Хайх

Уруулын будаг: Энэ хаврын найман чиг хандлага

Уруулын будаг: Энэ хаврын найман чиг хандлага

Text: Ө.Тодгэрэл


Цахилгаан улбар шар

Анхаарал татам энэхүү тод өнгө дулаан улиралд төгс тохирно. Versus, Mary Katrantzou ба Jason Wu брэндүүдийн сонгосон цахилгаан улбар шарыг аль болох минимал нүүр будалттай хослуулбал илүү дэгжин харагдана. Сормуусаа дэрвийлгэн будаж, уруулаа тодруулахад л та хангалттай үзэсгэлэнтэй болно.

Матт бүтэцтэй улаан хүрэн

Матт бүтэцтэй улаан хүрэн өнгийн уруулын будаг хавар-зун 2017 улирлын загварын шоунуудыг байлдан дагууллаа. Арьсыг хормын зуур гэрэлтүүлж, илүү цайвар харагдуулах чадвартай энэ өнгийг Marco de Vincenzo, Mary Katrantzou, Olivier Theyskens, Valentino, Giambattista Valli ба Dolce & Gabbana брэндүүд онцолсон байгаа. Улаан хүрэн өнгийг нүүр хувиргагчид цэмцгэр засалттай хөмсөг ба байгалийн будалттай, гэрэлтсэн арьстай хослуулахыг зөвлөж байна.

Мөнгөлөг туяатай уруул өнгөлөгч

Уруулыг илүү зузаан, 3D хэмжээстэй харагдуулдаг мөнгөлөг туяатай уруул өнгөлөгч Marni ба Fenty x Puma загварын шоунууд дээр үзэгдлээ. Бага зэрэг гялалзсан бүтэцтэй уг өнгө нь ямар ч нүүр будалттай зохицох болно.

Гялалзсан ширхэгтэй уруулын будаг

Бүхэлдээ саагаар бүрхэгдсэн моделиудын уруул Mary Katrantzou, DKNY ба хамгийн гол нь Fendi ордны загварын шоун дээр олны анхаарлыг татлаа. Нүүр хувиргагч Пэт Макгратын дэлгэрүүлсэн энэ тренд нэгэн зэрэг тачаангуй, этгээд бас диско харагдана.

Пастель номин цэнхэр

Та магадгүй энэ өнгийг хараад хэзээ ч бодит амьдрал дээр хэрэгжүүлж боломгүй, этгээд тренд байна гэж бодож байгаа байх. Гэхдээ үнэн хэрэгтээ пастель номин цэнхэр нь ямар ч арьсны өнгө ба дүр төрхтэй зохицдог, маш cool өнгө юм. Maison Margiela ба Thom Browne брэндүүдийн загварын шоу дээр тодорсон энэ трендийг дулаан улирал дуусахаас өмнө амжиж туршаарай.

Ягаан туяатай nude

Цэнхэр, улаан эсвэл улбар шар гэх тод өнгөнүүдийг туршихад бэлэн биш бол хаврын бас нэгэн чухал тренд болох ягаан туяатай nude уруулын будгийг өдөр тутмынхаа үндсэн сонголт болгоорой. The Blonds, Nicholas K ба Erdem брэндүүд энэ удаад илүү байгалийн, эмэгтэйлэг дүр төрх бүрдүүлсэн байлаа.

Омбре улбар шар

Уруулын будаг: Энэ хаврын найман чиг хандлага (фото 1)

Jason Wu-гийн загварын шоун дээр нүүр хувиргагч Ядим хоёр төрлийн улбар шар өнгө хольсноор омбре эффект гаргасан байлаа. Тэрбээр цахилгаан улбар шарыг суурь өнгө болгож, уруулын төв хэсэгт энгийн улбар шар өнгөлөгч түрхсэн харагдлаа. Сонирхолтой байгаа биз?

Жимсний ягаан

Уруулын будаг: Энэ хаврын найман чиг хандлага (фото 2)

Барби ягаан эсвэл фуксия цэцгийн ягаан өнгө биш, харин тарвас, гүзээлзгэнэ ба бөөрөлзгөнө гэх зэрэг бидний идэх дуртай жимсний ягаан туяа энэ улиралд тренд болно. Энэ нь тийм ч тод биш, мөн тийм ч бүдэг биш төгс өнгө юм. Өдрийн цагаар тослог бүтэцтэйг, харин үдшийн цагаар матт эффекттэй уруулын будаг түрхээрэй.

цааш үзэх