Хайх

\"Hollywood\", \"Rick and Morty\" болон тавдугаар сарын эхээр нээлтээ хийх шинэ бүтээлүүд

"Hollywood", "Rick and Morty" болон тавдугаар сарын эхээр нээлтээ хийх шинэ бүтээлүүд

Дижитал нээлт

Text: Buro.Mongolia


Зураг:

"Hollywood"

Цувралын шоураннерууд болох Райан Мерфи болон Брэд Фалчук нар өнөөдөр Америкийн телевизийн салбарын гол постмодернистуудад тооцогдож байна. Тэд хоцрогдсон мюзиклийн жанрыг "Glee" цувралаар дахин сэргээж, аймшгийн киноны сонгодог утга агуулгыг "American Horror Story"-д шинэчилсэн юм. Харин "American Crime Story" цувралд шүүхийн талаарх хэвшмэл ойлголтуудыг эвддэг бол "Feud" бүтээлд хоёр домогт жүжигчний дайсагналаар дамжуулан Холливүүдийн үнэн төрхийг илчилдэг. Тэгвэл энэ удаад Мерфи, Фалчук нар феминистүүд, ижил хүйстнүүдийн дуу хоолойг сонсдог байсан бол Холливүүд ямар байж болох талаар харуулахыг хичээжээ. Одоогийн байдлаар тэдний ээлжит бүтээл ямар болсныг хэлж мэдэхгүй ч "Hollywood" цуврал тунхаглал болох нь тодорхой.

Хэзээ: Netflix, тавдугаар сарын 1

"Betty"

"Skate Kitchen" гэх инди кино ба "Sundance" кино наадмын Гран при шагналт "The Wolfpack" баримтат киног хийсэн Кристал Мозеллын бүтээсэн өсвөр насныхны тухай инээдмийн цуврал. "Betty" бол түүний цуврал киноны жанрт хийсэн анхны бүтээл юм. Цувралын үйл явдал 1990-ээд онд өрнөх бөгөөд скейтинг болон өсвөр насныхны талаар өгүүлнэ. Тестостерон, шалбархай өвдөг давамгайлсан скейтбордингийн ертөнцөд өөрсдийн гэсэн байр суурийг олох гэж хичээж буй өнгөт арьст өсвөр насны охид гол баатрууд нь байх болно. Хараад байхад биднийг өсөж том болох тухай бодит байдлыг харуулсан бүтээл хүлээж байгаа бололтой.

Хэзээ: HBO, тавдугаар сарын 1

"Trying"

Олон хүнд танил хүнд сэдвийг хөндсөн инээдмийн цуврал. Никки, Жейсон нар хүүхэдтэй болж чаддаггүй тул хүүхэд үрчилж авахаар шийддэг. Харин тэд одоо "Ийм их хариуцлага үүрэхэд бэлэн үү?, Сайн аав ээж байж чадах болов уу?" гэх зэрэг олон асуултуудтай тулгарна. Цувралд хүмүүсийн тэр бүр яриад байдаггүй сэдвийг нээлттэй дэлгэж, хөгжилтэй арга барилаар харуулах болно.

Хэзээ: Apple TV+, тавдугаар сарын 1

"Upload"

Баримтат кино бүтээдгээрээ алдартай Жеффри Блитцийн шинэ цувралд хүмүүс өөрийн үхлээ сонгож болдог ойрын ирээдүйн тухай өгүүлнэ. Үхлийн ирмэгт байгаа хүмүүс виртуал бодит байдалд шилжих боломжтой болно. Үйл явдалд нэгэн залуу осолд орсноор үхлийн ирмэгт ирдэг бөгөөд VR компанид ажилладаг найз бүсгүй нь түүнийг өөрийн бүтээсэн виртуал ертөнц рүү шилжүүлэхээр шийддэг. Цувралын үйл явдал "Black Mirror" цувралын уур амьсгалыг санагдуулах боловч "The Office" цувралыг бүтээсэн Грег Дэниелс зохиол дээр ажилласан тул тийм ч хар бараан санагдахгүй. Уг цувралыг нөгөө ертөнцийн тухай өгүүлэх дижитал адал явдал гэж тодорхойлж болох юм.

"Billions", тавдугаар улирал

Цувралын эхний улирлуудад Бобби Аксельроад болон Чак Роадс гэх тэрбумтан бизнесменүүд мөнгө, эрх мэдлийн төлөө өрсөлдөж байсан бол дөрөвдүгээр улиралд аль аль нь өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд хүчээ нэгтгэх хэрэг гардаг. Харин шинэ улиралд зарчимгүй баячууд дахин тулалдахыг шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байгаа билээ.

Хэзээ: Showtime, тавдугаар сарын 3

"Rick and Morty", дөрөвдүгээр улирал, хоёрдугаар хагас

"Rick and Morty" цуврал долоон жилийн турш гарахдаа нийт ердөө 36 анги л цацсан байдаг. Өөрөөр хэлбэл анимэйшн бүтээлийн хувьд хэтэрхий цөөхөн юм. Гэсэн хэдий ч энэхүү цуврал нь маш олон шүтэн бишрэгчтэй болж, рейтингээрээ "South Park"-ийг гүйцэж түрүүлсэн байдаг. Нийт дөрвөн улирал гарахдаа цуврал огтхон ч чанараа алдаагүй бөгөөд харин хачирхалтай (бас маш тохиромжтой) драматизмыг олж авсан юм.

Хэзээ: Adult Swim, тавдугаар сарын 4

"The Eddy"

Өнгөт арьст жазз төгөлдөр хуурч Нью-Йорк хотыг орхин Парист жазз клуб нээнэ. Түүний клубд үйлчлүүлэгч бараг орж ирэхгүйгээс гадна үргэлж ямар нэгэн асуудал тулгарна. Цувралд тогтмол хөгжим сонсогдож, үйл явдал бараг өрнөхгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх боловч ер бусын уур амьсгалаараа таныг соронз мэт татах болно. Сонирхуулахад "La La Land", "Whiplash" зэрэг киног бүтээсэн Дэмиен Шазелл цувралыг бүтээсэн байгаа. Мөн мэдээж түүний бусад бүтээлүүдийн адилаар киноны гол дүр хөгжим байх болно.

Хэзээ: Netflix, тавдугаар сарын 8

"I Know This Much Is True"

Уолли Лэмбийн 1990-ээд оны сүүлд танилцуулагдаж байсан алдарт романы дэлгэцийн хувилбар. Үйл явдалд ихрүүдийн нэг нь шизофрени өвчнөөр өвчлөх бөгөөд дайныг эсэргүүцэн нийтийн номын санд гараа тайрна. Харин нөгөө ихэр нь түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлгээс гаргаж авахыг хичээнэ. Ихрүүдийн дүрд жүжигчин Марк Руффало чадварлагаар тоглосон бол найруулагчаар Дерек Сиенфрэнс ажилласан байна. Цувралд хувь хүний зөрчил, зовлон болон Америкийн нийгмийн бюрократ механизмыг үзүүлдэг.

Хэзээ: HBO, тавдугаар сарын 11

цааш үзэх