“Хавар-2017” уламжлалт үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд
60 гаруй бүтээл оролцлоо
Монголын залуу үеийн уран бүтээлчдийг дэмжих, тэднийг олон нийтэд таниулах зорилготой "Хавар-2017" үзэсгэлэн өнөөдөр 16:00 цагаас нээлтээ хийлээ. Энэ жил Монголын Урчуудын Эвлэлийн хороо нийт 150 гаруй уран бүтээл хүлээн авснаас 58 уран бүтээлчийн 60-аад бүтээлийг сонгон дэлгэж байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч Г.Сэр-Одын онцолж буйгаар энэ жилийн үзэсгэлэн илүү өндөр шалгууртайгаар зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ жилийн "Хавар-2017" үзэсгэлэнд контемпорари өнгө аяс давамгайлжээ. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн дийлэнх нь орчин үеийн уран зураг, инсталляци байсан бол цөөн хэдэн реалист бүтээлүүд ч бас харагдсан юм. Залуу уран бүтээлчдийг дэмждэг энэхүү үзэсгэлэн нь мөн ахмад уран зураачдын авьяас билгийг харуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнд тухайлбал СГЗ, алдарт уран зураач Ц.Нарангэрэлийн байгалийн зургууд дэлгэгдсэн нь "Хавар-2017" сэдэвтэй гайхалтай нийцжээ.
Үзэсгэлэн бүр дахин давтагдашгүй байдаг ч "Хавар-2017" үзэсгэлэн нь залуу ба туршлагатай уран бүтээлчдийн бүтээлүүдийг нэг дороос харж, тухайн жилийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлох боломж олгодгоороо онцлог юм.
"Хавар-2017"үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 18 хүртэл нээлттэй байх тул та эдгээр гайхалтай бүтээлүүдийг Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галлерейд өөрийн биеэр очин сонирхоорой.