Балетын гайхамшиг: Жизель ба Монголын шилдэг бүжигчид
Ахин, дахин үзмээр
Театрын тайзнаа Жизель, Хунт нуур зэрэг үзэгчдийн хайртай бүтээл тоглогдох бүрт танхим дүүрэн үзэгчтэй, нижгэр алга ташилттай байдаг нь өчигдөр тоглогдсон Жизель балетын үеэр дахин батлагдлаа. Жизель балетыг хүн нэг удаа л сонирхоход дараа нь заавал дахин үзмээр сэтгэгдэл төрүүлдэг гайхалтай бүтээл юм. Тийм ч учраас анх 1841 онд Парис хотын Их Дуурийн Театрт тоглогдсон цагаас хойш Жизель балетад дурлагсад жил бүр нэмэгдсээр байна.
Энэхүү бүжгийн цомнол нь хоёр хэсэгтэй. Нэгдүгээр бүлэгт Жизель бүсгүй Альберт гэх залууд дурлана. Гэвч Жизельд хайртай Ганс гэх эр түүнийг өөр хүнд алдахыг хүсэхгүй. Альбертад ч бас Жизелиэс нуусан зүйлс байлаа. Эцэст нь хонгорхон бүсгүй Жизель амиа алдана. Хоёрдугаар бүлэг сарны туяанд, шөнийн нам гүмд өрнөх бөгөөд энэ хэсэг үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг. Жизелийн булшин дээр Ганс гашуудан ирэх боловч манан татсан ой дотроос догшин сүнснүүд гарч ирж, түүний амийг авч одно. Дараа нь мөн л Жизель дээр Альберт ирэх бөгөөд харин түүнийг Жизелийн сүнс аль хэдийнэ уучилсан ажээ. Тэр сүнснүүдийн толгойлогч Миртагаас Альбертийг өршөөхийг гуйж, нар мандаж сүнснүүд замхартал түүнийг хамгаална.
Арванхоёрдугаар сарын 4-нд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тавигдсан энэхүү балетын удирдаачаар Ч.Мөнхболд ажилласан бол гол дүр Жизельд Г.Батчимэг, Альбертад А.Эрдэнэболд, Гансад Э.Эрдэнэжаргал, Сүнснүүдийн захирагч Миртад У.Анужин, 2 виллист Ц.Ганчимэг, Б.Саруул нар тоглосон юм. Эдгээр балетын жүжигчдийн үйл хөдлөл бүхэн уран байж, амьд халуун мэдрэмжийг үзэгчдийн сэтгэлд түгээж байлаа.
Харин уншигч таныг энэ долоо хоногийн бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 10-нд алдарт Хунт нуур балет тоглогдохоор хүлээж байна.