Ойроос харцгаая: Карл Лагерфельдийн гаргаж буй уран баримлын үзэсгэлэн
Эртний Грекийн уран барилгуудаас сэдэвлэжээ
Chanel брэндийн бүтээлч захирал Карл Лагерфельд архитектор Алин Асмар д'Аммантай хамтран "Architectures" нэртэй уран баримлын үзэсгэлэнгээ Парис хотноо гаргалаа. Энэхүү үзэсгэлэнд Эртний Грекийн уран барилгаас сэдэвлэсэн баримал мэт загвартай ширээний гэрэл, ширээ, жааз, толь, усан оргилуур зэрэг зүйлс багтжээ. Карл Лагерфельд эртний уран барилга болон "алтан огтлол" гэх математикийн зүй тогтлоос сэдэвлэн бүтээлүүдээ урласан болохоо онцолсон ба Эртний Грекийн уран баримал бол гоо сайхан, соёл урлаг, модернизмийн эх үндэс хэмээн тайлбарлажээ.
Хар ба цагаан өнгөнөөс бүрдэх уран баримлуудыг нэн ховор арабескато болон неро маркуина гэх гантиг чулуугаар урласан байна. Эдгээр уран баримлууддаа Карл гэрлийн чийдэн, толь зэргийг оруулж өгсөн нь орчин үе болоод эртний уур амьсгалыг нэг дороос мэдрэх боломжийг олголоо. Дашрамд дурдахад "Architectures" үзэсгэлэн Парис хотын "Carpenters Workshop" галерейд арванхоёрдугаар сарын 23 хүртэл гарахаар болжээ.