Хайх

Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэ

Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэ

Маск акне - маскне

Text: Бюро 24/7


Коронавирусын цар тахал дэгдэж, бид өдөр тутамдаа зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатай болсон үеэс хойш олон хүн нэгэн тааламжгүй үр дагавартай тулгарсан нь амны хаалтаас үүдэлтэй батга, тууралт юм. Олон нийтийн сүлжээнд хүмүүс энэ талаар нэн даруй гомдоллож, маск акне буюу "маскне" гэх нэршил үүсгээд байгаа билээ.

Ийм шинэ төрлийн батганы асуудал нь өсвөр насныхан, насанд хүрэгсэд, мөн мэдээж хэрэг эмнэлгийн ажилчид гээд ерөнхийдөө хүн бүрт л тулгарч байна. Нью-Йоркийн гоо сайханч, арьсны мэргэжилтэн София Павиттын тайлбарлаж буйгаар бидний нүүрний гуравны нэгтэй тэнцэхүйц доод хэсгийн арьс харьцангуй эмзэг тул маскны улмаас амархан цочирч, урьд өмнө нь батганы асуудалтай тулгардаггүй байсан хүмүүс ч хүртэл батга, тууралттай болж байна. Софиягийн хэлснээр сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд ийнхүү шинэ төрлийн батганы асуудалтай тулгарсан хэдэн арван хүн түүнд хандсан гэнэ.

Маскне бол механик эх үүсвэртэй батга юм. Өөрөөр хэлбэл арьсны гадаргуу дээр тогтмол гадны биет буюу маскны материалын үрэлт үүссэнээс болж арьс цочирч, үрэвсдэг байна. Арьсны гадаргуу дээрх хамгаалалтын давхарга гэмтсэний улмаас тууралт, батга гарч эхэлдэг юм. Түүнчлэн амны хаалт зүүсэн үед агаарын солилцоо маш бага байдаг тул бидний хөлс ууршиж чадалгүй маск дотроо "үлддэг". Маскыг удаан хугацаанд зүүх үед дотор нь шороо тоосонцор, себум цугларч арьсан дээр нян үржих төгс нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг юм. Ингээд л энэ бүхний үр дүнд батга гарч байгаа болохыг мэргэжилтэн онцоллоо.

Тэгэхээр "маскне"-гээс хэрхэн урьдчилан сэргийлж, тэмцэх вэ?

  • Юуны өмнө маскаа зүүхээс өмнө болон дараа нь арьсаа зөөлөн цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр маскны дор нян үржихээс сэргийлнэ.
  • Химийн гаралтай гуужуулагч хэрэглэн арьсны гадаргуу дээрх үхсэн эд эсүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Гликолийн хүчил, сүүн хүчил зэрэг AHAs буюу альфа гидрокси хүчлүүд болон салицилийн хүчил зэрэг BHAs буюу бета гидрокси хүчлүүдийн тусламжтай үхсэн эд эсүүдээ задалж, арилгах боломжтой. Химийн гаралтай гуужуулагч гэхээр эрсдэлтэй мэт сонсогдож болзошгүй ч үнэндээ ямар ч төрлийн арьсанд хэрэглэх боломжтой байдаг. Хамгийн гол нь ямар хүчил сонгож хэрэглэхээ сайтар судалж, илүү хуурай арьстай бол сүүн хүчил зэрэг зөөлөн нөлөөтэй хүчил сонгох нь зүйтэй. Арьсыг цочроох хатуу найрлагатай скраб хэрэглэхээс зайлсхийгээрэй.
  • Ийнхүү сайтар цэвэрлэж, гуужуулсны дараа арьсыг тайвшруулах үйлчилгээтэй чийгшүүлэгч тос түрхэх нь маш чухал. Зөөлөн бүтэцтэй, үнэртүүлэгч ороогүй, нүх бөглөдөггүй, гиалуроны хүчил агуулдаг тоснууд арьсыг тайвшруулж, чийгшүүлж, хамгаалалтын давхаргыг сэргээх болно.
  • Мөн маск зүүх шаардлагатай, цаг агаар дулаарсан байгаа ийм үед нянг арьсны нүхнүүд рүү илүү гүн орохоос сэргийлэн хүнд, зузаан крем түрхэхгүй байхыг зөвлөх байна. Үүний оронд өнгөтэй чийгшүүлэгч тос, өнгөтэй нарны тос, BB, CC крем зэргийг туршаад үзээрэй.
  • Ямар ч нөхцөлд нарны тос түрхэхээ мартаж болохгүй. Нүүрний дийлэнх хэсэг маскаар бүрхэгдсэн байгаа ч бусад хэсгүүд рүү нарны хэт ягаан туяа шууд тусаж байгаа тул өндөр SPF-тэй тос түрхэх зайлшгүй шаардлагатай.
  • Эцэст нь олон удаа хэрэглэх боломжтой маск зүүдэг бол арьсаа үрэвсүүлэхгүйн тулд зааврын дагуу хэд хоногтоо нэг удаа биш, харин зүүх бүртээ угааж, цэвэрлэж заншаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх