The Hunger Games зохиолын шинэ ном тун удахгүй гарна
Бидний дунд Өлсгөлөн Тулаан нэрээрээ алдартай The Hunger Games зохиолын гол дүр болох Кэтнисс Эвердинд тохиолдсон явдлаас 64 жилийн өмнөх адал явдлыг өгүүлэх The Ballad of Songbirds and Snakes ном 2020 онд хэвлэгдэж, 2023 онд дэлгэцийн бүтээл болж үзэгчдэд хүрсэн билээ.
Тэгвэл номын зохиолч Сюзанна Коллинз дахин шинэ ном туурвиж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Sunrise on the Reaping нэртэй уг ном The Ballad of Songbirds and Snakes ботид гарсан үйл явдлаас 40 жилийн дараах түүхийг хүүрнэх аж. Ном 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр уншигчдын хүртээл болох бол тус номоос сэдэвлэсэн кино нь 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нээлтээ хийхээр аль хэдийн төлөвлөгдсөн байгаа гэнэ. Киноны зураг авалт 2025 оны намар Лондон хотод эхлэх ба одоогоор ямар жүжигчид дүр бүтээх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн шинэ зохиолын үйл явдал 50 дахь удаагийн Өлсгөлөн Тулаан эхэлж буйгаар дүрслэгдэх аж. Өөрөөр хэлбэл Кэтнисс Эвердин, Пита Мелларк нарын дасгалжуулагч,12-р дүүргээс тодорсон хоёр дахь ялагч Хеймитч Абернатигийн дүр дээр суурилах магадлал өндөр байгаа юм.