The Ordinary ба NIOD брэндүүд танд тохирсон арьс арчилгааны зөвлөгөөг онлайнаар өгнө
Шинэ виртуал үйлчилгээг нэвтрүүлж байна
The Ordinary ба NIOD гэх сүүлийн жилүүдэд улам бүр л алдартай болж, хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа гоо сайхны брэндүүдийг эзэмшдэг Канадын Deciem компани карантинтай холбогдуулан арьс арчилгааны зөвлөгөө өгч, өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгоход туслах шинэ виртуал үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ. "Deciem at home" хэмээн нэрлэгдсэн энэхүү үйлчилгээ нь Deciem компанийн албан ёсны вебсайт дээр явагдах бөгөөд үйлчлүүлэгч вебсайт руу компьютер, гар утас, таблет гээд хаанаас ч хандсан автоматаар чат дэлгэц гарч ирэн, мэргэжилтнүүд тухайн үйлчлүүлэгчид тусгайлсан зөвлөгөө өгөхөд бэлэн болно. Deciem компани энэхүү үйлчилгээндээ HERO гэх шинэ технологийг ашиглаж байгаа тул үйлчлүүлэгч асуудалтай арьсныхаа зураг, бичлэгийг илгээх боломжтой байна. Харин мэргэжилтэн үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллийг шинжилснээр тохирох арьс арчилгаа, асуудлыг шийдэхэд туслах брэндийн тодорхой бүтээгдэхүүнүүдийг санал болгож, бүтээгдэхүүн бүрийг хэрхэн хэрэглэхийг дэлгэрэнгүй зааварчлах болно. Мөн үйлчлүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд мэргэжилтэн гурван долоо хоногийн дараа эргэн холбогдож, арьсны эрүүл мэнд сайжирсан эсэхийг шалгана.
"Арьс арчилгаа бол хүн тус бүрт өөр байдаг, нарийн зүйл юм. Тиймээс манай үйлчлүүлэгчид мэргэжилтнээс зөвлөгөө аван, өөрт тохирсон хамгийн шилдэг шийдлийг олох эрхтэй" хэмээн Deciem компани хэвлэл мэдээллийнхэнд өгсөн мэдэгдэлдээ онцолжээ.
"Deciem at home" үйлчилгээ дөрөвдүгээр сарын 27-ноос ажиллаж эхэлнэ. Компанийн вебсайт руу энд дарж нэвтэрнэ уу.