Хайх

Хүннү Зүүд: Зураач Д.Баярцэцэг хоёр дах номоо гаргалаа

Хүннү Зүүд: Зураач Д.Баярцэцэг хоёр дах номоо гаргалаа

“Үнэртээд л согтмоор” үздэг яруу найраг

Text: Ж.Чинбат


“Хүннү Зүүд” түүвэр шүлгийн номондоо зураач Д.Баярцэцэг 1993-2015 онд бичсэн 114 шүлэг, найраглалаа багтаажээ

Д.Баярцэцэг бол ганцхан зураач биш. Тэр ном бичдэг, үйл хөдлөлийн урлаг үзүүлж, МУИС-ийн Урлаг судлалын оюутнуудад багш хийсэн. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс гээд олон зохиолчдын номын хавтасны гүйцэтгэл дээр ажиллаж, хаяадаа техно хөгжмийн дижей хийж, бас ганцаардаж, ер нь л амьдралын агшин бүрт урлагтай амьдарсан нэгэн. Тэгэхдээ анхнаасаа, зөвхөн өөрийнхөө хэв маягаар урлаг хийсэн. Зарим хүмүүст таалагддаггүй л юм. Гэвч түүний гурван үзэсгэлэнг 2014 онд 976, Lilium арт галерей зохион байгуулсан гэхээр хэлбэрдэгч лав биш.

Харин өнөөдөр тэрбээр шинэхэн номоо дотны нөхөддөө, эрхэм уншигчиддаа хүргэхээр хотын хаа нэгтээ яарч яваа.

Та энэ номноос Камю, Хомер, Башё, Кафка нарт бичсэн шүлгүүдийг, Хаврын чимээ, Хүннү аялага, Чийгтэй хөрсний анхилуун үнэрийн тухай унших боломжтой.

Дүрслэх урлагийн хүн яруу найраг бичихээр энгийн уншигдаж дадсан номноос өөр байх юм. Ном модерн, абстракт хэлбэрийн өгүүлэмж, хэв маягтай бичигдсэн байхаас гадна маш олон цэг, таслалаас татгалзсан бичилттэй болжээ.

Түүний хэлснээр өгүүлэмж нь одоо бидний оршиж буй цаг хугацаанаас ангид өөр нэгэн ертөнцөд, /магадгүй бурханы зүүдэн дотор/ өрнөж буй юм байна. Моддын амь амьдрал, навчнуудын сэтгэл хөдлөл, үйлийн үр, бас өнөөх л гунигийн тухай дүрслэл тээсэн үгс нь яг л түүний зурдаг зураасан зургийн ажлууд шиг нь санагдлаа. 

"Хүннү зүүд" номонд зохиогч бас нэг жижигхэн сюрпрюз нэмжээ. Тэр нь өөрийн эх зургуудаар чимэглэсэн хавчуургатайгаар номоо гаргасан. Түүнээс гадна Д.Баярцэцэг өөрийн бүтээлүүдээрээ ил захидлууд гаргадаг бөгөөд энэ дотор Л.Өлзийтөгсийн "Хотын үлгэрүүд" ном, Г.Аюурзанын "Бясалгал" шүлгийн түүврийн хавтасны зургууд ч бий.

цааш үзэх