Анжелина Жолигийн тоглосон “Maria” намтарчилсан киног үзэх 5 шалтгаан
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-нд олон улсын дэлгэцнээ найруулагч Пабло Ларраины бүтээсэн, түүхэн дэх хамгийн шилдэг дуурийн дуучдын нэг болох Мария Калласын амьдралын сүүлийн мөчүүдийг харуулах “Maria” кино нээлтээ хийх гэж байна. Киноны гол дүрд Анжелина Жоли тоглосон бөгөөд үйл явдал 1970-аад оны Парис хотод өрнөнө. Ингээд домогт дуучны гялалзсан хийгээд эмгэнэлт түүхийг өгүүлэх тус киног үзэх таван шалтгааныг танилцуулж байна.
Агуу нэр алдар болон аймшигт хувь тавилангийн хослол
Америк гаралтай, грекийн дуурийн дуучин, сопрано хоолойт Мария Калласын тухай киноны үйл явдлыг Пабло Ларраин түүний нас барсан өдөр буюу 1977 оны есдүгээр сарын 16-ны өдрөөр хүүрнэн эхлүүлжээ. Сүнс шиг туранхай, цагаан өнгийн унтлагын цамц өмссөн тэрээр Парисын тансаг байрандаа нуран унав. Энэ үйл явдлын дараагаар үзэгчдийг түүний нас барахаас өмнөх долоо хоногт аваачна. Тухайн долоо хоногт аль хэдийнээ цөхөрсөн ч үүнийгээ гаднаа ил гаргахыг хүсдэггүй, гундсан эмэгтэйг олж харахаас гадна түүний амьдралын сүүлчийн мөчид нөлөөлөхүйц олон үйл явдлуудыг илүү дэлгэрэнгүй олж мэдэх боломжтой. “Maria” бол салбартаа манлайлж, бусдыг байлдан дагуулж байсан суутны үхэл, мөн хэрэгтэй үедээ өөрөөсөө болон эргэн тойрны хүмүүсээс дэмжлэг олж чадаагүй эмэгтэйн түүх юм.
Пабло Ларраин бол эмэгтэйчүүдийн түүхийг чадварлагаар өгүүлдэг туршлагатай хүүрнэгч
Чилийн найруулагч Пабло Ларраин эмэгтэйчүүдийн хүнд түүхүүдийг гайхалтайгаар өгүүлдэг гэдгээрээ үзэгчдийн таашаалыг аль хэдийн хүртсэн нэгэн. Тэрээр 2016 онд Жаклин Кеннедигийн тухай “Jackie” нэртэй киног хийсэн ба киноны гол дүрд Натали Портман тоглосон. Хожим 2021 онд Диана гүнжийн амьдралын сүүлийн саруудын тухай “Spencer” киног бүтээсэн бөгөөд гол дүрийг Кристен Стюарт бүтээжээ. Харин эмэгтэйчүүдийн тухай гурав дахь кино нь “Maria” юм. Найруулагч өөрийн бүтээлүүддээ гол дүрийг нэн тэргүүнд тавихын сацуу эмэгтэйн давуу болон сул талыг харуулж, түүний хамгийн эмзэг, хүнд үеийг хөнддөг. Ингэснээр дүрийг нэгэн зэрэг хүнлэг бөгөөд халдашгүй болгож харуулдгаараа алдартай.
Домогт дуурийн дуучны гэрт
Мария Калласын амьдарч байсан байшингийн сүр жавхлан нь түүний амбицаас дутахааргүй агуу. Гялалзаж буй гэрлийн бүрхүүл, өндөр тааз, модон хана, уран зураг, мөн хамгийн тансаг ор. Эдгээрийг төсөөлөхөд л тэрээр бусдаас өөр гэдгийг харж болно. Дээр дурдсанчлан энэхүү бүтээл нь XX-р зууны алдартай эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх Ларраины гурав дахь кино юм. Энэ гурвал бүтээлд гол дүрүүдийн гэр нь бүгд “алтан тор”-ыг илэрхийлсэн. Жеки Кеннедигийн хувьд энэ нь Цагаан ордон байсан бол Диана гүнжийн тухай “Spencer” киноны үйл явдал хотоос зайдуу орших хатан хаан Элизабетийн харшид өрнөдөг. Дээрх хоёр эмэгтэй өөрийн амьдрах байшингаа сонгоход нөлөө үзүүлж чадаагүй бол Мария Каллас өөрөө эхнээс нь дуустал байрны төсөл дээрээ ажилласан. Гэвч байр руу ороход тэрээр өөрөө өөртөө “шорон” бий болгосон мэт мэдрэмж төрүүлдэг. Түүний байр яг л өөрийнх нь тусгал мэт ярвигтай. Тиймээс ойлгомжгүй, хүнд дүрийг танин мэдэхийн тулд деталиудыг нарийвчлан харах нь уг киног үзэх дараагийн нэг том шалтгаан юм.
Анжелина Жоли дахин дэлгэцнээ эргэн ирлээ
Анжелина Жоли “Eternals” кинонд тоглосноос хойш аль хэдийн гурван жил өнгөрчээ. Тэрээр алдартай эцэг эхийн эрх танхил охин, Холливудын секс бэлгэ тэмдэг төрхөөсөө бүрэн холдож өөрийгөө дээд зэрэглэлийн жүжигчдийн жагсаалтад бататгасны дараагаар найруулагч, хүмүүнлэгийн элч, эх хүн гэх зэрэг үүргүүдэд өөрийгөө бүрэн зориулжээ. Харин энэ удаад тэрээр шинэ дүр төрхтэйгөөр, алдарт дуурийн дуучны дүрээр дэлгэцнээ эргэн ирж байна. Энэ бол түүний түүхэн дэх хамгийн амбицтай дүр юм. Дуурийн дуучны ур чадварт тэрээр маш олон сар суралцсан бөгөөд түүний зарцуулсан хүч хөдөлмөр нь талаар өнгөрөөгүй билээ. Тэрээр шархалсан зүрхтэй агуу “дива”-гийн дүрийг гайхалтайгаар харуулж чадсан юм.
Урвалт ба хувь хүний драм
Мария Калласын насны хайр нь Грекийн бизнес эрхлэгч, усан онгоцны магнат Аристотель Онассис байв. Өөрийгөө царай муутай гэж ярьдаг, эд баялаг болон эрх мэдлийг таашаадаг, эмэгтэйчүүдийг татах увдистай, сэтгэл булаам эрийн дүрийг Халик Бильгинер бүтээжээ. Мария Онассисийн нөлөөнд автсан хэдий ч өөрийгөө түүний хяналтад бүрэн оруулахыг хүсээгүй юм. Ийм учраас тэд огт гэрлэж байгаагүй гэдэг (Онассис Жаклин Кеннедитэй гэрлэхийн тулд Калласыг орхиж явсан түүхтэй). Энэхүү хайр дурлалын дурсамж нь бүхий л амьдралынх нь турш Калласыг мөшгөж байсан ба өнөөдөр түүний хувь заяаг өгүүлэхэд тун чухал нөлөөтэй аж.