“A Star Is Born” киноны талаарх сонирхолтой баримтууд
Энэ онд гарсан шилдэг бүтээлүүдийн нэг
Венецийн кино наадмын үеэр үзэгчдийг гайхшруулж, шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ аваад байгаа "А Star Is Born" кино тун удахгүй зохиогдох Оскарын наадмын хүчтэй өрсөлдөгчдийн нэг болно гэдэгт кинo ертөнцийн мэргэжилтнүүд итгэлтэй байна. Нэр алдарт хүрсэн хэдий ч өөрийн гэсэн асуудлуудтай кантри дуучин хэний ч мэдэхгүй нэгэн авьяаслаг залуу уран бүтээлч бүсгүйтэй учирч байгаа тухай өгүүлдэг энэхүү кинонд хайр дурлал, хүсэл мөрөөдөл, амжилтад хүрэх ээдрээтэй зам гээд сэтгэл хөдөлгөм, гүн гүнзгий сэдвүүд хөндөгдөнө. Ингээд Брэдли Купер ба Леди Гага нар гол дүрийг нь бүтээсэн энэхүү бүтээлийн тухай хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
Брэдли Куперын найруулсан анхны кино ба Леди Гагагийн бүтээсэн анхны том дүр
"A Star Is Born" кино нь жүжигчин Брэдли Куперын найруулсан анхны бүтээл бөгөөд тэрээр мөн продюсерын үүргийг давхар гүйцэтгэж, кино зохиолыг хамтран бичилцсэн байгаа. Харин дуучин Леди Гагагийн хувьд энэхүү кино нь анхны "том дэлгэцийн" гол дүр болсон юм. Өмнө нь Леди Гага "Machette Kills", "Sin City: A Dame to Kill For" ба "American Horror Story" цувралд туслах дүрүүдийг бүтээж байсан туршлагатай.
Киноны гол дүрд Леонардо Ди Каприо, Бейонсе, Уилл Смит, Жек Уайт нар тоглох байсан
2011 онд "A Star Is Born" киног домогт Клинт Иствуд найруулж, гол дүрд нь Бейонсе тоглох талаар яригдаж байсан ч дуучин бүсгүйн жирэмслэлтээс үүдэн төсөл хойшлогдож байжээ. Мөн эрэгтэй гол дүрд Уилл Смит, Леонардо ДиКаприо, Том Круз, Жонни Депп, Кристиан Бэйл нарыг тоглуулахаар хэлэлцэж байсан ч эцсийн дүнд тэдний хэн нь ч сонгогдоогүй юм. Сонирхуулахад анх Брэдли Купер Жексон Мейний дүрд өөрөө тоглох бодолгүй байсан гэдгээ Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. "Би жинхэнэ дуучин, хөгжимчин хүнийг тоглуулах бодолтой байсан ч кино студи түүнтэй хамтарч ажиллахыг хүсээгүй" хэмээн ярьжээ. Зарим эх сурвалжууд тэрхүү уран бүтээлч нь The White Stripes хамтлагийн дуучин Жек Уайт байсан хэмээн мэдэгдсэн юм.
"A Star Is Born" кино нийт дөрвөн удаа бүтээгдсэн
Энэхүү кино нь хамгийн анх 1937 онд Уильям А.Веллманы найруулсан ижил нэртэй киноноос сэдэвлэгдэн бүтээгдсэн юм. Үүнээс хойш 1957 онд романтик мюзикл, 1976 рок мюзикл болон гарч байсан түүхтэй. Өмнөх хувилбаруудад Жуди Гарленд, Барбра Стрейзанд зэрэг Холливүүдийн супер одууд тоглож байжээ.
Брэдли Купер дүрдээ орохын тулд зургаан сар хөгжмийн хичээл авсан
Жүжигчин Брэдли Купер Жексон Мейний дүрд тоглохын тулд зургаан сарын турш гитар, төгөлдөр хуурын хичээлд суусан гэдгээ W Magazine-д хуваалцжээ. Тэрээр хүүхэд байхдаа басс гитар тоглодог байсан ч дүрдээ илүү чадварлагаар хувирахын тулд дахин шинээр заалгасан байна.
Киноны зураг авалтыг Coachella, Glastonbury зэрэг хөгжмийн наадмуудын тайзнаа хийсэн
2017 онд дуучин Леди Гага Coachella наадмын онцлох уран бүтээлчдийн нэг байгаад зогсохгүй давхар "A Star Is Born" киноны зураг авалтыг хийж байжээ. Леди Гага ба Брэдли Купер нарыг тайзан дээр харахыг хүссэн фестивалийн зочид нэмэлт $10 төлсөн байна. Үүнээс гадна тэднээс мэдээж хэрэг кантри стилиэр хувцасласан байхыг хүсчээ. Сонирхолтой нь 1976 оны "A Star Is Born" кинонд Жексон Мейний дүрийг бүтээсэн дуучин Крис Кристофферсон өнгөрсөн жил Glastonbury наадамд тоглож байсан бөгөөд тэрбээр өөрийн тайзан дээр тоглох хугацаанаас 10 минутыг Брэдли Купер ба Леди Гага нарт "хандивласан" байна.
Брэдли Купер өөрийн эмч, нохой бас найзуудыг кинондоо тоглуулсан
Лос Анжелес хотын House Ear Clinic гэх (чих судлал) байгууллагын ерөнхийлөгч доктор Уильям Слэттери бүрэн хэмжээний кинонд тоглоно гэж төсөөлж ч байгаагүй биз ээ. Тэрбээр бодит амьдрал дээр Брэдли Куперын чихний эмч бөгөөд киноны хэсэгт мөн л чихний эмчийн дүрд тоглодог. Түүнээс гадна уг кинонд гардаг Чарли нэртэй хөвсгөр нохойн жинхэнэ эзэн нь Брэдли Купер өөрөө юм. Мөн найруулагчийн сайн найз инээдмийн жүжигчин Дэйв Шапелл, их сургуулийн ангийн анд Гейб Фазио болон өмнө нь "Silver Linings Playbook", "Alias" зэрэг бүтээлүүдэд хамтран тоглосон жүжигчид жижиг дүрүүдийг бүтээжээ.
Леди Гага бодит амьдрал дээр Эллитэй ижил асуудалтай тулгарч байсан
"A Star Is Born" кинонд шоу бизнесийн салбарын эмэгтэйчүүдэд тулгардаг дарамт шахалтын тухай маш дэлгэрэнгүй харуулдаг. Жишээ нь Леди Гагагийн анхны сингл цацагдсаны дараа продюсерууд түүнээс хамартаа гоо сайхны мэс засал хийлгэхийг шаардаж байжээ. Киноны гол баатар Эллид ч мөн ижил асуудал тулгардаг. Тэрээр түүний хамрын хэлбэр ба гаднах үзэмж нь амжилтад хүрэхгүй байгаа гол шалтгаан нь хэмээн эндүүрдэг. Гэхдээ эцэст нь Жексон түүний бодлыг өөрчилж чаддаг байгаа.