Монголын нууц товчоонд уран зургаар нэвтрэх үзэсгэлэн гарна
Тосон будгийн гайхамшиг
Их Монгол улсын түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн томоохон хэмжээний 30 уран зургаас бүрдэх энэхүү үзэсгэлэн та биднийг цаг хугацаагаар аялуулах нь ээ. Зураач Б.Отгонтүвдэн нь 2008 онд Оросын эзэн хааны уран зургийн академи буюу И.Е.Репиний нэрэмжит Санкт-Петербургийн уран зураг, архитектурын улсын академийг төгссөн, ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн зураач юм.
Тэрээр 2014 оноос Италийн Равена хот дахь эртний сүмийн таазны зургийг бүтэн хэмжээгээр өөрийн шийдлээр зурах таван жилийн хугацаатай төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд Монголоос төдийгүй Ази тивээс Итали оронд очиж, сүмийн нүсэр том хэмжээний зураг зурж буй анхны зураач болсон.
Түүний одоо бидэнд толилуулах гэж буй "Монгол түүхийн хөлгөн судар" үзэсгэлэнгийн зургууд 2014 оноос эхлэн бүтээгдэж эхэлсэн бөгөөд дэлхийн арав гаруй оронд дэлгэгдэх болно.