэд үр нөлөө үзүүлдэг. Энэ нь арьсны нүх сүв бөглөхөд хүргэдэг гиперкератоз буюу арьсны давхаргын хэт зузааралт үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна. Түүнчлэн ретинол нь арьсны нөхөн сэргэлт, нөхөн төлжих үйл явцыг түргэсгэх үйлчилгээ үзүүлдэг аж.


Хэрэв тосны булчирхайн үйл ажиллагаа дааврын тэнцвэргүй байдлаас болж үүсдэг бол жирэмслэлтээс хамгаалах эмийг нэмэлтээр хэрэглэх боломжтой. Гэхдээ жирэмслэлтээс хамгаалах эм нь хар батганы эмчилгээнд хэрэглэдэггүй гэдгийг анхаарна уу. Тухайн эмийг ихэвчлэн акне буюу мөөгөнцрийн батганы эмчилгээнд бичиж өгдөг. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх