Хүүхдийн баяраар бэлэглэж болох хамгийн гоё номууд
Бүгд баярлана
Манай улсад өнөөдөр 2000 гаруй нэр төрлийн хүүхдийн зохиол, сэтгүүл, зурагт болон буддаг ном худалдаалагдаж, өдөр ирэх тусам хамгийн орчин үеийн болоод дэлхийн шилдэг бүтээлүүд эх хэл дээр хэвлэгдэн гарах болсон. Тиймээс ямар ч насны хүүхдэд тохирох, төрөл бүрийн ном дэлгүүрээс олж болно. Харин завгүй хүмүүс номын дэлгүүрийн тасгийг бүгдийг нь шүүж үзэх боломж хомс байдаг тул бид энэхүү жагсаалтыг санал болгож байна.
"Эцэг эхчүүд хүүхдэд ном сонгохдоо хэд, хэдэн алдаа гаргадаг" гэж олон жил хүүхдийн номын салбарт ажилласан мэргэжилтнүүд сануулдаг. Тэд танд дараах зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд "Хамгийн гол нь хүүхэддээ ном бэлгэнд авахдаа нас, хүйсийг нь харгалзаж, аль болох уншиж, өөрөө сэтгэн бодох боломж олгохуйц ном сонгох нь чухал" гэлээ. Өөрөөр хэлбэл таван өгүүлбэр, арван зурагтай номыг юун түрүүнд сонгохгүй байгаарай.
Таны хүүхэд тав хүртэл насны бол зураг ихтэй, эцэг, эхчүүд өөрөө уншиж өгөх ном тохиромжтой.
Та 5-8 настай хүүхдэд ном авах бол зурагт, буддаг номоос татгалзаж, өөрөө бие даан уншиж эхлэх хялбаршуулсан бүтээлүүдээс сонгож болно.
Хэрэв таны хүүхэд 12 ба түүнээс дээш настай бол эх зохиолуудыг бүтнээр нь уншуулах нь зүйтэй.
Хүүхдийн нас, хүйс, сонирхолд нийцүүлж ном сонгох нь цаашид хүүхэд номонд дуртай болох, өөрөө бие даан эрэл хайгуул хийж, өөрийн ертөнцөө баяжуулах ач холбогдолтой байдаг. Жишээ нь хөдөлгөөнтэй, сахилгагүй байрын хөвгүүдэд адал явдалт ном тохиромжтой бол романтик зүйлсэд дуртай охидуудад мөн тийм төрлийн ном бэлэглээрэй.
Орчин үеийн, комик болон зурагт номууд
Бумбардай
Комик зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл болох Бумбардай ном нэгэн чухал асуултыг дэвшүүлэн тавьсан юм. Тэр бол дэлхийн олон хүүхдүүдээс монгол хүүхэд юугаараа онцгой, өөр юм бэ гэх асуулт. Биднийг хүн төрөлхтнөөс ялгаж буй цорын ганц зүйл бол монгол ахуй, ёс заншил билээ. Харин өнөөдөр насанд хүрсэн хүмүүсийн ой тоонд л хадгалагдан үлдэж буй нүүдэлчин иргэншил, амьд байгальтай уусан сүлэлдсэн амьдрал маань бидний хүүхдүүдэд өвлөгдөж чадаж байгаа гэж үү? Хэдий их хотод амьдарч байгаа ч гэсэн хүүхдүүд бас номоор дамжуулж уламжлалтайгаа ойр, дотно өсч торних жижигхэн ч гэсэн боломж бий. Харин тэр боломжийг хөгжүүлж, асар том тэмүүлэл, мэдлэгийн ертөнц болгож чадах увьдис Бумбардай зохиолд бий.
Evo Dino, Evo Animal, Evo Ocean, Evo Birds
Өнгөрсөн долоо хоногт болсон "Номын баяр" дээр анх олон нийтэд танилцуулагдсан эдгээр дөрвөн цуврал бол энэ зуны хит ном гэж хэлж болно. Учир нь энэ ном зүгээр ч нэг шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг биш. Тэр өөрийн аппликейшны тусламжтайгаар ухаалаг төхөөрөмжтэй холбогдож, интерактив ном болон хувирна. Тэгэхээр одооноос эхлээд номыг зөвхөн харж, уншихаас гадна ухаалаг төхөөрөмжтэй холбон тоглож, суралцаж, бас амьтдыг илүү их хайрлах боломжтой боллоо гэсэн үг. Таны хүүхэд одоо эртний Монгол нутагт амьдарч байсан Велицираптор үлэг гүрвэл хэрхэн харагддаг байсныг 3D байдлаар үзэж, түүнийг хооллож, дуу авиаг нь сонсоно гэдэг гайхалтай биш гэж үү.
Evo цуврал номууд хийсвэр бодит байдлын тусламжтайгаар үлэг гүрвэлүүдийн амьдарч байсан олон сая жилийн өмнөх ертөнцийг дэлгээд зогсохгүй далайн гүнийг, дэлхийн эргэн тойронд оршиж буй ан амьтадтай уулзуулах болно. Энэхүү технологи, ном хоёрын нэгдлийг Өмнөд Солонгос улсын Alzaam Education компани хөгжүүлж, солонгосын мэргэжлийн музей нартай хамтран бүтээсэн юм байна. Харин үүнийг БиПлас Монголиа компани албан ёсны эрхтэйгээр монгол хэл дээр хэвлүүлэн гаргажээ.
Dream Works - Күн-Фү Пандагийн хөгжилтэй ертөнцийг үзүүлсэн цувралууд
Dream works animation компаний албан ёсны зөвшөөрөлтэй монгол хэл дээр хэвлэгдэн гарч буй "Күн-Фү Панда" киноны зурагт номууд таныг хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөхөд тань туслана. Хамгийн сүүлд гарсан гуравдугаар ангийн зурагт ном болох "По-гийн хүч", "По-гийн хоёр аав" гэх хоёр номыг та хүүхэддээ уншиж өгөх боломжтой. Мөн "По-гийн түргэвчилсэн сургалт" гэх цуврал нь тун хөгжилтэй байх болно. Тус номонд луугийн дайчнаар дөнгөж сонгогдсон По Күн-Фү сурч, Амар амгалангийн хөндийг хамгаалах ёстой болдог. Мөн та хүүхдээ өөрөө номтойгоо ажиллаж, будаж, бас тоглоосой гэж хүсч байгаа бол "Урагшаа По!", "Би олж чадна" номуудаас сонгоорой. Нэгээс хоёр дугаар анги хүртэлх хүүхдүүдэд бэлэглэж болох энэ ном нь алдаатай зургийг олж тогтоох, баатруудыг өөрөө нэрлэх зэрэг бяцхан, өхөөрдөм сорилуудтай.
Мини бяцхан Пони
Орчин үеийн ямар ч эмэгтэй хүүхэд "Миний бяцхан Пони" цуврал киноны баатруудтай хувцас, тоглоом гээд ямар нэг зүйлтэй байдаг. Магадгүй таны хүүхдэд ч тус цувралын комик, буддаг номууд зөндөө байгаа байх. Тэгэхдээ худалдаж аваагүй үлдээсэн цуврал байгаа юм биш биз? Бага насны хүүхдүүд энэхүү цувралыг үзэх болгондоо шинийг сурч, шидэт Пони морьдтой "найзлах" тусам ямар нэгэн асуултад хариу олж байдаг юм шүү.
Хүүхдэд зориулсан санхүүгийн мэдлэг
"Мөнгө гэж юу вэ" гэх хүүхдийнхээ асуултанд та юу гэж хариулдаг вэ? Одоо тэгвэл бид хүүхдүүддээ мөнгө гэж юу болох, түүнийг хэрхэн удирддаг, орчин үед мөнгийг орлох ямар аргууд байдаг тухай, бас банкаар дамжуулж хүн юу, юу хийж болох талаар хялбархан ойлгуулах боломжтой боллоо. Ирээдүйн саятнуудад, сэтгэл хангалуун амьдралтай хүмүүст зориулсан энэхүү номыг Нэнси Лоуэн, зураач Брэд Фитзпатрик нар бүтээжээ.
Милли Маротта - Амьтдын ертөнц
Таны хүүхэд аль хэзээний насанд хүрчихсэн ч гэсэн танд одоо хүртэл жаахнаараа харагдаж, ямар нэг ном бэлэглэмээр санагдаад байна уу? Эсвэл ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй, их сургуульд суралцаж буй охиддоо зориулсан онцгой ном сонгохыг хүсч байна уу? Хэрэв тийм бол 2014 онд Их Британид худалдаанд гарснаасаа хойш олон сая хүнийг байлдан дагуулаад буй энэхүү насанд хүрэгчдэд зориулсан буддаг номыг сонгоорой. Хээ угалз гэх зүйл хичнээн уран тансаг болохыг, түүнийг будан суухад оюун ухаан төвлөрч, стресс ядаргаанаас ангижирч, шинийг хийх хүсэл төрж, өөртөө итгэх үнэлэмж нэмэгддэг зэрэг маш олон сайн нөлөөг тус ном өгөх болно.
The Creative therapy colouring book
"Будаж бас бүтээж, алжаалаа тайлах ном" гэх товч тайлбартай энэ номоос та урлаг ямар хүчтэйг, бас түүгээр дамжуулж ямар их тайвшрал, сэтгэл хангалуун байдал олж болдгийг мэдрэнэ. Зурах дуртай, зурагт хайртай хүүхдүүдийн хувьд энэ номонд агуулагдсан поп арт дүрслэлүүд огтхон ч ахдахгүй бөгөөд харин ч сэтгэлгээг нь улам задалж, орчин үеийн тэмүүлэл, шийдэлтэй болгож хөгжүүлнэ. Хэрвээ таны хүүхэд 10 ба түүнээс дээш настай бол энэхүү номыг Staedtler-ийн харандаа эсвэл пламастерийн хамт бэлэглэвэл тэр насан туршдаа үүнийг хадгалж, нандигнах болно.
Ногун
Монгол агуулга бүтээгчдийн зүгээс бага ангийн хүүхдүүдэд зориулсан хамгийн гоё комик ном бол мэдээж Ногун. Тэд энэ жил шинэ жүжиг тавихаар болж, шүтэн бишрэгч хүүхдүүдээ баярлуулаад байгаа. Харин Ногуны тухай мэддэггүй, хүүхэддээ авч өгч байгаагүй хүмүүст хэлэхэд энэ номонд орчин үеийн болоод олон зуун жилийн өмнө амьдарч байсан хүүхдүүдэд тохиолдож буй адал явдал гардаг юм. Сайхан сэтгэлтэй, тусч, үнэнч ойн савдаг хийгээд дөрөвдүгээр ангийн сурагч Ананд нар авахаалжтай байж, аюулыг сөрж, араатан амьтадтай ч нөхөрлөх болно.
Transformers
Хүн төрөлхтний төлөө хүчээ нэгтгэсэн шилдэг роботуудын тухай киног хүүхэд гэлтгүй бүх насныхан үзсэн байдаг. Харин комик бол киноноос ондоо нь хүүхэд өөрөө дуртай баатруудынхаа үйл хэргийг ургуулан бодож, үйл явдал, дүр дүрслэлийг нь хийсвэрлэж сургадаг. Мөн аливаа зүйл дэс дараалалтай өрнөдөг гэдгийг таны хүүхэд өөрөө ч мэдэлгүй ойлгож авах болно.
Уран зохиолын сонгодог номууд
Х.Х.Андерсон - Шилмэл өгүүллэгүүд
Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын "Эрдэнэсийн сан" цувралын шинэхэн ботиуд худалдаанд гараад удаагүй байна. Нийт 50 боть болж гарах уг цуврал үлгэрийн хаан гэгддэг Х.Х.Андерсоны "Шилмэл үлгэрүүд"-ээр эхэлжээ. Энэхүү номыг 5-10 насны хүүхдүүдэд бэлэглэхэд тохиромжтой.
Махабхарата, Рамаяана
Энэтхэгийн уран зохиолын сод туурвил болох энэхүү тууль нь ахлах ангийн хүүхдүүдэд хамгийн уншууштай зохиолын нэг юм. Туульд Энэтхэгийн төв нутагт байх Курукшетра хэмээх талд Куругийн удмын хаан хөвүүдийн хооронд 16 өдрийн турш үргэлжилсэн их тулалдааны тухай өгүүлнэ.
Э.Портер - Поллиана
Ахлах насны охидод хамгийн түрүүнд авч өгөх номын тоонд Э.Портерын "Поллианна" бүтээл заавал орно. Дэлхийн сонгодог зохиол болох энэ номонд үргэлж сэргэлэн цовоо явдаг Поллианна охины тухай өгүүлдэг. Тэр үргэлж амьдралаас гэрэл гэгээтэй, сайн талыг нь олж харан, бусдын сэтгэлийг засч, урам зориг өгдөг. Та ч гэсэн хүүхдээ тийм сайхан хүмүүжил, хандлагатай болоосой гэж бодож байвал өнчирч хоцорсон Поллианна охин хэрхэн хүйтэн сэтгэлт нагац эгчээ уярааж буй түүхийг уншуулаарай. Энэ ном М.Дожийн "Мөнгөн тэшүүр" зохиолтой хамт "Эрдэнэсийн сан" цувралын 35 дах боть болон гарсан байгаа.
Л.М.Алкотт - Жаалхан авхай, жаалхан эрчүүд
Дунд насны, эрэгтэй эмэгтэй аль ч хүүхдүүдэд уншуулах номонд Л.М.Алкоттын энэхүү зохиолыг нэрлэх байна. Английн алдарт зохиолч Луиза Алкотт энэхүү номыг өөрийн намтараас сэдэвлэн бичсэн учраас тун чиг амьдралтай, сэтгэлд хоногшим зохиол болсон билээ. Номонд балчир хөвгүүдийг халамжлан өсгөж буй сайхан сэтгэлт Жо Байэр хатагтай болон түүний жаалхан эрчүүдийн сургамжтай, дурсамжтай бас хөгжилтэй адал явдлууд гарна. Та хэрвээ хүүхдээ хүмүүжилтэй, ёс суртахууны өндөр ухамсартай болгъё гэж зорьж байвал хүүхдүүд хэрхэн бие, биенээ ойлгон хүндэтгэж буйг үзүүлэх энэхүү номыг санал болгоорой.
Р.Л.Стивенсон - Адал явдалт зохиолууд
Таны хүүхэд 12 нас аль хэдийнэ хүрсэн бол одоо оюун бодлоороо жинхэнэ адал явдалд гарах цаг болсон гэсэн үг. Та номоор дамжуулж тэрхүү аяллыг хүүхэддээ зэхэж өгөх боломжтой бөгөөд үүнд Шотландын алдарт зохиолч Р.Л.Стивенсон гайхалтай сайхан зохицно. Тэрээр ердөө 44 насласан ч гэсэн зуун дамжсан гайхамшигтай адал явдлуудыг бичиж үлдээсэн юм. Р.Л.Стивенсоны сонгодог зохиолуудаас дөрвийг нь нэгтгэсэн энэхүү ном таны хүүхдийг урт хугацааны амтат аялалд хөтлөх болно.
Марк Твен - Шилмэл зохиолууд
Хэрэв та өмнө нь Марк Твений зохиолуудаас хүүхэддээ авч өгөөгүй байвал энэ удаа заавал аваарай. Яагаад гэвэл үгийн урлаг гэдэг хичнээн агуу болохыг түүний бичсэн "Том Сойерийн адал явдал", "Хаклебери Финийн адал явдал” зохиолуудаас мэдэрч болно. Зарим эцэг эхчүүд эдгээр зохиолуудыг хүүхэддээ уншуулах гэж худалдаж авчихаад, нэг мэдэхэд өөрөө уншчихсан, хүүхэдтэйгээ номоо булаацалдаж байгаа харагддаг. Эдгээр зохиолуудыг ямар ч үед уншлаа гэсэн үргэлж хүүхэд насны гэнэн, мөрөөдөмтгий мөртлөө адал явдалд бэлхэн байдаг цэгээн сэтгэгдэл төрүүлдэг юм. Дашрамд дурдахад монголчуудын дотор Марк Твений "Ханхүү, ядуу хүү хоёр" зохиолыг "Жонон, гуйлгачин" хоёр гэж буруу орчуулсан нэршил одоо хүртэл түгээмэл байдаг. Тэгвэл ажилгүй гуйлгачин байх ядуу хүү болж төрөх хоёр огт өөр юм шүү.