Хайх

Кино найруулагчдын клип хийх \"хобби\"

Кино найруулагчдын клип хийх "хобби"

Text: Buro.Mongolia


Кино бүтээнэ гэдэг бол урлагийн олон төрөл дамнасан, салбар бүрийн авьяастнуудын хүч хөдөлмөр шингэдэг нүсэр том төсөл билээ. Холливүүдийн томоохон кино найруулагчид иймэрхүү том төслүүд дээр ажиллахаас гадна, чөлөө заваараа “хөгжилдөх”-ийн тулд дууны клип найруулсан тохиолдлууд олон байдаг ажээ. Зарим сонирхолтой жишээг танилцуулъя.


Дэвид Линч

Америкийн Кино Академийн хүндэт шагналт найруулагч Дэвид Линч олон төрлийн авьяастай. Тэрээр кино найруулахаас гадна, зураг зурах, хөгжим тоглох, зохиол бичих зэрэг олон салбарт уран бүтээлүүд туурвиад байгаа юм. Анх 1990 онд Крис Айсакын "Wicked Game" дууны романтик клипийг найруулсан аж. Нууцлаг, зүүд мэт кино найруулдаг тэрээр 2009 онд дуучин Moby-гийн “Shot in the Back of the Head” дууны анимейшнийг бүтээж мөн найруулж байжээ.


Дэвид Финчер

“Fight Club”, “The Social Network”, “Gone Girl” зэрэг кино, “House of Cards”, “Mindhunter” цувралаар нь бидний сайн мэдэх найруулагч Дэвид Финчер нь кино найруулж эхлэхээсээ өмнө брэндүүдийн зар сурталчилгаа, дуучдын клип найруулдаг байсан юм байна. Мадоннагийн “Express Yourself”, “Vogue”, Майкл Жексоны “Who Is It” зэрэг клипүүдийг бараг л 40 жилийн өмнө найруулж байжээ. Харин тэрээр 2013 онд энэхүү “хобби”-гоо сэргээж дуучин Жастин Тимберлэйк, рэппер Jay Z нарын “Suit & Tie” дууны клипийг найруулжээ.


Пол Томас Андерсон

Ер нь найруулагчид кино төсөлдөө хамтран ажилласан уран бүтээлчдийнхээ дуунуудын клипийг хийх тохиолдол олон бий. Найруулагч Пол Томас Андерсон нь Radiohead хамтлагтай, ялангуяа гитарчин Жонни Грийнвүүдтэй дотны найзууд бөгөөд тун чиг ойр ажилладаг. Тухайлбал, Томас Андерсоны “There Will Be Blood”, “The Master”, “Phantom Thread” киноны хөгжмийн зохиолыг Грийнвүүд бичсэн бол Radiohead-ийн “Daydreaming”, “Present Tense”, “The Numbers” дуунуудын клипийг Пол Томас Андерсон найруулж байсан байна.


Мишель Гондри

“Eternal Sunshine of the Spotless Mind” киногоороо Оскарын шагнал хүртэж байсан франц найруулагч тэрээр киноноос илүү клип, зар сурталчилгаа найруулах дуртай нэгэн ажээ. Тэрээр нийт 89 дууны клипийг найруулаад байгаа бөгөөд тэдгээрт нь The Chemical Brothers, Ye, Биөрк, Пол Макартни, Daft Punk, The Rolling Stones зэрэг алдартай уран бүтээлчид багтаж байна.


Софиа Коппола

“Lost in Translation”, “Marie Antoinette” киноны найруулагч Софиа Коппола кинондоо гитар их ашигласан инди, shoegaze, dream pop урсгалын дуунууд оруулдаг онцлогтой ба клип хийхдээ ч мөн өөрийн кинонд нь хамтран ажиллаж байсан Air, Phoenix, The White Stripes зэрэг хамтлагуудыг сонгосон байна.


Мартин Скорсезе

Нэгэн жарны турш кино урлагт хүчин зүтгэж буй Нью Йоркийн нэрт найруулагч Мартин Скорсезе Майкл Жексоны томоохон хитүүдийн нэг “Bad” дууны 18 минутын турш үргэлжлэх клипийг найруулж байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх