Хайх

Шилдэг номнуудын жагсаалт

Шилдэг номнуудын жагсаалт

New York Times bestsellers

Text: Г.Тэмүүлэн


Дэлхийн уншигчид яг одоо ямар номыг хамгийн ихээр уншиж буйг илтгэх шилдэг номын жагсаалтаас танд хүргэж байна. Энэ удаад улс төр, эрүүл мэнд, дурсамж, хоолны жор болон жин барих гээд маш олон төрлийн номуудаас борлуулалтаараа тэргүүлсэн нэг, нэг номыг онцлон танилцууллаа

Шилдэг номнуудын жагсаалт (фото 1)

 

Улс төр 

Dark Money Жейн Майер

Америкийн сэтгүүлч Жейн Майерын бичсэн уг номонд Кохын ахан дүүс болон бусад баян гэр бүлүүд мөнгөний тусламжтайгаар Америкийн улс төрийг хэрхэн өөрсдийн ашиг сонирхолд эргүүлж байгааг өгүүлнэ. Жейн Майер нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнасан сэтгүүлч бөгөөд улс төрийн хуйвалдааны талаар түлхүү бичдэг юм.

 

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 2)

 

Инээдмийн, хошин

Go The F**k To SleepАдам Мансбах

Энэхүү номыг Америкийн зохиолч Адам Мансбах бичсэн бөгөөд "Ядарсан эцэг эх нарт зориулсан хүүхдийн ном" гэж тэрээр тайлбарласан юм. Энэхүү номыг бичих санаа түүнд анх их хөгжилтэй байдлаар орж иржээ. Адамын хоёр настай охин унтахгүй хоёр цаг гаруй болоход ихэд ядарсан тэрээр "Унтаад өгөөч ээ" гэж бодохдоо яг ийм ном гаргахаар шийдсэн гэдэг.

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 3)

 

Эрүүл мэнд

When Breath Becomes AirПол Каланити

Пол Каланитигийн бичсэн энэхүү ном нь 36 насандаа IV шатны уушигны хорт хавдартай гэж оношлогдсон эмчийн дурсамж юм. Пол Каланити нь арав гаруй жилийн туршлагатай мэдрэлийн мэс засалч байжээ. Тэр олон ч өдөр үхэж магадгүй хүмүүсийг эмчилсэн боловч нэг өдөр өөрөө үхэлтэй тэмцэж буй өвчтөн болон хувирсан ажээ.

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 4)

 

Хоол, жин барих зөвлөгөө

Cravings Крисси Тейген

Загвар өмсөгч, телевизийн од Крисси Тейген хоолны ном гаргасан гэхээр та гайхаж байна уу? Мэдээж энэ нь хоолны дэглэмийн ном огт биш. Түүний бас нэг сонирхол бол амттай хоол юм. Уг номонд олон янзын амттай хоолны жорноос гадна хэрэгтэй зөвлөгөө нэлээдгүй багтжээ. Жишээлбэл, түүний нөхөр дуучин Жон Лежендийн алдарт шарсан тахианы жор хүртэл орсон байна.

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 5)

 

Загвар

Pretty Happy Кейт Хадсон

Жүжигчин Кейт Хадсоноос "Та ямар дасгал хийдэг вэ?, Хэрхэн хооллодог вэ?, Яаж биеийн галбираа хадгалж үлддэг вэ" зэрэг асуултуудыг сэтгүүлчид байнга асуудаг аж. Харин энэ бүхний хариултуудыг тэрээр энэхүү номондоо тусгаж өгчээ. Мөн өөрийгөө хүлээн авч хэрхэн аз жаргалтай амьдрах талаар хэрэгтэй зүйлүүдийг багтаасан гэнэ.

Шилдэг номнуудын жагсаалт (фото 6)

 

Амьтад

H Is for HawkХелен Макдональд

Их Британийн зохиолч Хелен Макдональдын бичсэн "H Is for Hawk" ном нь Samuel Johnson Prize шагналыг хүртсэн дурсамж ном юм. Номонд зохиолч бүсгүй Хелен аавыгаа алдаж, сэтгэлийн хямралд орж буй тухай гарна. Фото сэтгүүлч байсан аавыгаа тэр эргээд босгож чадахгүй ч өөрийгөө хямралаас гаргаж чадна гэдгээ ухаарч, тэр харцага сургахаар шийддэг байна.

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 7)

 

Боловсрол

I Am MalalaМалала Юсуфзай

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг Малала охины намтар ном гарсан цагаасаа эхлэн сая, сая уншигчдыг байлдан дагуулж байгаа юм. Малала Юсуфзай нь 11 настай байхдаа BBC-д блог бичиж олонд танигдсан юм. Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала охин Талибанчуудад буудуулж, хүнд гэмтэл авч байсан бөгөөд энэ тухайгаа мөн номондоо дурссан байдаг. 

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 8)

 

Олны танил хүмүүс

Yes PleaseЭми Полер

Америкийн инээдмийн жүжигчин, продюсер, найруулагч, зохиолч Эми Полерын бичсэн уг дурсамж номонд эцэг эхийн үүрэг, гаднах төрх болон биеийн хэлбэрээс үүдсэн хязгаарлалтууд зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөндсөн байна. Эми Полерын хэлснээр бол тэр өмнө нь дандаа ямар нэгэн дүрийн өмнөөс бичдэг байсан бол өөрийнхөө тухай бичих нь илүү амаргүй байсан гэнэ.

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 9)

 

Бизнес

The Big ShortМайкл Льюис

Америкийн зохиолч, сэтгүүлч Майкл Льюисийн бичсэн энэхүү номонд 2000-аад оны Америкийн ипотекийн хямралыг урьдчилан таамагласан хүмүүс хэрхэн баяжсан талаар өгүүлнэ. Анх 2010 онд тус ном хэвлэгдэж, улмаар 2015 онд Холливүүдын кино болон дэлгэцэнд гарчээ. Харин киноны найруулагчаар Адам Маккэй ажиллаж, гол дүрийг Кристиан Бэйл бүтээсэн юм.

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 10)

 

Уран зохиолын бус электрон номын төрөлд тэргүүлсэн зохиол

The Rainbow Comes And GoesАндерсон Купер, Глория Вандербильт

Америкийн сэтгүүлч, зохиолч, CNN телевизийн хөтлөгч Андерсон Купер болон түүний ээж жүжигчин, зураач, зохиолч Глория Вандербильт нарын харилцааны тухай өгүүлсэн ном. Глория Вандербильт 92 насандаа хүнд өвчин туссанаар ээж хүү хоёрын харилцаа хэрхэн гүнзгийрч байгаа талаар гарна.

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 11)

 

Цахим болон хэвлэгдмэл хувилбар нь хоёул өндөр борлогдсон ном

The Sleep Revolution - Арианна Хаффингтон

The Huffington Post дижитал сэтгүүлийн үүсгэн байгуулагч, зохиолч, сэтгүүлч Арианна Хаффингтоны бичсэн уг номноос та нойрны ач холбогдлын тухай бүхий л зүйлийг олж мэдэх болно. Түүний бичиж буйгаар бол бид нойргүйдлийн эрин үед амьдарч байгаа бөгөөд энэхүү номоос хэрхэн түүнээс ангижирч, амьдралаа өөрчлөх тухай унших боломжтой.

 

Шилдэг номнуудын жагсаалт (фото 12)

 

 

Гэр бүл

What To Expect When You're ExpectingХайди Муркофф

Дэлхийн шилдэг борлуулалттай, эцэг эхчүүдэд зориулсан What to Expect цуврал номны зохиолч Хайди Муркоффын бичсэн энэхүү номонд жирэмсэн байх үед хэрэг болох бүхий л мэдээллүүд агуулагдаж байгаа. Энэхүү жирэмслэлтийн хөтөч ном нь анх 1984 онд хэвлэгдсэн бөгөөд гарсан цагаасаа New York Times-ын хамгийн борлуулалттай номны жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм. Түүнчлэн уг номон дээр тулгуурлаж Холливүүдын ижил нэртэй кино хүртэл хийгдэж байсан билээ.

 

цааш үзэх